| |
1.5 сая төгрөгөөс дээш цалинд таван хувийн татвар нэмж ногдуулна
Хаврын чуулганы хамгийн эхний буюу нэн чухал асуудал 2017 оны төсвийн тодотгол байлаа. Чуулганы нээлтэд ирснийг эс тооцвол гишүүд ажлынхаа анхны өдөр ангийнхаа ирцийг 52.6 хувиар бүрдүүлэв. Ирц чамлалттай ч хэдэн сар ажин түжин байсан гишүүд чуулганы танхимыг өчигдөр "амь орууллаа”. Хурал 10:15 цагт эхэлж 2017 оны төсвийн тодотголыг Сангийн сайд танилцуулсан юм. Үдээс өмнө, хойно бүтэн өдөр дамнан хуралдсан чуулганы хуралдааны үеэр эзгүй гишүүдээс бусад нь бүгд үг хэлж, саналаа уралдуулав. Өөрөөр хэлбэл, төсвийн тодотголыг тойрсон хариулт нэхсэн асуултууд хөвөрсөн юм. Хэдийгээр үг хэлээгүй гишүүн үлдээгүй ч олонх нь төсвийн тодотголыг зарчмын хувьд дэмжиж, засч залруулах зүйл дээр хамтран ажиллахаар болов.
Засгийн газраас өнгөрсөн сарын 24-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эхний хэлэлцүүлгийн үеэр татвар, хүүхдийн мөнгө, өр зээлийн асуудлыг ихэвчлэн хөндөв. Хуулийн төслийг дагалдуулан нийт найман төсөл, Их Хурлын гурван тогтоолын төслийг боловсруулсан байна. Төсвийн орлогын уул уурхайн салбарын үйл ажиллагаанаас хамаарах хамаарлыг бууруулах, төсвийн орлогын тогтвортой эх үүсвэрийг бий болгох, нийгмийн халамжийн зардлыг хүн амын орлого багатай зорилтот бүлэгт чиглүүлэх, хүн ам зүйн бүтэц, хууль тогтоомжийн өөрчлөлтийн улмаас төсөвт үүссэн зардлын ачааллыг бууруулах, тэтгэврийн тогтолцоог шинэчлэх, цалин хөлсийг төсвийн боломжтой уялдуулах, зардлын үр ашгийг нэмэгдүүлэх зарчмыг баримтлан бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төсвийн тодотголын төсөлд тусгасан. Мөн долоон төрлийн татварыг нэмэх, нийгмийн халамжийн төрлийг нэгтгэж, зорилтот бүлэгт чиглүүлж үе шаттайгаар зардлыг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэх юм байна. Хуулийн төслийн талаарх гишүүдийн байр суурийг тоймлон хүргэе.
С.Эрдэнэ:
-Төслийг бүхэлд нь эсэргүүцэж байна. ОУВС-ийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэрийн дор гаднаас асар их хэмжээний зээл босгох, түүнийгээ юунд зарцуулах гэж байгаа нь тодорхой бус. Аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн нуруун дээр үүрүүлэх маш олон татварыг нэмж гоё сайхан үгээр халхавчилсан байна. Төр эхлээд тансаглалаа танаж, илүү орон тоогоо цомхотгох ёстой ч дэд сайд, агентлагийн орлогч нараас эхлээд сул орон тоо их байна. МАН-ын өр барагдуулна, цалин нэмнэ, зээл тавихгүй, татвар нэмэхгүй гэсэн амлалт хаачив. Өнгөрсөн дөрвөн жил төсөв санхүүгийн гол бодлогын албан тушаал дээр Ж.Эрдэнэбат, Ч.Улаан, Ц.Даваасүрэн, Б.Чойжилсүрэн нар байсан.
Б.Чойжилсүрэн:
-Гаднаас авах зээлийг Монголбанкны валютын нөөцийг нэмэгдүүлэх, төсвийн алдагдлыг нөхөхөд зарцуулна. Хэн эдийн засгийг хэзээ хямраасан талаар сүүлийн жил гаруй ярилаа. Тиймээс эдийн засгаа аврахад хамтарч ажиллая. Улс төржихөө больё. Татвар нэмэхээс өөр аргагүй нөхцөл байдал үүссэн. Танай Засгийн газрын үед төсөвт суулгалгүй зарцуулсан 2.3 их наяд төгрөгийг нэмж тусгахад алдагдал 18 хувьтай байсан. Үүнийг огцом бууруулахгүйгээр ярьж байна. Эдийн засгийн хүндрэлтэй үед төрийн албан хаагчдыг олноор нь ажилгүй болгохгүй байх үүднээс валютын сантай тохирсон. Тэтгэвэрт гарсан албан хаагчдын оронд нөхөн томилгоо хийхгүй. АН-ын үеийн төрийн данхар бодлогыг хумьж агшаахаар ажиллаж байна.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат:
-Валютын сангийнхан манай улсын нөхцөл байдалд тааруулж ямар арга хэмжээ авахаа мэдэхгүй хэд дахин ирж эргэлзэж тээнэгэлзсэнээс удлаа. АН-ынхан МАН-ыг хамтарсан Засгийн газарт орж ажиллаач гэсэн мөртлөө найман сарын дараа болиоч гэсэн. Тэр үед хамтарч яваад төсвийн сахилга баттай байсан бол өнөөгийн хямралд орохгүй байсан. Долоон төрлийн татвараас аж ахуйн нэгжтэй хамааралтай Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэмэгдүүлэх ганцхан зүйл бий. 5.5 тэрбум ам.долларын хагасаар АН-ын тавьсан өрийн хугацааг сунгаж байна. 1.5 сая төгрөгөөс дээш цалинд ногдуулах Хувь хүний орлогын албан татварыг таван хувиар нэмнэ. Одоо 10 хувь байгаа, үүн дээр таван хувь нэмэгдэнэ гэж ойлгох хэрэгтэй. 5.5 тэрбум ам.долларыг гурван жилийн хугацаатай авч ашиглана. 2.4 тэрбум ам.долларыг Монголбанкны своп хэлцлийн хугацааг сунгахад, 1.6 тэрбум ам.долларыг төсвийн алдагдлыг санхүүжүүлэхэд, 1.5 тэрбум ам.долларыг ажлын байр нэмэгдүүлэх төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэхэд зарцуулна. С.Эрдэнэ хариуцаж байсан нийгмийн хамгааллын салбараа дампууруулсан.
Д.Сарангэрэл:
-Нөхцөл байдал хүнд байгааг ойлгож байгаа ч бидний гаргах гэж байгаа шийдвэрийн ард иргэд илүү их чардайж байгааг бодох ёстой. Төсвийн тодотголоор хүүхдийн мөнгөнөөсөө хасагдаж байгаа 20 хувьд Засгийн газар хэрхэн хандах вэ. 2037 онд эмэгтэй хүн 65 нас, 2027 онд эрэгтэй хүн 65 нас хүрч тэтгэвэрт гарахаар байгааг олон нийт буруу ойлгож байна.
Б.Чойжилсүрэн:
-Тэтгэврийн нас, шимтгэлийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага үүссэн. Төрийн сан 2014 онд 297 тэрбум, 2016 онд 478.1 тэрбум төгрөгийн татаасыг улсын төсвөөс авсан. Бодлогын өөрчлөлт хийхгүй бол ирэх онд 677.7 тэрбум, 2020 онд 807 тэрбум төгрөгийг тэтгэврийн санд өгөх юм. Ийм алдагдалтай байгаа учраас арга хэмжээ авах хэрэгтэй болсон. Тэтгэврийн сангаас бусад хөгжлийн асуудал ярихгүй болох нь. Валютын сангийн болзлын дагуу хүүхдийн мөнгө, талоныг зорилтот бүлгийн 40 хувьд олгохоор болсон. Хэмнэгдэж байгаа мөнгийг өөр зүйлд зарцуулахгүй.
Г.Занданшатар:
-Өмнөх Засгийн үед тавьсан өр, сахилгын хариуцлага яригдаж таарна. Ээлжит бус чуулган хуралдуулсан бол хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, валютын сангийн хөтөлбөрийг батлах асуудал нааштай яригдах байсан юм бишүү.Төрийн өмчийн хувьчлал яагаад удаад байна вэ?
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат:
-Валютын сангийн хөтөлбөрт хамрагдана гэдгээ хэлсэн. Тус газраас тавьж байгаа шаардлагын хүрээнд ард түмэн, аж ахуйн нэгжийн ачааллыг бага ч гэсэн бууруулах хэлэлцээр хийж байсан учраас ээлжит бус чуулганыг зарлаагүй. Эдийн засаг хүнд цаг үед хувьчлал нэрийн дор төрийн өмчийг хямд борлуулчихмааргүй байна. Эдийн засаг сайжирвал бодит үнээр нь борлуулах үүднээс хойшлуулж байна.
С.Чинзориг:
-Валютын сантай хийсэн хэлэлцээрийг гишүүд гар дээрээ авч үзэж болох уу. Валютын сангийн нэрээр дахиад нийгмийн хамгааллын чиглэлийн хууль тогтоомжуудад өөрчлөлт оруулж, хүрсэн түвшингээс нь ухраах асуудал гарах уу?
Б.Чойжилсүрэн:
-Валютын сантай ажлын хэсгийн төвшинд тохирчихоод байгаа. Хөтөлбөр валютын сангийн захирлуудын зөвлөлийн хурлаар орж батлагдахаас өмнө гурван нөхцөл хангах ёстой. Батлагдсаны дараа ил болгоно. Гишүүний хувьд төслийг цаасаар танилцуулж болно. Дундаж орлогыг хүрсэн төвшнөөс ухраахгүйгээр эдийн засгийн арга хэмжээ авч байгаа гэж үзэж байгаа. Нийгмийн хамгааллын чиглэлээр дахиж валютын сангийн нэрээр янз бүрийн асуудал оруулж ирэхгүй.
Б.Энх-Амгалан:
-Хувь хүний хадгаламжийн хөрөнгийг 10 хувь болгоно гэж байна. Хадгаламжаа татчихвал яах вэ, мөнгөө татаад үл хөдлөх хөрөнгө болгоод төлөвлөсөн төсөв тасарвал яах вэ?
Б.Чойжилсүрэн:
-Ийм эрсдэл гарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ Монголбанк, Сангийн яамны мэргэжилтнүүд ярилцсан. Банкнаас мөнгөө татвал бодит салбар руу хөрөнгө оруулах байх гэж тооцоолсон. Нэг жилд хадгаламж эзэмшигчид 10 хувийн татвар төлөх ухамсар байгаа байх. Хадгаламжийн 15 хувийн хүү байгаа.
З.Нарантуяа:
-АН-ын бүлэг төсвийн тодотгол дээр албан ёсоор байр сууриа илэрхийлээгүй байгаа. 440 сая ам.долларыг авчирч төлбөрийн тэнцлийн алдагдалыг хаах, валютын нөөцийг нэмэгдүүлэх нь маш зөв алхам. Улс төр хийх биш бодит тоон дээр төсвөө ярилцахыг уриалж байна. Сүүлийн гурван удаагийн төсөв дунд хугацааны зорилтоо дандаа муутгасан.
Ийнхүү төсвийн тодотголыг үдээс хойшх хуралдаанаар хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүлэв.
С.УЯНГА /ЗУУНЫ МЭДЭЭ/