|
Видео

Шинэ мэдээ

Хаалттай хаалганы цаадах МАН-ынхны “яриа”

Хаалттай хаалганы цаадах МАН-ынхны “яриа”

 

Ойрын үед Монголын улс төр будлиан дуулиан ихтэй байна. Эрх баригч хийгээд сөрөг хүчний намууд дотооддоо толхилцоонтой. Тэр нь задраад гарчихсан. Ядаж байхад хоёрхон сарын дараа Ерөнхийлөгчийн сонгууль болно. Хэн нь нэр дэвших вэ гээд хаана хаанаа булаалдаж байна. Гэвч энэ бол улс төрийн намуудын эрх мэдлийн төлөөх тэмцэл төдий юм. Үүнээс дор юм "хөшигний цаана” өрнөж байгаа юм байна. Ард түмний нүднээс далд хийсэн улстөрчдийн маш аюултай байж болох зарим үйлдэл эхнээсээ задарч байх шиг.

 

Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээс МАН нэг л "сонин” хуралдах болсон. Хурал л хийвэл тарна гэж үгүй. Хурлаа хаалттай хийнэ. Гэтэл хийсэн хурал бүр дээрээ хэрэлдэж, бүр зодолдох дээрээ тулж байжээ. Тэгвэл тэр хаалттай хаалганы цаана "...Арай ч дээ” гэмээр үйл явдал өрнөдөг байна.

ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛНА ГЭЖЭЭ

 

2017 оны дөрөвдүгээр сарын 14-ний баасан гариг. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан шөнийн 02:30 цагт таржээ.

Чуулган ингэж оройтсон шалтгаан нь Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар Байнгын хорооныхоо хуралдаан дээр "...Сайд нар Концессын гэрээ хувааж идэх гэж байна” гэж мэдэгдсэнээс болжээ. Учир нь Засгийн газраас төсвийн тодотголын үеэр Концессын таван гэрээ оруулж иржээ. ОУВС-тай гэрээ хэлцэл яригдаж байхад огт сураг нь гараагүй таван гэрээ гэнэт гарч ирсэн нь энэ. Өөрөөр хэлбэл, Засгийн газар энэ гэрээнүүдийг нуусан гэж гишүүд үзэж байгаа юм. Одоо ОУВС энэ тухай мэдвэл хөтөлбөрөө эргэж харах нь зайлшгүй гэдгийг гишүүд мөн хэлж байна. Нэг үгээр хэлбэл, үүнээс болоод ОУВС-гийн хөтөлбөр цуцлагдахад үгүй гэх газаргүй нөхцөл байдал үүсээд байгаа гэдгийг ч эх сурвалжууд хэлж байна.

Түүнчлэн эдний дотор өмнөх Засгийн газрын үед 30 гаруй сая ам.долларын Концессын гэрээ авч байсан компани дахиад концесс авахаар орж ирсэн нь гишүүдийн олонхийн дургүйцлийг хүргэсэн байна. Концессын гэрээ, жагсаалтын мэдээлэл УИХ-ын чуулганы хурал­даан болох гэж байхад гишүүдийн гарт очоогүй бай­сан нь олон түшээг бу­химдах шалтгаан болжээ.

Тиймээс Ч.Хүрэлбаатарын үг хав­рын түймэр шиг газар аваад явчихсан ажээ. Ин­гээд гишүүд төсвийн тодот­голтой хамт оруулж ирсэн таван концессыг тал талаас нь "судлаад” эхэлсэн байна. Чуулганы нэгдсэн хуралдаан болж байхад гишүүд бие биеийнхээ өрөөнд цуглан Концессын гэрээний талаар ярилцаж, болох болохгүй талаар мэдээлэл солилцсон байна. Улмаар УИХ-ын дарга М.Энхболдын өрөөнд хэсэг гишүүн энэ асуудлаас болж ширүүхэн хэрэлдээд авсан байна. Сүүлдээ Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах асуудал тухай ч ярьцгаажээ. Ингэж ингэж шөнөдөж тарсан байгаа юм.

Уржигдар буюу 17-нд хуваарийн дагуу УИХ дахь намуудын бүлэг ху­рал­дав. МАН-ын бүлэг ирэх өдрүүдэд за­рим хуулийн төслүүдийг хэ­лэл­цэх ёстой байсан ч нө­гөөх Концессын гэрээ­ний асуудлыг ярьсаар хур­лаа ч хааж амжилгүй таржээ.

Бид чуулганы нэгдсэн хуралдаан болоод Бүлгийн хуралдааны үеэр ги­шүүдийн ярьснаас заримыг нь онцлон хүргэж байна.

Ц.Нямдорж: ЭРДЭНЭБАТ АА, ............... МИНЬ ЧИ БОЛ ЕРӨНХИЙ САЙД БИШ АЙМГИЙН Л ДАРГА БАЦААН ЗА ЮУ

 

МАН-ын бүлгийн хуралдааны гол сэдэв нь гэнэт орж ирсэн кон­цессын асуудал бай­сан бөгөөд энэ нь МАК компанитай холбоотойгоор нэлээд яригджээ. УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж Ерөнхий сайдад хандаж "...Эрдэнэбат аа, чи аятайхан байгаарай. МАК компанид яахаараа Концессын гэрээ өгдөг юм бэ. Өмнө нь энэ компани Концессын гэрээ авсан. Түүнийгээ хийж дуусгаагүй байхад нь яахаараа өгдөг юм. Бас "Цагаан суварга” ингэж л боссон. Яачихсан компани гэхээрээ ийм байдаг юм бэ. Эрдэнэбат аа, би та нартай холбоотой олон юмыг мэднэ шүү. Ерөөсөө энэ Концессыг шалгах ажлын хэсэг байгуулах хэрэгтэй” гэв. Хариуд нь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат "...Үгээ бодож яриарай. "Цагаан суварга” руу эрчим хүч татахгүй яах юм бэ. Засгийн газрын ажлыг хийлгэ л дээ” гэснээр энэ хоёр эрхмийн дунд хэрүүл өрнөж, сүүлдээ зодолдохоос бусдыг гүйцээсэн байна. Бие биеэ рүүгээ хатуу үгсийг харамгүй шидэлцжээ. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын үгэнд ундууцсан УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж "Эрдэнэбат аа, .......... минь чи бол Ерөнхий сайд биш Аймгийн л дарга бацаан за юу. Цаашид чи энэ намыг удирдаж авч явна гэж мөрөөдөөд ч хэрэггүй. Энэ маягаараа ашиг сонирхлын зөрчил чинь гай болно” гэсэн байна.

"МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ЮМ УУ, МАК-ИЙН ЕРӨНХИЙ САЙД ЮМ УУ”

 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Болорчулуун "...Энэ бол улайм цайм луйвар. Эрдэнэбат та Монгол Улсын Ерөнхий сайд юм уу, МАК компанийн Ерөнхий сайд юм уу. Тун ойлгомжгүй байна” гэв. Энэ мэтчилэнгээр хэрүүл өдөржин өрнөсний дараа Концессын гэрээнүүдийг шалгах МАН-ын бүлгийн Ажлын хэсгийг байгуулахаар болсон байна. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва ахалж, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Д.Сарангэрэл нар орж ажиллахаар болжээ. Ажлын хэсэг таван гишүүнтэй байх бөгөөд нэмж хоёр гишүүн оруулна гэсэн үг юм.

Д.Тэрбишдагва: ЭНЭ ИЛЭРВЭЛ ОУВС-ГИЙН ХӨТӨЛБӨР ЗОГСЧ МАГАДГҮЙ

 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва "...Энэ Концессын гэрээ ил болбол ОУВС-гийн хөтөлбөр зогсч магадгүй нөхцөл байдал үүслээ. Засгийн газар үүнийг нуучихсан байна. Хэрвээ үүнээс болоод ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжихээ больчихвол хариуцлагыг хэн хүлээх юм бэ?” гэжээ. Харин түүнд нь хэн ч хариу хэлээгүй байна.

Ц.Нямдорж: МӨНХБАТ ШИГ ИНГЭЭД ХЭЛЧИХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ

 

Бүлгийн хуралдааны үеэр үүсээд байгаа нөхцөл байдал болон цаг үеийн хэд хэдэн асуудлаар гишүүд байр сууриа илэрхийлжээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат "...Би нэг зүйл хэлэхгүй болохгүй юм байна. Надтай холбоотой нэг Концессын гэрээний асуудал байна. Дорноговь руу явж байгаа 30 гаруй км замын ажлыг Концессын гэрээгээр гүйцэтгэж байгаа. Гэхдээ энэ өмнөх Засгийн газрын үед байгуулагдсан гэрээ л дээ” гэсэн байна. Түүнийг ийн хэлэхэд зарим гишүүн "...Тавантолгойтой холбоотой юм сонсогдоод байгаа шүү” гэх зэргээр дайрч эхэлсэн аж. Харин УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж "...Мөнхбатын зөв. Та нарт юм байвал Мөнхбат шиг ингээд хэлчих хэрэгтэй шүү дээ” гэсэн байна.

С.Бямбацогт: АН-ЫНХАНД БИШ ӨӨРСДИЙНХӨӨ ХҮЗҮҮНД ОЛС УГЛАЧИХЖЭЭ

 

УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт "...Оффшорын хууль ер нь юу болоод явчихав аа. Бид энэ хуулийг баталснаар АН-ынханд биш өөрсдийнхөө хүзүүнд олс углачихсан байна. Одоо энэ хууль С.Баярцогтод огт хамаагүй. Явсаар байгаад өөрсдөдөө халтай хууль баталсан байна. Бид Сингапурт очоод ганц цаг худалдаж авахад асуудал үүсч, шалгуулах дээрээ тулах нь байна” гэж бүлгийн хурал дээрээ гомдол мэдүүлжээ. Хэдхэн хоногийн өмнө л "Оффшор данстай хүн төрд ажиллахгүй” гэж итгэлтэй мэдэгдэж байсан сайд нь ярьж хэлж байснаасаа тэс өөр юм хэлсэн нь бүлгийн гишүүдэд тийм ч таатай дуулдаагүй бөгөөд үүнийгээ ч зарим нь янз бүрээр илэрхийлжээ.

Ө.Энхтүвшин: 2020 ОНД УНАХЫН ДОХИО ШҮҮ

 

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин "...Засгийн газар ямар ч чиглэлгүй явж байна. Өнөөдөр бидний ажиллаж байгаа байдал олдвол өлдөнө гэдэг шиг л байна. Шуудхан хэлэхэд энэ бол 2020 онд унахын дохио шүү. Ниргэсэн хойно нь хашгирав гэдэг шиг, сая ХЗДХ-ийн сайд юу гэчихэв ээ. Оффшорын хууль буруу болчихлоо гэж яриад байх юм. Ерөөсөө бид жолоодлогогүй л явж байна” гэсэн байна.

М.Билэгт: АМИА ХОРЛОЖ БАЙГААТАЙ АДИЛ

 

УИХ-ын гишүүн М.Билэгт "...Нэг зүйлд маш их санаа зовж байна. Сая төсвийн тодотголоо баталлаа. Ингэхдээ татварыг нэмэгдүүлэхгүй байх талаар анхаарах байсан юм. Удахгүй Ерөнхийлөгчийн сонгууль болно. Ийм хариуцлагатай сонгуулийн өмнө татвар нэмсэн нь амиа хорлож байгаатай яг адил боллоо” гэсэн хатуу үг хэлжээ.

ГИШҮҮД ТАРЖ, ГУРВАН ДАРГА ҮЛДСЭН ҮҮ?

 

Ингээд хэрүүл уруул нь дийлдэхээ больсон Бүлгийн хуралдаанд Тавантолгойн гэрээний асуудлыг оруулсан ч хэлэлцэж, явуулсангүй. Уг нь 50-иад гишүүн Бүлгийн хуралдаа ирсэн байжээ. Гэвч уурлаж бухимдаж, эсэргүүцэж гэх мэт олон шалтгаанаар цуварч гарч явсаар гурван хүн үлдсэн байна. Мэдээж хэрэг, МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Бүлгийн дарга Д.Хаянхярваа нар үлдсэн бололтой юм. Учир нь шаварт унасан шарын эзэн, айлын эхнэр халуун зунаар саалиа хаяад үхдэггүй гэдэг үгнүүд бий. Шарын эзэн, бас айлын эхнэр болсон гурван дарга ийн үлдэж, МАН-ын бүлгийн хурал хаалтаа хийж чадалгүй, гишүүд нь тарж одсон байна.

Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд буучихсан энэ өдрүүдэд МАН хурал олонтой, тэр нь хэл ам ихтэй, хэрүүл зодоонд хүрчих гээд юм юмтай л байна.


Б.ДАМДИН-ОЧИР /ЗУУНЫ МЭДЭЭ/

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler