| |
Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг Баянзүрх дүүрэгт хийв
Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хууль болон Нийслэлийн Засаг даргын А/11 дүгээр захирамж, дүүргийн Засаг даргын А/87 дугаар захирамжийн дагуу "Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг”-ийг өнөөдөр Баянзүрх дүүрэгт хийлээ.
Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгт Нийслэлийн онцгой байдлын газар, дүүргийн Засаг даргын Тамгын газрын алба хаагчид, Тамгын газрын харьяа хэлтэс, албад, 28 хороо, төрийн болон төрийн бус байгууллагууд, сургууль, цэцэрлэгүүд зэрэг нийт 100 аж ахуйн нэгж, Цагдаагийн нэг, хоёр, гуравдугаар хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтсийн нийт алба хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ хамрагдаж оролцож байгаагаараа онцлог байв.
Энэ удаагийн бэлэн байдлын үзлэгээр дүүргийн Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангиудын 200 гаруй техник хэрэгслийн гамшгийн үеийн ашиглалт, бэлэн байдлыг үзэж, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнийг шаардлагатай багаж хэрэгслээр хангасан эсэхийг шалгаж үнэлэлт дүгнэлт өгсөн. Мөн аж ахуйн нэгж, байгууллагуудын гал унтраах анхан шатны багаж хэрэгслээр хангагдсан байдлыг үзэж Мэргэжлийн ангиуд, аж ахуй нэгж байгууллагуудад гамшгийн үед үүсч болзошгүй нөхцөл байдлаар цагийн мэдээг өгч ажиллалаа.
Дашрамд мэдээлэхэд, "гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг”-ийн зорилго нь дүүргийн нутаг дэвсгэрт тохиолдож болзошгүй гамшгийн аюулаас хүн, мал амьтан, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчныг урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуушгүй сэргээн босгох үйл ажиллагаанд иргэн, аж ахуй нэгж байгууллагын томилгоот бүрэлдэхүүнийг сурган дадлагажуулах, гамшгийн үеийн хүч хэрэгслийн харилцан ажиллагааг сайжруулахад оршдог хэмээн Баянзүрх дүүргийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.