| |
ДОЛЛАРЫН ХАНШ ӨСЧ НАЙМААЧИД ЭРГЭЛТГҮЙ БОЛЖЭЭ
Сүүлийн хэдэн cap долларын ханш эрчимтэй өсох болсон. Үүнээс болж бараа бүтээгдэхүүний үнэ өслөө гэх хандлага иргэдийн дунд гарсан билээ. Тиймээс жижиг дунд бизнес эрхлэгчидтэй уулзаж, долларын өсөлт бизнес эрхлэгчдэд хэрхэн нөлөөлж буй талаар "Speak out” бэлтгэлээ.
Ц.Минсэл: Иргэдийн худалдан авалт буурсан
/Машины сэлбэгийн худалдагч/
-Манайх Ланд-80, 200 машины сэлбэг зардаг. Би хүний лангуун дээр зогсож, худалдагч хийдэг. Сүүлийн жилүүдэд иргэдийн худалдан авалт буурсан нь эрс мэдрэгдэж байгаа. Өдөрт зардаг сэлбэгийн тоо ч буурах болсон. Яах вэ, өвөл болохоор авто машины худалдан авалт буурдаг л даа. Өвлийн улиралд хумүүс аялал зугаалганд явдаггүй учраас буурчихдаг юм. Цагаан сарын дараа гайгүй болж болж эхэлдэг.
Гэхдээ өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад автомашины сэлбэг худалдан авах иргэдийн тоо буурсан нь эрс ажиглагдаж байна. Энэ нь бараа бүтээгдэхүүний үнэ өссөнтэй холбоотой. Бараа бүтээгдэхүүний үнэ яагаад өсч байгаа нь ойлгомжтой шүү дээ. Долларын ханш өссөнтэй шууд холбоотой. Машины сэлбэг ч ялгаагүй дагаад өссөн. Манай энэ хавийнхан үнээ өсгөлөө гэж байна билээ. Манайх бол үнээ өсгөөгүй. Иргэд үнээ нэмээгүй байхад авч чадахгүй байгаа юм чинь нэмчихвэл бүр ч авахгүй шү
ү дээ. Гэхдээ зарим наймаачид үнээ нэмээд ч болтугай ганц, хоёр сэлбэг хэрэгсэл зараад дараагийн эргэлтээ бодож байгаа байх.
Г.Насанжаргал: Наймдугаар сараас хойш бараагаа татсангүй
/Хувиараа бизнес эрхлэгч/
-Долларын ханшийн өсөлт бидэнд нөлөөлөлгүй яах вэ дээ. Валютын урсгал л юм чинь. Бидний хувьд бараа таталт, эргэлт гэдэг зүйл зогсоод удаж байна. Аль 7,8 дугаар сард зогссон. Манайх л гэхэд наймдугаар сараас хойш бараагаа татсангүй. Үнэхээр шаардлагатай гэвэл захиалгын яаралтай барааг л авч байгаа. Түүнээс биш сардаа нэг бараа татаад л ашгаараа дахиад явдаг үе өнгөрсөн. Бараг мартагдаж байна шүү дээ. Амьдралаа залгуулах гэж яваа бидэнд долларын ханш өсөлт их хүндээр тусч байна. Долларын үнэ өсчихөөр цаанаас бараа оруулж ирэхэд үнэтэй байгаа юм. Цаад зарж байгаа хүмүүс нь үнээ нэмчихээр бидэнд хэцүү. Ашиг орлого бага хэрнээ хэт үнэтэй бараанд яваад байх хэцүү шүү дээ.
Яах вэ зарим хүмүүс хаа байсан америкийн мөнгөн тэмдэгт бидэнд ямар хамаатай юм бэ гэж бодож байж магадгүй. Өнөөдөр доллар бүх зүйлд хамааралтай болсон байна. Дэлхийн ихэнх улсад нөлөөгөө үзүүлж байна. Хятадын юанийн ханш хүртэл өсчихлөө. Эдийн засгийн хямралтай үед долларын ханш өсөөд байхаар чинь барааны үнэ нэмэгдээд байна. Барааныхаа үнийг нэмчихээр иргэд нь худалдаж авч дийлэхгүй. Ийм л нөхцөлд амьдарч байна. Одоо гарсан засгийн газар ч гэсэн энд анхаарах хэрэгтэй. Иргэдийн амьдрал өдөр бүр доройтож, ядуурал ихэсч байна гэдэг. Тэгвэл тэр чинь долларын ханшийн өсөлттэй л холбоотой гэдгийг ойлгомоор байгаа юм. Монгол мөнгө үнэгүй болчихоод байна. Монголын нэг төгрөг эх орондоо ч, гадаадад ч үнэгүй байна.
Манай улсад нэг төгрөгөөр, за бүр больё 20 төгрөгөөр юу худалдаж авч болох вэ. 100 төгрөгөөр юу авч хүрэх вэ. 100 төгрөгийн бохь гэж л байхаа больчихсон байна. Ийм байхад иргэд мянга ажил, хөдөлмөр хийгээд нэмэр алга. Цалин бага. Орон сууц нь тэнгэрт тулсан өндөр үнэтэй. Залуучуудаа дэмжинэ гээд л байдаг. Үнэндээ энэ бүхэн шал худал зүйлс. Үргэлж л худал ярьдаг. Залуучуудаа үнэхээр дэмжмээр байгаа бол монгол төгрөгөө дэлхийн зах зээлд үнэд хүргэ л дээ. Тэгж байж бидний цалин гэж авдаг хэдэн төгрөг юм болно. Тэгэхгүй долларт дарлуулсан хэвээрээ л байх юм бол залуусаа дэмжинэ гэж мянга яриад хэрэггүй. Үүнд наймаа эрхлэгчид ч ялгаагүй адилхан өртөж байна.
Ч.Нарантуяа: Нэг ширхэг өндөг хүртэл 20- 30 төгрөгөөр нэмэгдсэн
-Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Долларын ханш өссөн нь хувиараа жижиг бизнес эрхэлдэг бидэн шиг хүмүүст маш хүнд тусч байгаа. Ерөөсөө жижиг гэхгүй барааны үнэ нэмэгдлээ.
Жишээлбэл, нэг ширхэг өндөг хүртэл 20-30 төгрөгөөр нэмэгдсэн шүү дээ. Талхны үнэ ч гэсэн дагаад нэмэгдсэн. Яах вэ, манай том үйлдвэрүүд үнээ гайгүй барьж байгаа л даа. Гэхдээ л "Талх чихэр” компанийн үйлдвэрлэдэг талхны үнэ нэмэгдсэн. Гаднаас импортоор орж ирдэг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ бүгд өссөн. Элсэн чихэрний үнэ хүртэл нэмэгдлээ. Үүнийг дагаад иргэдийн худалдан авалт ч багассан. Өнгөрсөн жилтэй харьцуулахад иргэдийн худалдан авалт 50 хувиар буурсан. Энэ нь бидэнд маш муу нөлөө үзүүлж байна. Худалдан авагчид байхгүй бол наймаачид бид яаж бизнесээ эрхлэх билээ. Импортоор оруулж ирдэг барааны тоо ширхэг хүртэл дагаад буурчихаж байгаа юм чинь яаж ашиг олох вэ дээ.
Сүүлийн үед иргэд дэлгүүр гэхээс илүү томоохон зах, бөөний худалдааны төвүүд рүү явдаг болсон байна. Ер нь бөөний дэлгүүрт ялгаагүй л үнэтэй байгаа. Биднийг бодвол 100-200 төгрөгийн л хямд үнээр зардаг. Иргэд өргөн хэрэглээний барааны үнэ өсөөд өөрсдөө ч мөнгөгүй болчихоороо аль хямд газар руу л явцгааж байна. Түүнээс болж жижиг дэлгүүрүүд үйлчлүүлэгчдээ алдах, үйлчлүүлэгчдийн тоо цөөрөх болсон. Долларын ханш иргэдийн амьдралд шууд нөлөөлж байгааг төр засаг анхаарч үзээсэй гэж хүсмээр байна. Манай улс ихэнх бараа бүтээгдэхүүнээ гадаадын улс орноос импортоор авдаг болохоор доллар, юанийн өсөлт бидэнд ингэж нөлөөлж байгаа юм. Бизнес гэлтгүй ар гэрт хүртэл нөлөөлж байна.
А.Эрдэнэчимэг: Ам.долларын ханш өссөн гээд хятадууд ч гэсэн барааныхаа үнийг нэмлээ
-Нөлөөлөлгүй яах вэ. Бидэнд хамгийн ихээр нөлөөлж байгаа. Би хувиараа хөшиг зардаг. Өмнө нь орлого ихтэй учраас бараагаа хурдан эргэлтэд оруулдаг байлаа. Сая сүүлийн хэдэн сap долларын ханш огцом өссөн гээд эргэлтэд оруулж чадахгүй байна. Хүмүүс ч хөшиг худалдаж авахгүй юм.
Би Хятадаас бараагаа татдаг. Доллар өссөн гээд хятадууд ч гэсэн барааныхаа үнийг нэмлээ. Юанийн ханш нь ч өссөн. Худалдан авалт байхгүй болохоор л бид бараандаа явж чадахаа больчихож байгаа юм. Хүмүүс бие биетэйгээ харилцан хамааралтай амьдардаг гэдэг нь эндээс харагдаж байгаа юм л даа. Улс орны эдийн засаг хямарсан гэж байна. Үүнээс болж олон хүн ажлаасаа халагдаж, олон байгууллага цалингаа тавьж чадахгүй байгаа юм. Ажилгүй, цалингүй иргэд худалдан авалт хийж чадахгүй шүү дээ. Иргэд юм худалдаж авахгүй болохоор бид орлогогүй болчихдог. Орлогогүй байж үнэтэй бараа оруулж ирэх хэцүү. Ингээд л дам дамандаа л нэг нэгнээсээ хамааралтай амьдардаг. Өөрөөр хэлбэл, долларын ханшийн өсөлт бидэнд ч иргэдэд ч нөлөөлж байна гэсэн үг.
Би хамгийн сүүлд өнгөрсөн есдүгээр сард бараандаа явж ирсэн. Түүнээс хойш одоо болтол яваагүй. Уг нь одоо явах хугацаа нь болсон л доо. Худалдан авалт, орлого байхгүй болохоор явж чадахгүй байна. Бид ганцхан бараа татаад амьдрах биш. Энэ лангууг хүртэл түрээслэж суудаг. Тийм болохоор лангууныхаа түрээсийг өгөхөөс эхлээд асуудал их гарна. Дээр нь худалдан авагч багасчихаар бүр хэцүү л дээ.
Өмнө нь хүмүүс зүгээр үзэж явж байгаад өөрт нь таалагдвал "За гэрийнхээ хөшгийг сольё. Манайх ч одоо солихоор болсон шүү” гээд авчихдаг байсан. Одоо бол үнэхээр шаардлагатай, зорьсон хүмүүс л ирж авдаг. Энд чинь би ганцаархнаа хөшиг зараад суугаагүй. Олон хүн бий. Тэгэхээр өдөрт хөшиг авах 10 хүн байлаа гэхэд над дээр нэг нь ирэх үү, үгүй гэдэг л болж байгаа юм. Долларын ханшинд дарлуулаад л амьдарч байна даа. Эргэлтээ хийж чадахгүй байгаа юм чинъ дарлуулснаас өөрцгүй биз дээ.
Монголын мэдээ
Н.Батзаяа