|
Видео

Шинэ мэдээ

С.Эрдэнийн шинэчлэлээс тодорсон БУРУУ ЖИШИГ

С.Эрдэнийн шинэчлэлээс тодорсон БУРУУ ЖИШИГ

 

АН толгойгоо солив. Намын байраа ч шинэчлэв. Одоо "хөл”-өө буюу дүүрэг, орон нутаг дахь анхан дунд шатны байгууллагын бүтцээ шинэчлэхээр намын дотоод сонгуулийн сунгааг зохион байгуулж байна. Хажуугаар нь Зөвлөлдөх нэршлээс Бодлогын болгон өөрчилсөн намын дээд байгууллагынхаа бүрэлдэхүүнийг шинэчлэх сонгуулийг хамтад нь явуулж буй. Бүрэн зураглалаар нь харвал шат, шатны сонгуульд үнэмлэхүй олонхиороо бүдэрсэн Ардчилсан нам үнэхээр шинэчлэгдэж, үнэхээр салхи оруулж байгаа ч юм шиг.

АН-ын дарга С. Эрдэнэ ч дотоод сонгуулийг "шинэчлэлийн хоёр дахь том давалгаа” хэмээн тодотгосон. Цаашлаад хамтаараа Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах болно. 2020 оны УИХ-ын сонгуульд ялах болно гэдгээ тэрбээр нийг гишүүд дэмжигчдийнхээ өмнө тунхагласан. Тийм ч байж болох.

Гэхдээ дотоод сонгуулийн дараа АН шинэ замаар явах уу, хуучин жимээрээ гэлдрэх үү гэдэг нь С.Эрдэнийн баримтлах бодлого, гишүүдийнх нь санаачилга, цаг хугацаа гэсэн гурван хүчин зүйлээс бүрэн хамаарах нь мэдээж. Дээрээс нь, Үндэсний бодлогын хорооны бүрэлдэхүүнийг шинэчилж, 380 гишүүнтэйгээр байгуулах үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг нь холбогдох хууль тоггоомжид нийцээгүй гэж үзэн Дээд шүүхээс буцаасан нь шинэчлэлийн өмнөх АН-ыг ацан шалаанд оруулчих шиг боллоо.

Өөрөөр хэлбэл, Дээд шүүхийн тогтоол, хүчин төгөлдөр мөрдөж байгаа хууль дүрмээ дагавал АН үндсэн дүрэмдээ дахин нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй гэсэн үг. Үүнийгээ дагаад хоёр хоногийн дараа товлосон намын дотоод сонгууль ч цуцлагдах учиргай. Гэвч нэр дэвшигчид сонгуулийн хороондоо бүртгүүлж, дэнчингийн мөнгөө хэдийнэ тушаачихсан, сурталчилгаагаа хийгээд явж буйгаас харахад Дээд шүүхийн тогтоол, Улс төрийн намын тухай хуулийн заалт АН-ын удирдлагуудад хамаагүй мэт. Ямар ч байсан ирэх сарын 2-нд АН-ын дотоод сонгуулийг зохион байгуулах нь. Гэхдээ энд нэг асуулт байна. Тэр нь Үндэсний бодлогын хорооны гишүүн, намын анхан, дунд шатны байгууллагын даргад нэр дэвшихэд мөнгөний хэмжүүр тогтоосон нь АН-ын шинэчлэлд хэрхэн нөлөөлөх бол.
 
Өдгөө АН-ын дотоод сонгуульд өрсөлдөхөөр 565 хүн бүртгүүлж өрсөлдөөнөө эхлүүлээд байгаа. Үндэсний бодлогын хорооны 380 суудлын 307 нь чөлөөт, 100 нь залуучуудын, 96 нь эмэгтэйчүүдийн квот хэмээн зааглаж буй. Эдгээр суудалд өрсөлдөж байгаа 511 хүн зүгээр ч нэг бүртгүүлээгүй бас өрсөлдөөгүй. Нэр дэвших гурав, дэнчингийн гурав, нийт зургаан сая төгрөгийг намдаа тушаасан. Харин нийслэл, аймаг, дүүргийн намын хорооны даргад өрсөлдөж буй 54 хүний хувьд тус бүргээ 20-90 сая төгрөгийн хураамжийн намдаа төлсөн. Мөн нийслэл, дүүрэг, аймаг, сумын намын хорооны гишүүнд нэр дэвшигч 12 мянгаас 1.5 сая хүртэлх төгрөгийг өгөөд буй. Энэ мэтчилэнгээр ирэх сарын 2-нд 21 аймаг, есөн дүүрэг, 338 сум, 152 хороонд АН-ынхан дарга, гишүүдээ сонгох юм. Тоон утгаар нь тооцож үзвэл ойролцоогоор 10.3 орчим тэрбум төгрөгийг нэг өдрийн сонгууль зохион байгуулахад зарцуулах хэрэг. С.Эрдэнэ даргын тодотгосноор нийт гишүүд болон сонгуульд гишүүдийн хандив, татвараар намынхаа санхүүжилтийг бүрдүүлдэг, дэлхийн сонгодог жишиг рүү АН цаашдаа явах юм билээ. Тэгвэл намын удирдах байгууллагын бүрэлдэхүүнд орох гэж мөнгө төлж байгаа гишүүд төрийн албанд орвол юу болох ю гэсэн асуултыг С.Эрдэнэ даргаас асуумаар байна.
 
Угтаа бол улс төрийн нам гэдэг нийгмийн ашиг сонирхол болон хувийн үзэл бодол, улс төрийн үйл ажиллагаа явуулах зорилгын үүднээс сайн дураараа эвлэлдсэн иргэдийн нэгдлээр хэмжигддэг. Үндсэн хуульд ч ийм заалт бий. Гэтэл сайн дураараа эвлэлдэн нэгдсэн иргэдийн эрх ашгийг мөнгөний хэмжүүрээр хязгаарлах нь зүйд хэр нийцэх бол. Эсрэгээрээ албан тушаалд хүрэхэд мөнгөний цензур тавьдаг жишгийг АН-ын гишүүдэд төрүүлж буйгаас өөрцгүй. Намын удирдах албанд мөнгө төлж орсон хүмүүс төрийн албанд орвол түүнийгээ дагана. АН сонгуульд яллаа гэхэд сум, дүүрэг, аймаг, нийслэлийн намын даргад тавьсан мөнгөний хэмжүүрээр төрийн албаны томилгоо хийнэ гэсэн үг. Ийм атал намын дарга нь дэлхийн сонгодог жишиг рүү явж байна хэмээн яриад сууж байгаа нь хачирхалтай.

Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө АН хэрхэн шинэчлэгдэх нь олон нийтийн хүрээнд мэдээж сонирхолтой сэдэв. Учир нь, шинэ толгойтой, байртай бас "хөл”-тэй болсон АН-аас хэн гэдэг эрхэм Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж дараалсан ялагдлынх нь цуваанд цэг тавих бол гэсэн хүлээлт, найдлага тавьж байгаа жирийн гишүүд АН-д олон бий.

Гэтэл намын даргынх нь зүгээс бодлогын гэхээсээ мөнгөний хэмжүүртэй шинэчлэл явуулж эхэлсэн нь АН-ыг биш С.Эрдэнийг муухай харагдуулах болов. Улмаар АН-ын анхан дунд шатны удирдлагын бүтцэд жирийн гишүүд нь бус зөвхөн мөнгөтэй нь орох цензур тавьснаараа тэр алдав. Мөнгө төлж намын гишүүн болсон хүн төрийн албанд мөнгө төлж л орно. Хэн нэгнийг ажилд орууллаа гэхэд мөнгөний цензурээ л тавина. Ийм л нэгэн жишиг С.Эрдэнэ даргатай АН-ын шинэчлэлийн үед Монголын улс төрд бий болж байна.


С.СҮЛД /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler