|
Видео

Шинэ мэдээ

МАН-ынхаан, Эрдэнэтийн газрын захирлын албаны ханшийг сонирхъё

 

МАН-ынхаан, Эрдэнэтийн газрын захирлын албаны ханшийг сонирхъё"Тусгаар тогтнолын ордонд, МАН-ын генсекийн өрөөний үүдэнд боодол боодлоор нь мөнгө цүнхэлсэн хүмүүс дугаарлаж байна. Тэнд Эрдэнэтийн газар, хэлтсийн дарга нарын албан тушаалыг зарж байна гэнэ”

Яг ийм мэдээ өчигдөр хэвлэлийнхэнд ирэв. Сошиал ертөнцөөр ч асар хурдтай тархлаа. Тэгвэл энэ мэдээлэл үнэн байв уу. Хэдий дэгсдүүлсэн ч өчигдөр МАН-ын томчуудын хүрээнд Эрдэнэтийн асуудлаар томоохон шуугиан дэгдээсэн нь харин үнэн билээ.

Учир нь энэ сарын 6-аас 7-нд шилжих шөнө Эрдэнэт Үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүдийг Улаанбаатарт цуглуулж нэгэн нууц хурал хийсэн гэдгийг "Монголын Зэс Корпораци”-аас мэдэгдсэн. Энэ талаар тус корпорацийн ТУЗ-ийн гишүүн М.Мөнхбаатар дараах ноцтой мэдээллийг олон нийтэд хүргэсэн.

Тэрбээр "Энэ оны нэгдүгээр сард Засгийн газрын тогтоол гарч Эрдэнэт Үйлдвэрийн 49 хувийг төрд авах шийдвэр гарсан. Үүнтэй холбоотойгоор Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас Төлөөлөн удирдах зөвлөлийг /ТУЗ/ 100 хувь төрөөс бүрдүүлж томилсон байгаа. Энэ шийдвэрийг манай компаниас эсэргүүцээд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ нэхэмжлэлийн дагуу Төлөөлөн удирдах зөвлөл томилсон асуудлыг гуравдугаар сарын 7-ны өдөр түдгэлзүүлсэн. Түдгэлзүүлнэ гэдэг чинь ТУЗ хуралдах асуудлыг бүрэн зогсоосон гэсэн үг юм. Улмаар дөрөвдүгээр сарын 30-нд Засгийн газрын тогтоол шийдвэр бүх зүйлийг шүүхээс түдгэлзүүлсэн. Энэ ажиллагаа давж заалдах шатны шүүх дээр явж байгаа. Гэвч харамсалтай нь, өчигдөр /2018.06.06/ шөнө Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-ийг Төрийн ордонд шөнө хуралдуулсан байна. Өчигдрийн хууль бус хурлаараа бүтцийн өөрчлөлт хийх үндсэн зорилготой. 'Эрдэнэт' үйлдвэрт ажиллаж байсан дэд захирлуудыг нисдэг тэргээр шөнө авчирсан байна. Төрийн ордонд хаалттай хүрээнд ТУЗ-ийн хурлыг хийж байгаа юм байна. Өнөөдөр энэ хурал үргэлжилж байгаа бөгөөд нэр бүхий хүмүүсийг дэд захирал, хангамжийн захирлаар томилж байна. Энэ бүхэнтэй холбоотойгоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар гомдлоо өгч байгаа юм. Мөн Сүхбаатар дүүргийн цагдаагийн газар гомдлоо хүргүүлсэн байгаа. Мөн АТГ-т гомдлоо өгсөн. Энэ ТУЗ-д байгаа хүмүүс дандаа яам агентлагийн дарга нар байгаа юм. Ийм учраас өнөөдөр нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт дахин гомдлоо хүргүүллээ” гэсэн юм.

Тэгвэл дээр дурдсан цуурхал ч оргүй худал үг биш бололтой. Хэрвээ үнэхээр л Эрдэнэтийн дэд захирал, хангамжийг захирлыг томилж байгаа юм бол яагаад ил тодорхой ажиллаж болоогүй нь хачирхалтай.

Ер нь бол Эрдэнэт гэдэг газар эрх мэдэлтнүүдийн диваажин болсон гэхэд буруудахгүй. Энд Ерөнхий захирал биш юм аа гэхэд хангамж, үйл ажиллагаа гээд аль нэг хэлтэс албыг толгойлсон байхад л насаараа, хэдэн үеэрээ идээд барахгүй хөрөнгө зоорь хурааж чадна гэдгийг өнгөрсөн түүхүүд гэрчилнэ.

Тэгэхээр дэд захирал, хангамжийн захирлыг томилоход зүгээр нэг анкет, төрийн албан хаагчийн шалгалт давсэн нөхдөөс сонгоно гэж хэзээ ч байхгүй. Иймд уржигдар шөнө Төрийн ордонд томоохон наймаа явагдсан гэж хардаж болохоор байна.

Ер нь ийм наймаа заавал шөнө дөлөөр болдог зуршил тогтож байгаа бололтой. Тодруулбал, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 20-ны өдөр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас 'Монголросцветмент' компанийн ТУЗ-ийн хурлыг хууль бусаар хуралдуулж, хоёр дэд захирлыг шинээр томилсон. Мөн худалдаа хангамжийн дарга, санхүү хариуцсан дарга нарыг томилсон байдаг.

Эндээс харахад л, энэ мэт төрийн өмчийн байгууллагуудад шахаа, хууль бус бизнесийг цэцэглүүлэхэд хамгийн тохиромжтой байдаг гэх яриа үнэн гэдэг нь тодорхой болж байх шиг. Бүр "Эрдэнэтэд 00-ын цаас шахах нүх сүв олчихсон байхад насаараа тансаг амьдарна” гэдэг явган яриа ч бий.

МАН-ынхаан, Эрдэнэтийн хангамжийн хэлтсийн захирлын томилгоо хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, багш, эмч, ядарсан сувилагч нарын цалингаас чухал асуудал болж таарч байна уу.

Erennews.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler