| |
Нийслэлийн Засаг дарга байгаль орчныг хамгаалах шийдвэр гаргалаа
Нийслэлийн Засаг дарга үүрэг өгч нийслэлийн Байгаль орчны газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хамтран 2017 оны дөрөвдүгээр сарын 12-28-ны өдөр нийслэлийн нутаг дэвсгэр, туул голын ай сав газарт үйл ажиллагаагаа явуулж буй түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллагуудад шалгалт хийсэн билээ. Энэхүү шалгалтаар байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй, тусгай зөвшөөрөл бүхий ашиглалтын талбай нь Улаанбаатар хотын ундны усны хамгаалалтын бүстэй давхардсан 63 аж ахуйн нэгж илэрснээс гадна түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноос хойш 3 жилийн хугацаанд газрын хэвлийн ашиглаж эхлээгүй 33 аж ахуйн нэгж тогтоогдсон байна. Газрын хэвлий ашиглах зөвшөөрлөө авсан боловч үйл ажиллагаагаа эхлүүлэхгүй байгаа байдал нь лицензийн наймаа, болон бусад хууль бус үйл ажиллагааг үүсэн бий болох нөхцөлийг бүрдүүлдэг гэж мэргэжлийн байгууллагууд дүгнэдэг аж. Тиймээс нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд эдгээр ноцтой зөрчил гаргасан 96 аж ахуйн нэгжийн түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг нь мөн дуусгавар болголоо. Энэ талаар өнөөдөр нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, НЗДТГ-ын Хууль, эрхзүйн хэлтсийн дарга А.Даваажаргал, нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хамтран сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар 37.1.3-т тухайн аж ахуйн нэгж нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй бол нутгийн захиргааны байгууллага болон тухайн аймаг Нийслэлийн байгаль орчны асуудал эрхэлсэн газар цуцлах дүгнэлт гаргаж Засаг дарга тусгай зөвшөөрлийг цуцлахаар заасан байдаг.
Нийслэлийн хэмжээнд хуулийн дагуу идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж буй 20 хүрэхгүй аж ахуйн нэгж байна. Хайрга, дайрга, элс тоосгоны шаврын нийлүүлэлтэд ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 51, хайгуулын тусгай зөвшөөрөлтэй 78 нийт 129 тусгай зөвшөөрөлтэй компани ажиллаж Нийслэл хотын бүтээн байгуулалтын ажилд шаардагдах түүхий эдийг нийлүүлэх боломж байгаа юм байна. Төрийн болон Нийслэлийн иргэдийн өмнө хүлээсэн хариуцлагаа биелүүлээгүй аж ахуйн нэгж, байгууллагуудтай Хотын дарга цаашид хамтран ажиллах боломжгүйгээ илэрхийлж, "Улаанбаатарын хотын байгаль орчинд санаатай болон санамсаргүйгээр хохирол учруулсан, учруулахаар завдсан иргэн, аж ахуйн нэгжүүдтэй хатуу хариуцлага тооцон ажиллах болно” хэмээн мэдэгдлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.