|
Видео

Шинэ мэдээ

Монголын нүүрсний үнэ унавал Европын холбоо буруутай

 

Нүүрсний салбарт сайн мэдээ олон байгаа. Тэр бүхэн монголчуудад шинэ боломжийн тухай сануулга болон ирдэг.  Яагаад гэвэл нүүрс Монголын эдийн засгийн тулах цэгийн нэг  болсоор удаж буй. Байгаа юмаа зөв хөдөлгөж, үнэ хүргэж чадах эсэх нь бидний асуудал. Харин гадаад талдаа нар байнга ивээж, намираа хур шаагьж байдаггүй. Үнийн савалгаа, зах зээлийн эрэлт, өрсөлдөөн гээд олон хүчин зүйлийн саад тээг бий.  Дэлхий улам бүр глобалчлагдаж улс орнуудын эдийн засгийн харилцан хамаарал бүр ихээр ажиглагдаж байна. Нэг үхрийн эвэр доргиход мянган үхрийн эвэр доргино гэдэг шиг.  Яг ийм жишгээр Евро комиссын энэ сарын эхээр гаргасан нэгэн шийдвэр хаа байгаа талын монголчуудын нүүр тахалдаг нүүрсний үнэд нөлөөлж мэдэхээр нөхцөл байдал үүсгэлээ. Энэ талаар өгүүлсү.

 

Дөрөвдүгээр сарын эхээр Европын холбоо Хятадын гангийн импортод  18.1-35.9 хувийн татвар оногдуулахаар шийдвэрлэлээ. Энэ шийдвэр таван жилийн турш хэрэгжинэ. Еврокомисс энэ шийдвэрээ "Демпингийн эсрэг арга хэмжээ” гэж тодотгож байгаа бөгөөд  Хятадаас импортолдог цувимал  болон хавтгай ган бүтээгдэхүүнд өндөр татвар ногдуулах болсноо мэдэгдсэн юм.  Демпинг гэдэг нь товчхондоо бол бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг өөрийн өртгөөс нь хямд худалдан борлуулахыг нэрлэдэг. Манай улс өмнөх Засгийн газрын үед Аж үйлдвэрийн яамнаас  санаачлан Демпингийн эсрэг хуулийн төсөл өргөн барьж байсан санагдана.

 

Энэ шийдвэр Европын холбооны 28 оронд хэрэгжинэ гэсэн үг. Ингэж  тооцохоор үүнийг дагасан эрсдэл БНХАУ-ын үйлдвэрлэгчдийг төдийгүй тус улсын гангийн үйлдвэрт коксжих нүүрс нийлүүлдэг Монголыг бас дайрна гэсэн үг.  

 

Евро комиссын татвар нэмэх энэ шийдвэрт Хятадын ган үйлдвэрлэгчид тэр дундаа "Bengang steel plates", "Handan iron&steel" зэрэг томоохон компаниуд өртжээ.  Хэрэв энэ шийдвэрээс шалтгаалан Европын холбооны улс орнуудад гангийн хомсдол үүсвэл Бразил, ОХУ, Иран, Украин зэрэг орноос импортлох боломжтой гэж тооцож байгаа аж.

 

Европын холбооны энэ шийдвэр гарсаны дараа  Хятадын Худалдааны сайд  энэ  явдалд маш их санаа зовниж байгаагаа илэрхийлэхийн хамт  "Европын холбоо энэ алдаагаа засах байх гэдэгт найдаж байна” гэжээ.  Мөн тэрбээр үндэсний компаниудаа хамгаалах шаардлагатай арга хэмжээ авахаа мэдэгдэв.

Хятад бол дэлхийн гангийн томоохон үйлдвэрлэгч бас хэрэглэгч. 2000 онд жилд 140 орчим сая тонныг үйлдвэрлэж байсан бол 2006 онд 419 сая тонн болтлоо өсч байв. Харин  ойрын таван жилд ган үйлдвэрлэлийн хэмжээгээ 150 сая тонноор бууруулахаар төлөвлөж буй юм. Тухайлбал 2017 онд 50 сая тонноор бууруулна гэсэн тооцоо байгаа. Гэтэл энэ  тооцооллыг Еврокомисс  Хятадын гангийн импортонд өндөр татвар ногдуулах шийдвэрээрээ ташуурдав бололтой. Жилд 100 сая тонноос илүү ган экспортонд гаргадаг улсын хувьд  энэ алхам хүндээр тусахаас аргагүй. 

 

Гэхдээ энэ бүхэн тэдний асуудал. Харин Европын холбооны шийдвэр дам утгаараа Монголын эдийн засагт сөрөг нөлөө авчрах магадлал маш өндөр. Хэрэв Европын орнуудад нийлүүлдэг Хятадын ган бүтээгдэхүүний хэмжээ багасвал тус улсын дотоод үйлдвэрлэлийн хэмжээ тэр хэмжээгээр буурна.  Хятадын зүүн хойт болон зүүн нутаг дэвсгэрт төвлөрсөн гангийн үйлдвэрүүд нь Монголын коксжих нүүрсний гол хэрэглэгчид юм. Өөрөөр

хэлбэл тэнд үйлдвэрлэл явагдаж байвал манай нүүрс бэлэн зэлэн зах зээлтэй байдаг.  

 

Харин Хятадын гангийн үйлдвэрлэл буурвал Монголын коксжих нүүрсний эрэлт, үнэ аль аль нь уруудана. Тэгвэл тэр "буруутан” нь Европын холбоо болно гэсэн үг. Эдийн засаг гэгч ийм дам хамааралтай болжээ. Гэхдээ ийм глобал хамаарлаас  ашиг унагах уу, алдагдал үүрэх үү гэдэг нь  улс орнуудын удирдлагын  менежмэнтийн ур чадвараас л шалтгаална. Бизнест нэг хаалга хаагдаж байхад нөгөө хаалга нь нээгдэж байдгаараа онцлог.

 

 

П.Булган

http://www.zaluu.com/read/1143b1bha

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler