| |
Нийтийн тээврийн эргэн тойронд
Нийтийн тээврийн үйлчилгээг ухаалаг системд шилжүүлснээс хойш 19 сар өнгөрчээ. 2015 оны долдугаар сард нийтийн тээврийн үйлчилгээнд "Удирдлага, мэдээллийн болон цахим төлбөр”-ийн систем нэвтрүүлсэн. Энэ хугацаанд нийт зорчигчдийн 37 хувь нь карт уншуулж 63 хувь нь бэлэн мөнгө төлж байсныг албаныхан онцолж байна. Анхны зорилгоо гүйцэд хэрэгжүүлэхийн тулд ирэх сарын 1-нээс бэлэн мөнгөний хайрцгийг хурааж картаар зорчдог болох аж. Мэдээж энэ шийдвэрийг гаргахад нөлөөлсөн хүчин зүйлс бий. Тухайлбал, бэлэн мөнгөний хайрцгаас гарч ирсэн мөнгөн тэмдэгтүүд нь чанарын шаардлага хангахгүй байдал газар авах хандлагатай болж ирсэн байна. Түүнээс гадна нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч компаниудын шахалт байсныг "Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо”-ны гүйцэтгэх захирал Ж.Дамдинсүрэн хэлсэн юм.
Автобус компаниуд цахим системд шилжсэнээс хойш өдрийн орлого нь гурав дахин буурч байгааг хэлж байсан. Гэвч үүнийг албаныхан үгүйсгэсээр ирсэн билээ. Үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд картын системд шилжихээс өмнө өдөрт дунджаар 850 мянган хүн зорчдог байсныг дуулгасан. Харин системд шилжсэнээс хойш 600 мянган зорчигч тээвэрлэж байгааг албаныхан хэлж байгаа юм. Үүнийг нийтийн тээврийн компаниудын эсэргүүцсээр ирсэн бөгөөд төрийн албаныхны гаргасан тоо бодит байдалтай нийцэхгүй байгааг илэрхийлсээр байна. "Тэнүүн Огоо” компанийн захирал А.Ганхуяг "Өдрийн орлого эрс буурснаас гадна бэлнээр хийж байгаа мөнгөн тэмдэгтүүдийг гүйлгээнд гаргах боломжгүй байна. Мөн өдөрт зорчиж байгаа хүмүүсийн тоог бодитоор гаргах боломж алга гэдгийг ойлгох хэрэгтэй. Цаашилбал, хэдэн жолооч нар маань хулгайд хардагдах нь хэрээс хэтэрч байгаа учраас анхныхаа зорилгод хүрэх алхам хийх ёстой. Тиймээс шахаж шаардсаар мөнгөний хайрцгийг авхуулах болж байгаа юм” гэлээ.
Ингээд нийт зорчигчдыг картаар үйлчлүүлдэг болгохын тулд ирэх сарын 1-нээс 20000 ширхэг картыг үнэ төлбөргүйгээр зорилтот бүлэгт тараах болсноо "Улаанбаатар смарт карт” компанийн үйл ажиллагааны хэлтсийн захирал Р.Ган-Эрдэнэ хэллээ. Түүнчлэн өнгөрсөн баасан гаригаас картын үндсэн үнийг 50 хувийн хөнгөлөлттэйгээр борлуулж эхэлсэн байна. Цахим картын үндсэн үнэ 3600 төгрөг. Харин хөнгөлөлттэйгээр борлуулахдаа 2000 төгрөг болгосон нь борлуулагчдын хувийг нэмсэн хэмээн тэрээр онцоллоо. Ямартай ч тодорхой хэмжээний зорчигчид нийтийн тээврээр зорчих цахим карттай болсноор нийтийн тээвэрт тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэх байх гэсэн хүлээлт үйлчилгээ эрхлэгчдэд байгаа аж. Учир нь нийтийн тээвэрт тулгамдсан бас нэгэн асуудал нь машин цагийн санхүүжилт болон нөхөн олговрын мөнгө нь хугацаандаа орохгүй байгаатай холбоотой. Үүнээс үүдэн компанид олон хүндрэлийг учруулж байгааг "Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо”-ны гүйцэтгэх захирал Ж.Дамдинсүрэн хэлсэн юм. Нэн тэргүүнд ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй хэмжээнд хүрч буйгаа компанийн захирлууд бас хэлж байлаа. Харин Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга Д.Отгонбаатар "Өмнөх саруудад нөхөн олговор, машин цагийн зардлыг хэвийн олгож байсан. Харин энэ удаад программд алдаа гарсан учраас зайлшгүй нягтлах шаардлага гарсан юм. Гэхдээ нөхөн олговрын мөнгийг хугацаанд нь өгсөн гэдгийг хэлмээр байна. Машин цагийн зардлын санхүүжилтийг энэ долоо хоногтоо багтаагаад шийднэ” гэв.
Санхүүжилтээ нэхсэн автобус компаниудын өдрийн орлогыг бодитоор тоолох боломж нь цахим систем гэдэг байсан. Мөнгөний хайрцгийг халснаар санхүүжилтээ нэхсэн компаниудтай ойлголцоход хялбар болох биз ээ. Гэхдээ программын гэмтэл гэх бас нэг асуудал гарч болзошгүй. Түүнээс сэргийлэх ажлыг "Улаанбаатар смарт карт” компани хариуцлагатайгаар хийхийг сануулъя.
Д.ОЮУНЧИМЭГ /ЗУУНЫ МЭДЭЭ/