| |
Валютын ханшийн өсөлт, төгрөгийн үнэгүйдлийг иргэд амсаж байна
Ханшийн огцом хэлбэлзлийг Монголбанк зах зээлийн суурь хүчин зүйлтэйгээ нийцээгүй, тэнцвэрт түвшнээсээ гажсан, түр хугацааны шинж чанартай хөөсрөлт байсан хэмээн дүгнэсэн. Тэгвэл үүнд хариулт авахаар Эдийн засгийн сэтгүүлчдийн "Өөрчлөгч” клубээс Хэвлэлийн хүрээлэнд "Валютын ханшийн огцом хэлбэлзэл, түүнийг тогтворжуулах арга замууд” сэдэвт олон талт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Ам.долларын ханш 2720-2440 төгрөгт хүрч буурсныг Монголбанк богино хугацаанд валютын захад эрчимтэй оролцсоноор хөөрөгдлийг зогсоосон хэмээн тайлбарлаж байна. Тиймээс цаашдаа байнга интервэнц хийж, ханшийг барих уу, үгүй юу гэдэг асуудалд олон талын байр суурийг хүргэхээр дээрх хэлэлцүүлгийг зохион байгуулж байна хэмээн "Өөрчлөгч” клубын ахлагч Б.Эрдэнчимэг онцоллоо.
Хэлэлцүүлэгт МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч Б.Лхагважав, Монголбанкны ахлах эдийн засагч Б.Түмэнцэнгэл, Монголын хөрөнгөийн зах зээлийн судлаач А.Мөнхцог нарын албаны хүмүүс оролцсон юм. Тэдний валютын ханшийн талаарх байр суурийг хүргэе.
МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч Б.Лхагважав: "Валютын ханшийн өсөлт, төгрөгийн хэлбэлзлийн үр дүнг бизнесийн хүрээнийхэн болоод иргэд амсаж байна. Төгрөгийн үнэгүйдэл бол макро түвшинд гарч буй бодлогын алдаа юм. Сүүлийн 3-4 жилд бизнес эрхлэгчид тун хүнд байдалд ажиллалаа. Одоо тэд ажлын байраа яаж авч үлдэх вэ гэдэгт мэрийж байна. Сонгуулиас хойш төгрөгийн ханш 20 хувиар суларлаа. Гэтэл макро эдийн засагчид, судлаачид мөнгөний бодлогыг тодорхойлогчид, их, дээд сургуулийн багш нар төгрөгийн ханш дээр дүгнэлт хийхгүй байна. Тиймээс улстөрчдийн шийдвэр, тэдний хийж байгаа үйл явцыг ажиглах нь МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн нэг үүрэг болчихоод байгаа. Төгрөгийн ханшийн бууралтад 2 хүчин зүйл нөлөөлсөн гэж дүгнэж байна. Өмнөх Ерөнхий сайд сонгуульд ялахын тулд 300 мянга буюу хувьцааны мөнгө гээд 1.7 их наяд төгрөгийг хэвлэж тараасан. Ам.долларын огцом өсөлтөд энэ яах аргагүй нөлөөлсөн гэж үзэж байна. Нөгөөтэйгүүр Эрдэнэтийн асуудал нөлөөллөө. Эрдэнэтийн 49 хувийг авахын тулд Монгол Улс 7 хоногийн хугацаанд нэг дор 483 сая ам.доллар ОХУ руу гаргав. Үүнд яагаад Төвбанк дуугүй суув аа. Эрдэнэтийн асуудалд мэргэжлийн хүмүүсийг оролцуулж зөв шийдэл гаргаж болоогүй юм уу. Ийм их хэмжээний ам.доллар гадагшлуулахад валютын хомсдол үүсэх нь зүйн хэрэг. Үр дүнг нь зах зээлд оролцогч бүх талууд үүрч байна. Нэг болохоор мөнгө хэвлээд тараачихдаг. Эсвэл том худалдан авалтыг нууцаар хийж, эдийн засгаа хүндрүүлдэг энэ асуудлыг шийдвэр гаргагчдаас асуух цаг нь болсон. Дээрх 483 сая ам.долларыг хоёр хувааж төлөх боломж Монгол Улсад байсан шүү дээ. Энэ бол эдийн засгаа мэдэрдэггүй, худалдааны чиглэлээр мэдлэггүй байгаатай холбоотой. Тиймээс монголын эдийн засагчид хүчтэй дуугарч асуудалд бодитой хандах хэрэгтэй байна” хэмээн онцлов.
Ам.долларын ханшийн өсөлтийг хазаарлахад Монголбанк ямар бэлтгэлтэй байгаа талаар Монголбанкны ахлах эдийн засагч Б.Түмэнцэнгэл ийнхүү хариулав.
"Валютын ханшийн огцом савлагаа монгол хүн бүрийн санаа зовж буй асуудал. Яагаад ханш савлав гэдэгт үндсэн гурван шалтгаан бий. Эдийн засгийг бүтцээр нь аваад үзвэл Монгол Улс 26 жил экспортлогч орон болно гээд чадсангүй. 2016 онд нийт экспортын 90 орчим хувь нь уул уурхайн хагас боловсруулсан бүтээгдэхүүн эзэлж байна. Ийнхүү экспорт сайжраагүй үед Монгол руу орж ирэх валютын урсгал хязгаарлагдмал байх нь дамжиггүй. Тиймээс үүнд анхаарал хандуулах зайлшгүй шаардлага гарч ирсэн. Хоёрдугаарт дэд бүтцийн асуудлыг хөндөх ёстой. Монголд валютын арилжаа ил тод нээлттэй биш байна. Энэ дэд бүтэц хөгжөөгүйтэй холбоотой. Тиймээс мөнгөний бодлогод энэ платформыг сайжруулахаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Платформыг сайжруулснаар валютын зах дээр хэн хэдэн ам.долларыг ямар ханшаар авах, зарах вэ гэсэн мэдээлэл ил болно. Мэдээлэл ил болсноор цуу яриагаар ханш савлах явдал үгүй болох юм” гэлээ.
Ам. долларын ханш цаашид хэрхэх вэ гэдэгт Монголын хөрөнгийн зах зээлийн судлаач А.Мөнхцог хариулахдаа, "Монголын хөрөнгийн зах зээлийн зөвлөлөөс санал асуулгаар ам.долларын ханш цаашид хэрхэх талаар судалгаа явуулсан.Судалгаанд иргэд, эдийн засагчид, зах зээл судлаачид хамрагдаж ам.долларын өсөлт жам ёсных бус хөөрөгдөлт гэдгийг тодорхойллоо. Судлаачдын 62 хувь нь ам.долларын ханш энэ оны эцэс хүртэл өснө гэж дүгнэсэн. 2017 оны төгсгөлд ам.долларын ханшийг судлаачдын 32 хувь, иргэдийн 32 хувь нь өснө гэж үзлээ. Тэгэхээр олон нийтийн дунд ханшийн өсөлт үргэлжилнэ гэсэн хүлээлт байна. Тиймээс Монгол Улс юун түрүүнд мөнгөний захаа нээлттэй болгох хэрэгтэй. Зах зээлийн зарчмаар ам.доллараа борлуулж эхэлбэл зохиомол үнэ үүсэхгүй" гэв.
Ийнхүү талууд валютын ханшийн талаар байр сууриа илэрхийлсэн юм.
Өнөөдрийн Монголбанкны ам.долларын зарласан ханш 2462 төгрөгтэй тэнцэж байна. Монголбанкны валютын нөөц 1 тэрбум орчим ам.доллар байгааг Монголбанкны ахлах эдийн засагч Б.Түмэнцэнгэл хэллээ.
Төвбанкны зүгээс хэсэг бүлэг хүмүүсийн тоглолтоос үүдэлтэй огцом хөдөлгөөн гарвал оролцоно. Харин эдийн засгийн суурь хүчин зүйлтэйгээ нийцтэйгээр ханш аажмаар сулрах буюу чангарах трендийн эсрэг тэмцэхгүй гэдгээ мэдэгдсэн юм.
Б.Заяа МОНЦАМЭ