| |
Худалдааны татварыг 0 эсвэл таван хувь болгох шаардлагатай гэв
УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм.
Байнгын хорооны хуралдаанд төсөл санаачлагчийн илтгэлийг Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улс Дэлхийн худалдааны байгууллагын олон талт худалдааны хэлэлцээрийн "Гарал үүслийн дүрмийн тухай хэлэлцээр”-т 1994 онд нэгдэн, улмаар 1997 онд Дэлхийн худалдааны байгууллагад "Тариф худалдааны ерөнхий хэлэлцээр”-т гишүүнээр элсэж орсон. Засгийн газраас Дэлхийн худалдааны байгууллагын тариф, худалдааны ерөнхий хэлэлцээрт гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийг нийцүүлэн нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах талаар чиглэл өгсөн гэдгийг дурдав.
Монгол Улсын олон улсын гэрээ, эсхүл нотлох баримт бичиггүй бараанд нэн тааламжтай тариф хэрэглэх, барааны гарал үүслийг нотлох баримт бичигтэй холбоотой зохицуулалт болон барааны гарал үүслийн гэрчилгээ заавал шаардагдах барааны жагсаалтыг Засгийн газар батлах зохицуулалтыг мөн тус тус нэмж тусгажээ. Түүнчлэн Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 4, 31 дүгээр зүйлийн холбогдох заалтуудыг Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээрт нийцүүлэн өөрчилсөн.
Гишүүдийн хувьд олон жилийн өмнө Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн болчихоод өнөөдөр хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах, шаардлагатай байгаагийн учрыг тодруулахын зэрэгцээ хөнгөлөлттэй тарифын жагсаалтад хэчнээн орон багтаж, ямар хөнгөлөлт эдэлдэг талаар сонирхож байлаа.
Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил "Монгол Улс Япон улсын хооронд эдийн засгийн түншлэл, чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсан. Хэлэлцээр байгуулсан болохоор Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орнуудын баримталдаг хөнгөлөлтийн тарифыг мөрдөх ёстой. Монгол Улс өмнө нь нэг ч улстай эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хийж байгаагүй болохоор холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагагүй байсан юм. Өнөөдөр Япон улстай эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулсан учраас хөнгөлөлтийн тарифыг мөрдлөг болгохгүй бол тус улсаас оруулж ирж байгаа худалдаанд 10 хувийн татвар ногдох асуудал үүсээд байгаа юм. Тиймээс энэхүү хуулийн төслийг өргөн барьж худалдааны татварыг тэглэх буюу эсвэл таван хувь болгох шаардлагатай байна" гэж хариулав.
Ингээд хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжиж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх боллоо.