|
Видео

Шинэ мэдээ

УЛСТӨРЧДӨӨ ХЭМЖЭЭГЭЭ МЭДДЭГ БАЙ

УЛСТӨРЧДӨӨ ХЭМЖЭЭГЭЭ МЭДДЭГ БАЙ

 

Жил бүрийн өдийд оны шилдэг улстөрч, шилдэг тамирчин, шилдэг тогооч гээд бүхий л салбарынхаа шилдгүүдээ тодруулдаг. Олны шилдэг алдартан шалгаруулах гэж байгаа нь гээд цахим ертөнцөөр л нэг юм болдог. Оны алдартан, салбарын шилдгүүд хэмээх одон медаль, өргөмжлөл, туузаар иргэдийг хуурч халаасыг нь хоослон бизнес хийдэг мэргэжлийн шахам болчихсон луйварчдын мөнгө хийдэг цаг үе эхэлж байна. Овжин сэргэлэн этгээдүүд иргэдийн аав, ээж, ах, эгч, хамаатан садан, анд нөхдөө баярлуулах гэсэн сэтгэл, байгууллагуудын оны алдартнаа тодруулах хэрэгцээ, шаардлага дээр дөрөөлөн мөнгө олдог хэрэг.
 
Та бүхэн санаж байгаа бол хэдхэн жилийн өмнө агентлагийн дарга нар мөнгө төлж, шилдэг болсон байна халъя гээд л бөөн шуугиан дэгдэж байсан. Тодруулбал, 2014 онд нэр бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Засгийн газрын дэргэдэх есөн агентлагийг шилдгээр шалгаруулж өргөмжлөл гардуулан чухам л юм болсон. Уг үйл явдлын дараагаар нөгөө шилдэг гэх есөн агентлагт нь олон нийт "шившигтэй” гэх нэр хайрласан.
 
Учир нь шилдгийн шилдгүүд бус хамгийн муу дүнтэй ажилладаг цаашилбал үйл ажиллагаа нь доголдолтой агентлагуудыг тодруулсанд байгаа юм. Гэтэл эдгээр "шившигтэй” агентлагуудын дарга нар өөрсдийнхөө мөнгөөр бус татвар твлөгчдийн 90 сая төгрөгөөр шилдэг гэх "жааз” худалдаж авсан байсан.
 
Тэгвэл онын шилдэг гэх онцгүй бизнес энэ жил ч явагдаад эхэллээ. Тухайлбал, оны шилдэг улстөрч шалгаруулахаар санал авч эхэлсэн сурагтай. Тодруулбал, Монгол Улсын шилдэг 99 улстөрч шалгаруулах олон нийтийн рейтинг тогтоох судалгаа явуулж эхэлсэн байх бөгөөд уг шалгаруулалтад УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы нэр багтжээ. Гэтэл үүнийг харсан эрхэм гишүүн "Улс нь ядуу байхад улстөрч нь шилдэг байна гэж юу байх вэ. Намайг энэ жагсаалтаасаа хасна уу. Монгол Улсын шилдэг улстөрч шалгаруулж байхаар улсаа ядууруулсан шилдэг хулгайчдыг шалгаруулъя” хэмээн жиргэсэн байх юм.
 
Хэдийгээр энэ үйлдэл нь нэг талаар улс төрийн шоу байж болох юм. Гэхдээ нөгөө талдаа энэ мэт шалгаруулалтад нэрээ багтааж, өргөмжлөл авахын тулд хэдэн,арван саяар нь мөнгө төлдөг дарга нарыг бодвол түүний уг үйлдлийг "эрэлхэг” гэлтэй. Асуудал дөнгөж эхэлж байгаа дээр улстөрчдөд сануулаад хэлэхэд мөнгө төлж шилдэг болбол "шившигт ордог гэдгийг дахин нэг сануулчихъя.
 
Тухайн үед мөнгө төлж, шилдэг болсон агентлагийн дарга нарын асуудал бүр УИХ-ын чуулганы хуралдааны үеэр яригдаж УИХ-ын дарга З.Энхболд "Шилдэг гэх өргөмжлөл нь 10 сая төгрөгийн үнэтэй юм гэнэ лээ. 10 сая төгрөгөө аваад жаазыг нь буцааж өгүүл” гэж Их хурлын индэр дээрээс хэлж байлаа. Түүнчлэн Ерөнхий сайд Н.Алтанхуяг нь уурлаж, агентлагийн дарга нартайгаа хариуцлага тооцно гэж үүрэг өгч байсан удаатай.
 
Тиймээс ч улстөрчид минь энэ гашуун түүхээс сургамж авч, Т.Аюурсайхан шиг хэмжээгээ мэддэг байгаасай билээ. Тэгээд ч эдийн засаг нь элгээрээ хэвтээд элдэв хасалт, таналт хийгээд ард иргэдээ зовоохын дээдээр зовоож байгаа гэдгээ нэг бодчихоорой. Хэрвээ манай улсад үнэхээр "ШИЛДЭГ 99” улстөрч байсан бол гуравхан сая хүнийг ийм амьдралаар амьдруулах байсан уу бас бодох л асуудал шүү.

Монголын мэдээ
Ж.Отгонмягмар
 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler