| |
Видео
Шинэ мэдээ
Барилгын үндэсний ассоциацитай санамж бичигт гарын үсэг зурлаа
Монгол Улсын хот байгуулалт, барилгын салбарын хөгжилд хувь нэмрээ оруулан, харилцан үр ашигтай тогтвортой хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Монголын Барилгын Үндэсний Ассоциацийн Ерөнхийлөгч Д.Цэрэнжигмэд нар санамж бичиг байгуулав.
"Аз жаргалтай Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын хот байгуулалт, барилгын салбарын хөгжилд хамтын хүчин чармайлтаар хувь нэмрээ оруулахад Санамж бичгийн зорилго нь оршиж байгаа юм. Энэхүү санамж бичигт нийслэлийн Засаг даргын дэргэд дараах 4 чиглэлээр 9 хүний бүрэлдэхүүнтэй орон тооны бус зөвлөл байгуулан ажиллана гэж заасан байна.
- Хот төлөвлөлт, архитектурын бодлогын зөвлөл: Хотын стандартыг бий болгох, хот төлөвлөлт, барилгын салбарын хууль эрх зүй, бизнесийн орчныг сайжруулах, газар зохион байгуулалт, түүний менежментийг боловсронгуй болгох, түүнтэй холбоотой холбогдох хууль тогтоомжинд өөрчлөлт оруулах чиглэлээр хамтран ажиллах, шинээр төлөвлөж буй суурьшлийн бүс, аж үйлдвэрийн парк, тээвэр ложистекийн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр
- Барилга, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын зөвлөл: Угсармал орон сууцны дулаан техникийн шинэчлэл төсөл, автомашингүй гудамж дэд төсөл, түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах, орон сууцны нэгдсэн цахим мэдээллийн сан байгуулах
- Инженерийн дэд бүтцийн хөгжлийн зөвлөл: Дулаан, цахилгаан, цэвэр усны эх үүсвэр, бохир ус зайлуулах, цэвэрлэх системийн дэвшилтэт технологи, оновчтой шийдлүүдийг судалж, төлөвлөх
- Барилгын чанар, аюулгүй байдал, зөвшөөрлийн зөвлөл: Барилгын материалын ханган нийлүүлэлт, чанар, стандарт, хөдөлмөрийн болон техникийн аюулгүй ажиллагааг сайжруулах, барилга, инженерийн шугам сүлжээний зөвшөөрөл лицензийн зохицуулалтыг илүү боловсронгуй хүндрэлгүй болгох чиглэлийн ажлыг хамтран төлөвлөж ажиллана.
Дээрхи зөвлөлүүдийн үйл ажиллагаа нь хамтарсан судалгаа хийх, харилцан мэдээлэл солилцох, талуудын зохион байгуулж арга хэмжээнүүдийг дэмжин ажиллана.
Санамж бичиг нь гарын үсэг зурсан өдрөөс эхлэн дөрвөн жилийн хугацаанд хүчин төгөлдөр байх юм. Үр дүнг хүчин төгөлдөр болсноос хойш жил бүр хамтран дүгнэнэ гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.