| |
Х.Амгаланбаатар та, ажлаа хийнэ үү
Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны гишүүн байгууллагуудаас тус холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатарыг ажлаа хийхийг шаарджээ. Улмаар гишүүн байгууллагуудаас энэ сарын 16-ны өдөр Х.Амгаланбаатарт хаягласан албан шаардлага хүргүүлсэн байна.
Тэд шаардлага тавьж буй шалтгаанаа тайлбарлахдаа, өнгөрсөн хугацаанд Засгийн газартай байгуулдаг хөдөлмөр, нийгмийн зөвшлийг хангах гурван талт улсын хэлэлцээр хангалтгүй хэрэгжиж ирсэн гэдгийг онцолсон байв. Хамгийн гол нь, уг хэлэлцээр хэрэгжээгүйн улмаас төрийн албан хаагчид, хувийн хэвшил, албан бус салбарт ажиллагсдын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын хэмжээ огт нэмэгдээгүй байна гэж үзжээ.
Гишүүн байгууллагуудын төлөөллийн хэлж буйгаар, өмнө нь энэ тухай саналыг удаа дараа Х.Амгаланбаатарт илэрхийлж байсан аж. Гэвч Х.Амгаланбаатар тэдний саналыг огт хүлээж авдаггүйгээр үл барам элдвээр доромжилсон үйлдэл хэд хэдэн удаа гаргасан байна. Ийм учраас өнгөрсөн оны арвандүгээр сард болсон МҮЭХ-ны ерөнхийлөгчийн сонгуульд улиран сонгогдсон Х.Амгаланбаатарг ийнхүү албан шаардлагыг хүргүүлсэн аж.