| |
Барилгын тусгай зөвшөөрөл олгох журмыг шинэчиллээ
БХБЯ-наас Барилгын тусгай зөвшөөрөл олгох журмыг шинэчилж гүйцэтгэх ААН, компаниудад тавих шаардлагыг чангатгах бодлого барьж байна.
Шинэчилж буй журмаар өмнө нь барилгын компаниуд 5 инженер, техникийн ажилтантай байж Тусгай зөвшөөрөл авдаг байсан бол шинэчилсэн журмаар 8-10 инженертэй байх шаардлага тавьж энэ талын заалтуудыг нэмж тусган өгчээ. Тусгай зөвшөөрлийн хүрээнд "Нэг цэгийн үйлчилгээ явуулах” зэрэг төрийн зүгээс гүйцэтгэж байсан зарим чиг үүрэг, үйл ажиллагааг ТББ-уудад шилжүүлэн өгч мөн хяналт шалгалтын ажлуудыг хариуцуулж байна. Тухайлбал, "Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-т ажиллаж буй Тусгай зөвшөөрөл олгох 10 хүний бүрэлдэхүүнтэй хяналт шалгалт зохион байгуулж буй үйл ажиллагаанд мэргэжлийн байгууллагуудыг оруулахаар тусгаж байна. Журамд Тусгай зөвшөөрлийг цуцлах, түдгэлзүүлэх үндэслэлүүдийг заалт бүрээр тусгаж өгчээ.
Тухайлбал, Тусгай зөвшөөрөл авсан компаниуд цааш туслан гүйцэтгэгч ААН-үүдэд зөвшөөрлөө ашиглуулах, улмаар осол аваарь гарах тохиолдолд хариуцлага хүлээхгүй үлддэг зэрэг сөрөг байдлыг нарийн хянаж таслан зогсоож, бодит үйл ажиллагаа явуулж буй барилгын гүйцэтгэгч компани, ААН-үүдиийг дэмжин зах зээлд үлдээх замаар чанаржуулж илүү мэргэшүүлэхэд шинэчилсэн журмын зорилго чиглэжээ.