| |
Видео
Шинэ мэдээ
Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч хэн байх вэ?
Монгол Улс 1992 онд ардчилсан, шинэ Үндсэн хуулиа баталснаас хойш даруй дөрвөн Ерөнхийлөгчийн нүүрийг үзсэн бөгөөд тав дахь Ерөнхийлөгчөөр чухам хэн сонгогдох нь маргааш тодорхой болох гэж байна. 1993 онд МҮАН, МСДН-ын эвслээс (Одоогийн АН) нэр дэвшсэн Пунсалмаагийн Очирбат, 1997, 2001 онд МАХН ( одоогийн МАН)-аас нэр дэвшсэн Н.Багабанди, 2005 онд МАХН-аас нэр дэвшсэн Н.Энхбаяр, 2009, 2013 онд АН-аас нэр дэвшсэн Ц.Элбэгдорж нар, сонгогчдын дийлэнхи олонхийн саналыг авч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн өндөр хариуцлагатай агаад нэр хүндтэй албыг хашсан юм. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд хөдөлмөрийн баатар, эрдэмтэн зохиолч, сэтгүүлч Л.Түдэв, УИХ-ын дэд дарга, АИХ-ын дарга асан Ж.Гомбожав, УИХ-ын дарга асан Р.Гончигдорж, эрдэмтэн, зохиолч, сэтгүүлч Л.Дашням, Эх Орон Намын дарга Б.Эрдэнэбат, Бүгд Найрамдах Намын Дарга Б.Жаргалсайхан, УИХ-ын гишүүн, Батлан Хамгаалахын Сайд, үндэсний бөхийн дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Эрүүл Мэндийн Сайд асан Н.Удвал, УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар нар дэвшин өрсөлдөж байв. Монгол Улсын өмнөх дөрвөн Ерөнхийлөгчийн хувьд Уул Уурхайн ашиглалтын инженер (П.Очирбат), хүнсний инженер технологич, философич (Н.Багабанди) , цэргийн сэтгүүлч, суртал ухуулагч ( Ц.Элбэгдорж) , утга зохиолын орчуулагч (Н.Энхбаяр) гэсэн мэргэжилтэй байсан бөгөөд өдгөө зураач ( Х.Баттулга), төлөвлөгч, эдийн засагч (М.Энхболд) нарын дундаас Монгол Улсын шинэ Ерөнхийлөгч сонгогдох учиртай.
Эрхэм та бүхнийг маргааш буюу 7 сарын 7-нд болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтанд идэвхтэй оролцохыг уриалж байна. Та бүхний сонголт мэргэн байх болтугай.
Э.Мягмар
Sonin.mn