| |
"Төрийн гэрэгэ”-д нэр дэвшүүлэх бүтээлийн материалыг хүлээж авна
”Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал Төрийн гэрэгэ” шагналыг сар шинээр гардуулна.
Уг шагналд аймаг, нийслэлийн ИТХ, ЗДТГ орон нутагтаа тухайн жилд бий болсон бүтээн байгуулалтыг, Төрийн яамд салбартаа тухайн жилд бий болсон бүтээн байгуулалтыг, иргэд, төрийн бус байгууллагууд дэмжиж буй бүтээн байгуулалтыг нэр дэвшүүлэх эрхтэй. Иймд Ерөнхийлөгчийн Тамгын газар энэ сарын 25-ны дотор нэр дэвшүүлж буй материалыг хүлээж авах гэнэ.
Ерөнхийлөгчийн Тамгын газраас нийгэм, эдийн засаг, оюун санааны ертөнцөд шинэ жишиг гаргаж, олон улсын стандартад хүрсэн, улс орныхоо өрсөлдөх чадварын нэрийн хуудас болж чадсан, бизнесийн шинэ чиглэлийн хөгжилд хувь нэмэр оруулсан дэд бүтэц, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, газар тариалан, аялал жуулчлалын салбарын үйлдвэрлэл, барилга байгууламж, улсын нэр хүндийг өргөсөн, өв соёл, үндэсний уламжлалыг сэргээсэн бүтээл туурвилыг шалгаруулж, жилд нэг удаа, билгийн тооллын он солигдохын өмнө "Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ” шагнал олгодог.
Шагналыг Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд гардуулах бөгөөд тус бүтээн байгуулалтыг бий болгох ажилд идэвх санаачилгатай оролцсон, гардан бүтээсэн, зохион байгуулсан хүмүүсийг төрийн алдар цол одон медальд тодорхойлж болох аж.