| |
Видео
Шинэ мэдээ
Швейцар авто замын түгжрэлийн улмаас жилд 1,9 тэрбум доллар алддаг
Швейцар 2015 онд авто замын түгжрэлд 1.9 тэрбум долларын зардал гаргасан нь 2010 оныхоос 7 хувиар өссөн үзүүлэлт юм гэж тус улсын Орон зайн хөгжлийн газрын тайланд дурджээ.
Энэ нь Швейцарын 2015 оны ДНБ-ий 0.3 хувьтай тэнцэж байгаа бөгөөд эрх баригчид энэхүү зардлыг бууруулах арга зам хайж байна.
Түгжрэлд удаан зогсож, цаг хугацаа алдсанаас үүдэлтэй зардал авто замын түгжрэлд гарч буй зардлын дийлэнх буюу 69 хувийг эзэлж байна гэж тайланд дурдав.
Орон зайн хөгжлийн газар нь авто замын дэд бүтцийг хөгжүүлэхийн зэрэгцээ оргил цагаар замын түгжрэлийг бууруулах арга хэмжээнүүдийг танилцуулаад байгаа ажээ. Эдгээрээс дурдвал ажил болон сургуулийн цагийг уян хатан болгох, гэрээсээ ажиллах, видео хурал хийх, замыг төлбөртэй болгох зэрэг арга хэмжээ багтаж байна.
Урт хугацаандаа замуудыг төлбөртэй болгох замаар авто замын түгжрэлийн асуудлыг зохицуулах зорилготой байгааг тайланд дурджээ. Үүний зэрэгцээ авто замын түгжрэлийг бууруулах үр дүнтэй аргуудын нэг нь хурдны зохицуулалт хийх юм гэж Швейцарын Зам тээвэр, байгаль орчны холбоо мэдэгдсэнийг "Swissinfo” цахим хуудас мэдээлжээ.
Хурдны зохицуулалтын арга хэмжээ авснаас хойш авто замын түгжрэл буурсныг Швейцарын Холбооны авто замын төв газар судалгаагаар тогтоожээ. Тус байгууллага хурдны замд туршилт хийж, хөдөлгөөнд оролцож буй автомашины дээд хурдыг 100 болон 80 км/цаг болгон багасгахад замын хөдөлгөөн илүү хурдан урсаж, цаг хугацаа алдах байдал нь багассан байна. Харин үүнийг Швейцарын Зам тээвэр, байгаль орчны холбоо тайлбарлахдаа, хурдны зохицуулалт хийх арга хэмжээ нь замын хөдөлгөөний нөхцөл байдлаас хамаарах бөгөөд хөдөлгөөн ихтэй газарт автомашины хурдыг хязгаарласнаар замын хүчин чадлыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарын аюулгүй байдлыг илүү хангах юм гэсэн байна.
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг