| |
Видео
Шинэ мэдээ
Автомашины зорчих хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Улаанбаатар хот болон Архангай, Баянхонгор, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгийн нутагт их хэмжээний цас орж, зам даваа хаагдан халтиргаа гулгаа, мөсжилт үүсч замын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан иргэдийн аюулгүй байдлыг хангах, амь нас, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс хамгаалах зорилгоор Улаанбаатар-Дархан Уул, Дархан Уул- Орхон, Дархан Уул-Сэлэнгэ чиглэлийн автозам, замын байгууламжийг Улсын онцгой комиссын шийдвэрийг үндэслэн Зам тээврийн хөгжлийн сайдын тушаалаар 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 22:00 цагаас 10 дугаар сарын 09-ний өдрийн 09:00 цаг хүртэл түр хаасан.
Өнгөрсөн хоногт Онцгой байдлын ерөнхий газар, төв, орон нутгийн Онцгой байдлын анги байгууллагын албан хаагчид, орон нутгийн цагдаагийн болон зам арчлалтын компанийн албан хаагчид, сайн дурын иргэд хамтран цасанд боогдоод байсан зам, давааг нээх ажлыг шуурхай зохион байгуулан ажиллалаа.
Ингэснээр өнөө өглөөний буюу 2017 оны 10 дугаар сарын 09-ний 09:00 цагаас эхлэн баруун чиглэлийн аймгууд руу зорчих автомашины хөдөлгөөн саадгүй, хэвийн үргэлжилж байна.
Одоогийн байдлаар улсын хэмжээнд улсын болон орон нутгийн чанартай хаагдсан зам, даваа байхгүй байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.