| |
ОУВС-гаас Оюутолгой олборлолтоо бууруулах эрсдэлтэй гэжээ
Гэвч ОУВС-гийн Захирлуудын зөвлөлийн хуралдаанаар УИХ-ын уг тогтоолоос уул уурхайн томоохон олборлогч Оюутолгойн олборлолт, экспортын хэмжээ буурах эрсдэлтэй гэж үзсэн байна. УИХ-аас баталсан төсвийн тодотголд олон улсын банк, санхүүгийн байгууллагаас уул уурхайн ашиг малтмалын үнийн төсөөлөл, өнөөгийн үнэ ханшийг харгалзан үзэж, 2017 онд зэс 5.149 ам.доллар, нүүрсийг 52-77 ам.доллар байхаар тооцсон байдаг. Улмаар зэсийн үнийн өсөлтөөс үүдэн зэсийн баяжмалын экспортод ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 194.9 тэрбум, нүүрснээс 63.1 тэрбум төгрөгийн орлого нэмэгдэхээр тооцсон юм.
Харин зэсийн үнэ 5000 ам.доллараас давсан тохиолдолд Ашигт малтмалын хуулийн 47.5-д заасны дагуу 11 хувийн нэмэлт төлбөр ногдуулснаар төсөвт төвлөрөх орлогын хэмжээг огцом өсөх тооцоолол гаргасан байдаг. Ингэснээр уул уурхайн салбараас энэ оны төсөвт төврүүлэх орлпогын хэмжээ 1.3 их наяд төгрөгт хүрэх эерэг үзүүлэлт гарах юм. Өөрөөр хэлбэл, 844 тэрбум төгрөг буюу 65 гаруй хувийг нь зэсийн баяжмалын экспортоос, 299.4 тэрбум төгрөг буюу 23 гаруй хувийг нүүрсний борлуулалтаас төвлөрүүлэхээр тооцсон нь энэ. Гэвч уул уурхай ялангуяа Оюутолгой тэргүүтэй хөрөнгө оруулагчдын Монголоос гаргаж байгаа экспортын орлогыг Монголын банкаар дамжуулах заалт оруулсан нь уул уурхайгаас төсөвт төвлөрүүлэх тооцсон орлогын хэмжээг бууруулна гэж ОУВС үзэж байгаа аж. Үүнд Оюутолгойн зэсийн олборлолтын хэмжээ хамгийн их нөлөөлөхийг зөвлөжээ.
Сангийн дэд сайд Х.Булгантуяагаас зарим асуултад хариулт авлаа.
-ОУВС-гийн Захирлуудын зөвлөлөөс Монголын Засгийн газрыг "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамруулах эсэх асуудлыг хэлэлцээд хойшлуулах шийдвэр гаргасан гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?
-Төсвийн тодотголыг хийх үеэр "Төсвийн тодотголыг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тоггоол”-ыг УИХ-аас баталсан. Уг тогтоолтой холбогдуулж ОУВС-гийн зүгээс эргэж харах зүйл байна гэж үзсэн байна лээ.
-Оюутолгой компанийн орлогын гүйлгээг Монголын банкаар дамжуулах ёстой гэсэн нь хөтөлбөрийг хойшлуулах шалтгаан болсон тухай мэдээлэл байна?
-ОУВС-гийн тайлбарласнаар төсвийн тодотголтой холбогдуулж Оюутолгой компанийнхан олборлолтын хэмжээгээ багасгах эрсдэлтэй гэсэн. Энэ тохиолдолд төсөвт төвлөрүүлэх орлогын хэмжээ ч багасахыг хэлсэн. Гэхдээ энэ асуудал гайгүй байх аа. Бидний зүгээс асуудлыг аль болох хурдан хугацаанд шийдвэрлэхийг зорьж байна.
-ОУВС-гийн хөгөлбөрт хамрагдах зорилгоор төсвөө тодотгож, зарим татварыг нэмсэн байгаа шүү дээ. Нэгэнт төсвөө тодотгосон болохоор татварын нэмэгдэл хэрэгжээд явах байх. Гэтэл ОУВС хөтөлбөрт хамруулах хугацааг хойшлуулчихлаа. Энэ тохиолдолд ямар арга хэмжээ авах бол. Эвсэл төсөвт дахин тодотгол хийх шаардлага үүсэх үү?
-Татварын нэмэгдэл явдгаараа явна. Гэхдээ төсөвт тодотгол хийх шаардлага үүсэхгүй байх. Аль болох ОУВС-тай тохиролцох талаас нь ярина.
-ОУВС-гийн Захирлуудын зөвлөл хэзээ дахин хуралдах бол?
-Захирлуудын зөвлөлийн хувьд хурлын товыг өөрсдөө гаргадаг болохоор хэлж мэдэхгүй байна.
С.ДӨЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/