| |
“Хилийн чанад дахь Монгол оюутан залуучуудын анхдугаар нэгдсэн чуулга уулзалт” зохион байгуулагдана
Хилийн чанадад суралцаж байгаа 40.000 монгол оюутан залуусын төлөөлөл 8-р сарын 21-23-ны хооронд Улаанбаатар хотод анх удаа чуулан "Хилийн чанадад оршин сууж байгаа монгол залуусын эх орондоо суурьших боломж, нөхцөл” сэдвийн хүрээнд хилийн чанадад суурьшиж буй иргэдийн нэгдсэн мэдээллийн санг үүсгэх асуудлаар хэлэлцэнэ.
Хилийн Чанад дахь Монголчуудын Зөвлөл ТББ, Хилийн Чанад дахь Монголчуудын Зөвлөл ТББ-ын Оюутан Залуучуудын Хороо нь ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж байна. Мөн Монгол Улсын Гадаад Харилцааны Яам; Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан Сполтын Яам; Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам нь албан ёсны дэмжигч байгууллагаар оролцож байгаа юм.
Чуулганы эхний өдрийн (2017.08.21) үйл ажиллагаа Монгол Улсын Гадаад Харилцааны Яамны хурлын их танхимд болох ба үүнд дэлхийн 28 улсад суралцаж буй монгол оюутан залуусын төлөөлөл болсон 33 ТББ-уудын тэргүүлэгч гишүүд оролцоно. Тухайлбал Америкийн Нэгдсэн Улс дахь "Монгол Оюутны Холбоо” (AMSA) МЗХ-ны Солонгос улс дахь салбар зөвлөл, БНХАУ дахь "Монгол Оюутны Нэгдсэн Холбоо”, Япон улс дахь "Халуун сэтгэл in Japan” зэрэг бүхий л оюутан залуучуудын холбоо ТББ-уудын төлөөлөл мөн төрийн байгууллагын шийдвэр гаргах түвшний төлөөлөгчид биечлэн оролцоно.
Харин хоёр дахь өдрийн (2017.08.22) үйл ажиллагаа Монгол Улсын Засгийн Газар, Хурлын Их Танхимд зохион байгуулагдах ба нийт уригдсан зочдоос гадна чуулганд оролцох 500 хүртэлх залуучуудыг онлайнаар нээлттэй бүртгэн оролцуулна.
Чуулганы сүүлийн өдрийн (2017.08.23) үйл ажиллагаа "Holiday INN” зочид буудлын хурлын их танхимд зохион байгуулагдана. Энэ өдөр хилийн чанадад суралцах хүсэлтэй залуучуудад мэдээлэл зөвлөгөө өгч санал солилцохоор монголын шилдэг аж ахуй нэгж байгууллагууд оролцсон хөдөлмөр зуучлалын үйл ажиллагаа болно.