| |
Тэтгэвэрт гарахад олгодог 36 сарын тэтгэмжийг хэвээр олгохоор болов
УИХ-ын 2016 оны намрын ээлжит чуулганы өчигдрийн үдээс хойших хуралдаан 15.40 цагт эхэлж, Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм.
Хуулийн төслүүдийн талаархи Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн танилцууллаа. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулж УИХ-ын гишүүн Л.Болд, Б.Саранчимэг, Д.Эрдэнэбат нар асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
Гишүүдийн хувьд Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд "Насны хишиг”-ийг 70 наснаас эхэлж байсныг 65 наснаас эхэлбэл төсөвт хэр ачаалал үүсэхийг, төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламжийг ажилласан хугацааг нь харгалзан 36 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээтэй байдаг тухайн заалт сэргээгдсэнийг, хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд ялгаварлалгүй олгох боломж байгаа эсэхийг тодруулсан юм.
Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар Засгийн газраас "Насны хишиг”-ийг олгоход төсвийн төсөлд 21 тэрбум төгрөг төсөвлөсөн байсан. Байнгын хорооны хуралдаанаар насны босгыг 65-аас эхлэх зарчмын зөрүүтэй санал дэмжигдсэн байгаа. Гэхдээ Засгийн газрын оруулж ирсэн мөнгөн дүнд багтааж зохицуулсан учраас төсөвт хүндрэл гарахгүй.
Төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэрт гарахад ажил олгогчоос олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн тухай заалтыг тэр чигээр нь сэргээж байгаа гэж Засгийн газраас бидэнд хэлсэн. Хүүхдийн мөнгийг эдийн засаг, төсвийн хүндрэлээс болоод 2015 онд 40 хувьд нь олгохгүй гэж байсан.
Харин МАН-аас энэ мөнгийг бүх хүүхдэд олгохоор шийдсэн. Гэхдээ 60 хувьд нь бэлнээр, 40 хувьд нь хадгаламжийн хэлбэрээр дансанд нь хийж өгөхөөр болсон гэж хариулж байлаа.
"Насны хишиг”-ийг 65 дээш насныхан хүртэхээр боллоо
Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлах байнгын хорооны саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 85.4 хувь нь дэмжив.
Үүний дараа Төсвийн хуулийг дагалдан өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийн талаархи зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалт явууллаа. Эдгээр саналууд нь Төсвийн байнгын хороогоор дэмжигдсэн юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, А.Ундраа, С.Чинзориг, Б.Саранчимэг, Д.Сарангэрэл, М.Оюунчимэг, Ц.Цогзолмаа, Ё.Баатарбилэг нарын Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд билгийн тооллын хаврын тэргүүн сар-цагаан сар, Үндэсний их баяр наадам Ардын хувьсгалын ойн баярыг тохиолдуулан 65-69 настай ахмадуудад 50 мянга, 70-79 настанд 80 мянга, 80-89 настай ахмадуудад 100 мянга, 90 ба түүнээс дээш настай ахмадуудад 200 мянган төгрөгийг жилд хоёр удаа олгох саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 67.4 хувь нь дэмжлээ.
Цэргийн албан хаагчдын тэтгэврийг бууруулах төслийг буцаав
Хуулийн төсөлд цэргийн албан хаагчдын ажлын онцлогийг харгалзан, тэднийг өндөр настны тэтгэвэрт гарахад олгодог нэг удаагийн буцалтгүй тусламжийн хэмжээг бууруулахаар тусгагдан байв. Иймд УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Г.Занданшатар, Ц.Цогзолмаа нар Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг төсөл санаачлагчдад нь буцаах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 78.4 хувь нь дэмжив.
Түүнчлэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон "Хүүхдийн мөнгө олгох талаар авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын дагаж мөрдөх хугацааг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөр тогтоохоор боллоо.
Төсвийн байнгын хорооны хуралдаанаар дэмжигдээгүй зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулсан ч гишүүдийн дэмжлэг авсангүй. Ингээд Төсвийн тухай хуулийг дагалдан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд болон УИХ-ын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүлсэн юм.
Хүүхэд харах үйлчилгээний төсвийн санхүүжилтэд 5.8 тэрбум төгрөгийг нэмэв
Үргэлжлүүлэн Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Хүрэлбаатар, УИХ-дахь МАН бүлгийн санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Я.Содбаатар, АН-ын бүлгийн санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ танилцуулав.
Санал, дүгнэлттэй холбогдуулж үг хэлж, байр сууриа илэрхийлэх гишүүн байгаагүй учир Төсвийн байнгын хорооны хуралдаанаар дэмжсэн зарчмын зөрүүтэй 40 саналын томьёолол бүрээр санал хураалт явууллаа.
Ажлын хэсгээс төсвийн орлогыг нэмэгдүүлэхээр гаргасан 2017 оны төсвийн төслийг боловсруулахад тооцсон төгрөгийн ам.доллартай харьцах ханшийн өөрчлөлттэй холбоотойгоор 2017 оны төсвийн жилд улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг 90,758.2 сая төгрөгөөр, Ирээдүйн өв сангийн орлогыг 13,531.0 сая төгрөгөөр, Төсвийн тогтворжуулалтын сангийн орлогыг 519.5 сая төгрөгөөр нэмэгдүүлэх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 90.5 хувь нь дэмжив гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
|