| |
Автобусанд камер байршуулсан тул бэлэн мөнгө өгнө гэж саналтгүй болжээ
Нийслэлийн тээврийн газар, "Улаанбаатар смарт карт" ХХК-иас энэ сарын 1-нээс иргэд нийтийн тээврээр зорчихдоо картаар төлбөрөө хийх шийдвэр гаргасан байна.
Тодруулбал, Нийслэлийн нийтийн тээврийн автобусыг мөнгө хураагчгүй болгож, мөнгөний хайрцаг, эсвэл цахим картаар төлбөрөө хийх системд шилжүүлсний улмаас хяналт алдагдаж, төлбөрийн картгүй иргэд хайрцагт дутуу мөнгө хийх болсон тул мөнгөний хайрцгийг бүрмөсөн хурааж авсан байгаа юм.
Харин зорчигч иргэдийн хувьд зарим нь мэдээлэл байхгүйгээс болж бэлэн мөнгө барьж орж ирэх зорчигчид олон байгаа талаар жолооч, ажиглагч нар хэлж байна. Зарим зорчигчдын хувьд амралтын хоёр өдөр гэртээ байсан тул картаа захиалж авч амжсангүй, өнөөдөр авчихъя гэж учраа хэлэхээр ажиглагч нар нь урдаас нь уурлаж автобуснаас хөөж буулгаж байна.
Өнөө өглөө гэхэд алслагдсан хороо болох СХД-ийн 32 дугаар хорооноос явдаг Баруунтүрүүний автобусанд хоёр иргэн бэлэн мөнгө барьж орж ирээд хөөгдөж буух дээрээ тулав. Ажилдаа яарч байгаагаа учирлахад хүлээж авахгүй ажиглагч жолооч нар байна. Тиймээс аргагүй эрхэнд бэлэн мөнгөө карттай хүнд өгч, карттай хүнээр хоёр хүн уншуулъя хэмээн гуйж байж зорчих эрхтэй болов. Энэ мэтчилэн картаа аваагүй иргэд будилсан байдалтай явж байна.
Түүнээс гадна автобусанд камер байршуулсан тул картгүй зорчигчдод үйлчлэхгүй бас бэлэн мөнгө огт авахгүй байна билээ. Зорчигчид автобусанд ороод хэн нэгэнд нь бэлэн мөнгө өгчихнө дөө гэж саналтгүй болсон байна лээ шүү. Дашрамд, автобусны цахим картыг 2000 төгрөгөөр худалдаалж байгаа ажээ.