|
Видео

Шинэ мэдээ

4-09-2024, 18:10

УИХ-ын гишүүдэд шахалт үзүүлэв үү

УИХ-ын гишүүдэд шахалт үзүүлэв үүОУВС-гийн өргөтгөсөн хөтөлбөрт хамрагдахын тулд Монголын талаас болзолоо бараг биелүүлчихээд байгаа. Уг нь зардлаа бууруул, татвараа нэм зэрэг ерөнхий шаардлага тавьсныг биелүүлсэн мэт харагдах ч   төсвийн алдагдал буураагүй харин ч  нэмэгдээд батлагдсан байгаа.  УИХ-ын чуулганаар 2017 оны төсвийн тодотголын эцсийн хэлэлцүүлгийг хийж баталсныхаа орой нь л Сангийн сайд Б.Чойжилсүрэн ОУВС -нд шуурхай захидал илгээжээ. Тийм болохоор тус байгууллага нь хурлаараа авч хэлэлцээд, хөтөлбөрөө хэрэгжүүлэх шийдвэрээ гаргах юм.  Хоёр тал харилцан тохиролцсон учраас энэ хөтөлбөр хэрэгжихгүй, зогсох асуудал гарахгүй нь тодорхой болоод байгаа. Манай улс эхний ээлжинд ОУВС-аас  авах 400 сая ам.долларыг  Монголбанкны нөөцийг нэмэгдүүлэхэд зориулах аж. Бусад зээлийг 2017-2019 оны төсвийн алдагдлыг нөхөхөд зарлагадахаар тооцоолсон байна.  Төрийн албан хаагчдын тоо  180 мянга. Эдийн засгийн хүндрэлтэй байгаа үед олон хүнийг ажилгүй болгох нь хэцүү учраас халахгүй, харин   тэтгэвэрт гарсан төрийн албан хаагчдын оронд хүн нэмж авахгүй. Эмнэлэг, боловсрол, онцгой байдал зэрэг байгууллагаас тэтгэвэрт хоёр хүн гарвал нэг хүнийг ажилд авахаар ОУВС-тай тохиролцжээ. Энэмэтчилэн чамгүй олон тохироо хийсэн аж. 

Хэдийгээр ОУВС  хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тул төсвийн сахилга батыг дээшлүүлэх, зардлыг бууруулах талаар зөвлөх, тулгах нь зүй ёсны тавих асуудал. Харин энэ далимдаа  үндэстэн дамнасан группуудын эрх ашгийг хамгаалах давхар бодлого үйлчлээд байна уу гэж хардахаар байна. Учир нь Ц.Даваасүрэн тэргүүтэй УИХ-ын гишүүд    "Төсвийн тодотголыг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" тогтоолын төсөл  өргөн барьсан  байдаг.  Оюутолгойд орж, гарч байгаа мөнгө Монголын банкаар дамждаггүй. Хэр хэмжээний хөрөнгө эргэлдэж байгааг Монголын тал мэдэх аргагүй болж байгаа юм. Анхнаасаа л гэрээ хийхдээ энэ талаар нарийвчлан тодорхой тусгаагүйн балаг энэ. Уг нь Оюутолгой төсөлд орж гарч байгаа мөнгө Монголын банкаар дамжаад гардаг бол олон талын ашигтай. Адаглаад валютын ханш хэт савлахгүй тогтвортой байхад  ч нөлөөтэй. Дээрээс нь 34 хувийг эзэмшиж байгаа Монголын төр хяналт тавихад ч дэмтэй. Тиймээс гишүүд  Оюутолгойн шууд гадагшаа гарч байгаа мөнгийг Монголоор дамжуулдаг болох тухай заалт оруулсан байна. 

Гэтэл энэ тогтоолын төслийг  өргөн барьсны дараанаас зарим  гишүүдэд хэрвээ Оюутолгойн шууд гадагшаа гарч байгаа мөнгийг Монголын банкаар дамжуулах  оролдлого хийвэл ОУВС-гийн өргөтгөсөн хөтөлбөрт хамруулахгүй шүү гэх ухааны боловсон тулгалт хийсэн сурагтай байна. 

Хэрвээ монголчууд эдийн засгаа сэргээж сайжруулж, хямралаас гарая гэж байгаа бол гадагшаа алдаж байгаа мөнгөний урсгалаа дотогшлуулж, вальютын нөөцөө нэмэгдүүлэх зайлшгүй л шаардлагатай. Вальютын нөөц нэмэгдэнэ гэдэг долларын ханш тогтвортой байна гэсэн үг. Долларын ханш өсөхөөр импортын барааг хүссэн хүсээгүй өндөр үнэтэй болгочихож байгаа юм. Ингэснээр төгрөгийн худалдан авах чадвар унахгүй байх талтай. 

Жишээ нь, Чили, Перу зэрэг зэсийн томоохон хөрөнгө оруулалт татаж байгаа орнуудын хувьд  бүх татварыг авч байгаа хэрнээ гадагшаа гарч байгаа мөнгөнөөс ч  татвар авдаг байна. Бүр тодруулбал, Чили бол бүх  татвараа төлсөнийх нь дараа гадагшаа гаргаж байгаа мөнгөнөөс нь 40 хувийн татвар авдаг аж.  Гэтэл манай улс  татвар авах байтугай  хэр хэмжээний мөнгө гадагшаа гарч байгааг ч мэддэггүй. 

Өөрөөр хэлбэл, хэрвээ Монголд та хөрөнгө оруулсан бол Монголын татварын дансаар заавал мөнгөө дамжуулж бай гэсэн шаардлага тавих ёстой.  Тухайлбал, гадны хөрөнгө оруулалт хийсэн компани байлаа гэхэд гадагшаа манай баялгийг зарчихаад мөнгөө заавал манай Монголын нутгаар дамжуулж байж гаргаа л гэсэн үг. Бүх улс ийм жишиг барьж байхад Монгол яахаараа  сондгойрох ёстой гэж.   Мөнгөний урсгалыг газар нутгаараа дамжуулж, дотогшуулж  байж улс орон мөнгөтэй байна уу гэхээс бүх юмыг нь гадагш нь зарчихаад дараа нь  нийт борлуулалтын орлогын тавхан хувийг Монголд  оруулж ирдэг байх нь зөв гэж үү.  

Х.Тэмүүлэн 

times.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler