| |
Дэлхийн банк: Монгол Улс ядуурал болон хөгжлийн гол гол үзүүлэлтүүдийг үнэн зөвөөр хянаж чадаж байгаа
Монгол Улс 2008 оны дэлхийн санхүүгийн хямралд өртөн, хүнд хахир өвөл дараалан тохиосны дараа улс орны эдийн засгийн шинэчлэл, өсөлт эргэн ирсэн. Монгол Улсын Засгийн газраас зургаан үндсэн чиглэл, өндөр зорилттой хөгжлийн хөтөлбөр бүхий Үндэсний хөгжлийн стратегийг боловсруулсан байдаг. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тоо мэдээлэл ихээр шаардлагатай болсны дээр хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг хэмжихийн тулд статистикийн тогтолцоог сайжруулах шаардлагатай байсныг Дэлхийн банкны мэдээлэлд онцолсон байна.
Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжиснээс хойш, үндэсний статистикийн тогтолцоонд төлөвлөгөөт эдийн засгийн хэрэгцээнд тохируулсан үйлчилгээнээс хөгжиж буй зах зээлийн эдийн засгийн хэрэгцээнд тохирсон үйлчилгээнд шилжих томоохон өөрчлөлт гарсан. ҮСХ-г шинэчлэн зохион байгуулж УИХ-ын дор бие даасан агентлаг болгосон байдаг.
Аргачлал
ҮСХ-той өмнө хамтран ажиллаж байсан туршлага болон хөгжиж буй бусад орны статистикийн чадавхийг хөгжүүлэх тал дээр туслалцаа үзүүлсэн Дэлхийн Банкны нилээдгүй их туршлагыг харгалзан үзэж Монгол Улсын Засгийн газраас үндэсний статистикийн тогтолцоог бэхжүүлэх, Үндэсний статистикийг хөгжүүлэх мастер төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх хүсэлтийг Дэлхийн Банкинд тавьсан. Энэхүү хүсэлтийн дагуу, баримтат суурилсан бодлого боловсруулалтад дэмжлэг үзүүлэх, найдвартай, цагаа олсон тоо мэдээллийг өгөх чадвар бүхий үндэсний статистикийн тогтолцоог бий болгох зорилготой Монгол Улсын үндэсний статистикийн тогтолцоог бэхжүүлэх МОНСТАТ төслийг боловсруулжээ. Энэхүү зорилгыг бодлого, зохицуулалт, байгууллагын цар хүрээг сайжруулж статистикийн бүртгэл стандартыг бэхжүүлэх замаар биелүүлэхээр тусгасан. Төслийн хүрээнд мөн шинээр суурилуулсан дэд бүтэц, олон улсын сайн туршлага дээр тулгуурлан асуулга болон өгөгдөл цуглуулах хөтөлбөр, аргачлалуудыг сайжруулахын зэрэгцээ ажилчдын мэдлэг, чадавхийг бэхжүүлэхийг зорьсон байна. Эцэст нь, төслийн хүрээнд хэрэгжүүлсэн олон төрлийн шинэчлэлийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх тоног төхөөрөмж, дэд бүтцээр хангав.
Төслийг Холбооны бүгд найрамдах Герман улсын статистикийн консорциум болон Солонгос улсын статистикийн газрын хамтарсан түншлэлтэйгээр хэрэгжүүлсэн нь салбарын мэргэжилтнүүд нэг нэгтэйгээ хялбар холбогдон, туршлага солилцох болон төсөл дууссанаас хойш ч эдгээр байгууллагууд урт хугацаанд тогтвортой хамтран ажиллах боломж бүрдсэн.
Үр дүн
Статистик өгөгдөл хэрэглэгчдийн сэтгэл ханамж төслийн эхэнд 47% байсан бол төслийн төгсгөлд буюу 2014 оны 10 сард хийсэн эцсийн хэрэглэгчийн сэтгэл ханамжийн асуулгаар 71% болж өссөн байна.
Статистикийн бүтээгдэхүүний хүртээмж нэмэгджээ. Төслийн хүрээнд статистикийн тоо мэдээлэл түгээх олон нийтийн www.1212.mn цахим хуудас, ухаалаг гар утас таблетанд зориулсан апликейшн (MONSTAT болон EzSTAT), брошур, халаасны ном, сар тутмын инфографик болон лавлах утас зэрэг статистик мэдээллийг түгээх төрөл бүрийн үйлчилгээг нэвтрүүлсэн нь бодлого боловсруулалт, хяналтад ашиглах тоо мэдээллийн цар хүрээ, хэрэглээг өсгөөд зогсохгүй статистикийн өгөгдөл мэлээллийн ач холбогдлын талаар ойлголтыг нэмэгдүүлэв.
Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандарт, ангиллуудыг танилцуулсан нь өгөгдлийн чанар болоод хамрах хүрээг нэмэгдүүлсэн. Төслөөс Европын Холбооны чанарын удирдлагын туршлагад суурилсан өгөгдлийн чанарын удирдлагыг нэвтрүүлсэн төдийгүй статистикийн зарим нэг салбарт өгөгдлийн чанарын тайланг боловсруулав. Өрхөд суурилсан асуулгын түүврийн загварчлалыг сайжруулснаар ядуурлын хэмжилт илүү сайжирсан бөгөөд бизнесийн бүртгэлийн тогтолцоог бий болгон баяжуулав. Төслийн хүрээнд хэрэгжүүлсэн эдгээр үйл ажиллагаа нь 14 судалгааны чанар баталгаажуулалтыг шинэ түвшинд гаргахад тусалсан байдаг. Олон Улсын Валютын Сангийн ажлын хэсэг ҮСХ-г Тусгай өгөгдөл түгээх стандарт гэх олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн статистикийн стандартын бараг бүх техник шаардлагыг хангасан байна хэмээн дүгнэсэн байна.
ҮСХ-ноос өгөгдөл цуглуулахад байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулсан бөгөөд үйлчлүүлэгчийн удирдлагыг тогтолцоог бий болгов. Мэдээлэл, сургалт, сурталчилгааны төвийг 2013 онд байгуулж салбарын яамд, бусад төрийн байгууллага болон өгөгдөл хэрэглэгчдийг сургалтанд хамруулжээ. Хоёр жилд нэг удаа хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгааг хийж байгаа бөгөөд ҮСХ-ны цахим хуудсанд бүх тайлан мэдээг тавьж байна.
Орон нутгийн салбаруудыг бэхжүүлэх үүрэг бүхий бодлогын хэрэгжилт зохицуулалтын газрыг ҮСХ-нд шинээр байгуулснаар хүний нөөцийн чадавхийг сайжруулсан. Төслийн хүрээнд нийт 4647 ажилтан дотооддоо, 406 ажилтан Европын Холбооны улсуудад сургалтанд хамрагдсан байна. ҮСХ нь өнөөдөр НҮБ-ын Статистикийн хорооны гишүүн, НҮБ-ын Ази номхон далайн бүсийн эдийн засаг нийгмийн хорооны шинжээчийн багийн гишүүн гэдгээр олон улсад танигдаад байна. Монголын ҮСХ нь байгалийн баялаг ихтэй эдийн засгуудын Улаанбаатар хотын бүлгийн дэд дарга юм. Өдгөө ҮСХ нь бусад орнуудтай өөрийн мэдлэг, сайн туршлагаа хуваалцах зорилгоор бусад орнуудын үндэсний статистикийн газрын төлөөллийг хүлээн авч эхлээд байна.
Бүрэн хэмжээний бизнесийн бүртгэлийн өгөгдлийн сан, удирдлагын тогтолцоо бүхий статистикийн дэд бүтцийг хөгжүүлсэн. Төслийн дэмжлэгтэйгээр ISIC 4.0 болон SNA 2008 зэрэг олон улсын 4 ангилал, 11 аргачлалыг хөгжүүлэн ашиглаж эхэлсэн. Стандарт мастер асуулгыг хөгжүүлж, түүвэр судалгаанд ашиглах болсон төдийгүй 14 түүвэр судалгааг (SNA, ХҮИ, NOE, ӨНЭЗС, ХАА-н тооллого, Байгууламжийн тооллого г.м.) олон улсын стандартад тулгуурлан хийж үр дүнг тараасан байна.
Yндэсний статистикийн тогтолцоог ажиллуулах өгөгдлийн удирдлага, түгээлтийн өндөр хамгаалалт бүхий мэдээллийн технологийн тогтолцоог суурилуулав. ҮСХ-ны болон бүсийн салбаруудын бүх ажилтнууд дүн шинжилгээ хийх, өгөгдлүүдийг харах байдлаар өгөгдлийн санд шууд нэвтрэх боломжтой болсон. Мөн өгөгдөл цуглуулахад таблетийг ашигласнаар байгууллагын үйл ажиллагаа өртөгийн хувьд хэмнэлттэй болсон гэж Дэлхийн банк үзэж байна.
Дэлхийн Банкны дэмжлэгтэйгээр 2009-2014 онд хэрэгжүүлсэн төслөөр үндэсний статистикийн тогтолцооны үр нөлөө, үр ашгийг сайжруулсан гэж үзэж байгаа аж. Монгол Улсын нийгэм, эдийн засаг үргэлжлэн хөгжиж байгаа энэ үед статистикийн тогтолцоог сайжруулснаар Монгол Улс ядуурал болон хөгжлийн гол гол үзүүлэлтүүдийг үнэн зөвөөр хянаж чадаж байгаа нь баримт нотолгоонд суурилсан бодлого боловсруулахад дэмжлэг болж байна гэж Дэлхийн банк үзэж буй аж.
Эх сурвалж: Дэлхийн банк