| |
АН-ынхан Н.Алтанхуягаас намаа “салгаж” авраач, эс бөгөөс …
2012 оны УИХ-ын сонгуулийн монголын ард түмэн аль нэг улс төрийн намыг олонхи болгож итгэл үзүүлэлгүйгээр намуудыг харьцангуй тэгш байдлаар сонгосон байдаг. Үүний улмаас аль нэг нам, улс төрийн хүчин дангаараа Засгийн газраа байгуулан ажиллах боломжгүй болж, улмаар АН, МАХН-МҮАН-ын "Шударга ёс эвсэл”, Иргэний зориг ногоон намтай хамтран Шинэчлэлийн гэх Засгийн газрыг байгуулан ажилласан.
Өнгөрсөн 2 жилийн хугацаанд ард түмэн, сонгогчид Н.Алтанхуягийн тэргүүлсэн Шинэчлэлийн гэх тодотголтой эвслийн Засгийн газраас олон зүйлийг хүсэн хүлээж байсан. Харамсалтай нь энэ бүхэн эдүгээ талаар боллоо. Иргэдийн амьдрал улам бүр доройтож, эдийн засаг сульдаж, хууль гууль болж, улс орон өр ширэндээ баригдлаа. Н.Алтанхуяг өөрөө болон түүний тойрон хүрээлэгчид дур зоргоороо авирлаж, төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулсан баримтууд олон нийтэд дэлгэгдлээ. АН-ын тэргүүлсэн Шинэчлэлийн засгийн газрын энэ цаг үед төр засгийн байгууллагууд хэвлэл мэдээллийнхний нийтлэлийг хянаж, засгийн бодлогыг шүүмжлэснийхээ төлөө хаагдаж боогдох дээрээ туллаа. Чингис, Самуурай бондоор олсон мөнгийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг авто зам тэргүүтэй царцанги дэд бүцийн салбарт оруулчихаад, адаг сүүлд нь "хойч үе, үр хүүхдүүд маань төлчих байлгүй дээ” хэмээн ичих ч үгүй хэлээд сууж байна.
Ардчилсан нам, Ардчилсан Ерөнхий сайд өөрийн биеэр ардчилалыг "булшилсан” ийм үйлдлүүд олон гаргалаа. Гэвч АН –ынхан Ерөнхий сайд Н.Алтанхуягаа өмөөрсөөр, өмгөөлсөөр байна. Тэд ингэж Н.Алтанхуягыг "өмөөрөхдөө” АН-ынхаа нэр хүндийг "шаварт хутгаж” байгаа ч үл анзаарсаар. Үнэний төлөө, улс эх орныхоо ирээдүйн төлөө дуугарсан 1-2 гишүүнээ тэд ад үзэн тал бүрээс нь боорлосоор. Үүний шалтгаан нь нь тун энгийн АН-ынхаа ирээдүйг бодохоос илүүтэй хувийн амбицаа, сайдын суудлаа бодсон "ардчилагчид” АН-ынхаа "булшийг өөрсдийн гараар ухаж”байна.
Уг нь АН-ын мянга мянган гишүүд дэмжигчид, энэ намаас сонгогдсон УИХ-ын гишүүд эрүүл ухаанаар үнэнийг хардаг бол, намын даргадаа бялдуучилж долигнодогггүй бол, АН-аа дараагийн сонгуульд дахин амжилттай оруулахыг хүсэж байгаа бол, ардчилалыг монголын ард түмний өмч гэж итгэж байгаа бол одоо л "ардчилалыг аварч” намын дарга Н.Алтанхуягтай хариуцлага тооцох болсон. Харамсалтай нь "ухаангүй ноёнд, урагшгүй албат” гэгчээр Н.Алтанхуягт энэ бүхнийг нь хэлээд, ухуулаад өгөх хүн алга.
АН-ын олон фракциуд одоо л ухаанаа уралдуулж, асуудлаа дотроо нэгдэж, ярилцаж, ирээдүйгээ бодох цаг болсон. Эс бөгөөс оройтно. Дахин АН засгийн эрхэнд гарах эсэх асуудал тэд дотроо хэрхэн асуудлаа шийдэж чадахаас хамаарах цаг үе дээр тулж ирээд байгааг энэ дашрамд хэлье.
АН-ын гишүүд, дэмжигчид та бүхэн АН-даа, намын дарга Н.Алтаннхуягдаа "хайртай” байж болох ч эх орон, ард түмэндээ "хайртай” эсэхээ шийдэх сонголтын цаг дээр тулж ирлээ. Эс бөгөөс та бүхнээр овоглосон Монголын Ардчилал, АН үүрд түүх болон үлдэхэд ойртжээ.
Н.Алтанхуяг Ардчилалын анхны алтан хараацайнуудын нэг байж болно, АН-ын дарга байж болно, АН дахь фракци, клубуудын "атгасан” байж болно. Харин тэр улс орны удирдагч байж чадахгүй гэдгээ, Ерөнхий сайдаар ажиллах чадваргүй гэдгээ өнгөрсөн 2 жилд хангалттай харууллаа. Н.Алтанхуяг АН-ынхаа гишүүдээ доромжилж болдог юм бол харин монголын ард түмнийг доромжлох эрх түүнд байхгүй.
Тэр Монгол төрд гай болж байна, харин одоо зай болох цаг нь болсон гэдгийг ард түмэн, АН-ынхан, УИХ-ын гишүүд өөрсдөө ойлгосон гэж найднам.
Сандал суудалтай л үлдэж байвал, бусад нь хамаагүй гэсэн бодолтой Н.Алтанхуягийн үйлдэл эцэстээ учир утгаа алдлаа. Дэлхий дахины улс төрийн түүхэнд улс төрийн нам хүчнүүд засаг барих үйл хэрэгт хамтран эвсэж оролцдог боловч хэзээ ч Зүүний үзэл баримтлалтай нам барууны үзэл баримтлалтай намтай нэгддэг түүх байгаагүй. Харин монголын түүхэнд АрдчилсанКоммунист эвсэл /АН+МАХН/ байгуулагдаж байгааг ойлгох ухаан мань мэтэд хүрэхгүй нь ээ. Үүнийг хараад "Дүр эсгэсэн Ардчилал дарангуйллаас илүү аюултай…” хэмээн Нобелийн Энхтайвны шагналт Ан Сан Сүү Чи хатагтайн хэлсэн үг л санаанд тод бууж байна.
Хэрэв энэ бүхэн удаан үргэлжлэх юм бол Монголын ард түмэн жинхэнэ Ардчилсан ололт, сонголтын төлөө "тэмцэж”, 20 гаруй жилийн түүхтэй ардчилалаа "ардчилсан нэртэй дүр эсгэгчдээс” хамгаалах, эрхэмлэх цаг иржээ гэдгийг сануулах л үлдэх шив дээ.
Ц.Мөнх