|
Видео

Шинэ мэдээ

Хэвлэлийн эрх чөлөөг боомилж, сэтгүүлчдийн эрхэнд халдсаар байна

Хэвлэлийн эрх чөлөөг боомилж, сэтгүүлчдийн эрхэнд халдсаар байна

 

Өнөөдөр шударга үнэний дуу хоолой болсон Монголын болон дэлхийн олон зуун мянган сэтгүүлчийн эсрэг үйлдэж буй гэмт хэргийг ял шийтгэлгүй өнгөрөөхийг эсэргүүцсэн олон улсын өдөр. Өнгөрсөн арван жилийн хугацаанд дэлхий даяар 800 гаруй сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан ажил мэргэжлээ гүйцэтгэж яваад амиа алджээ гэсэн харамсалтай тоон мэдээлэл байдаг. Эдгээрээс тодорхой хувь нь дайны бүс нутагт орох ч сүүлийн жилүүдэд энх тайван улсад ч сэтгүүлчид гэмт халдлагад өртөх тохиолдол онцгой нэмэгдсэнийг НҮБ санаа зовнин мэдэгдэж байна.

Монгол Улс хэвлэлийн хагас эрх чөлөөтэй орны тоонд ордог. Энэ нь сэтгүүлчийн хэвлэн нийтлэх эрх чөлөө, эрүүл мэнд, амь насанд заналхийлэл учруулах явдал хавтгайрснаас үүдэлтэй.

"Глоб интернэшнл” ТББ-ын гаргасан судалгаагаар өнгөрсөн онд 78 сэтгүүлчийн эрхэнд халдсан тохиолдол гарчээ. Сэтгүүлчийн эрүүл мэндэд халдсан тав, өөрийг нь болон ар гэрийг нь сүрдүүлсэн, дарамталсан 12, мэдээлэл олж авахад саад болсон зургаа, ажлын багаж хэрэгсэлд халдсан дөрвөн удаагийн тохиолдол гарсан байна. Мөн шүүх, хүчний байгууллагаар дарамталсан 17 тохиолдол гарсан бол нууц эх сурвалжаа илчлэхийг шаардсан 10 удаагийн тохиолдол гарчээ. Эрүүгийн хэрэг үүсгэн, саатуулагдсан явдал 12 удаа гарсан байна. Эдгээр нь зөвхөн тус байгууллагад хандсан сэтгүүлчдийн мэдээлэл. Мэдээлэхгүй, гомдол гаргахгүй өнгөрөх тохиолдол үүний цаана олон байна гэдгийг хуулийнхан болон сэтгүүлчдийн эрхийг хамгаалах байгууллагынхан онцолж байна.

Үнэндээ өнөөдөр телевизийн эфир сонины редакц руу, сэтгүүлч рүү дайрч дарамталсан, заналхийлсэн хүмүүс утасдах нь энгийн үзэгдэл болсон. Орцонд нь зодсон, гэрийг нь дайрсан, хорьсон, камер эд зүйлсийг нь эвдсэн, эмнэлгийн үйлчилгээ үзүүлэхээс татгалзсан гээд  тоочвол олон зүйлийг дурьдана. Нийгэмд шударга үнэний дуу хоолой болж явсан туршлагатай сэтгүүлчид цаг бусаар амиа алдсан хэргүүд ч гарлаа. Энэ төрлийн хэрэгт сэтгүүлч Л.Болормаа, Г.Наранбаатар нарын амиа алдсан хэргийг дурдаж болно. Гэвч өнөөдрийг хүртэл сэтгүүлчид амиа алдаж, эрүүл мэндээрээ хохирч, эрх чөлөөгөө хасуулсны хохирол барагдахгүйгээр хэрэгтэн ял шийтгэлгүй өнгөрсөөр байна. Тиймээс ч НҮБ-ын Ерөнхий асамблей гишүүн ор­нуу­даасаа сэтгүүлч, хэв­лэл мэдээллийн ажилт­нуудын эсрэг хүчир­хийллээс урьдчилан сэр­гий­лэх, тэдний эсрэг үйлдэгдсэн сэжиг бүхий бүх хэлбэрийн хүчир­хийллийн хэргийг шүүх эрх мэдлийн хүрээнд үнэн шударга, түргэн шуурхай, үр дүнтэй мөрдөн шалгах, эдгээр төрлийн гэмт хэрэг үйлдэгчдэд хариуцлага хүлээлгэх, хохирогчдыг шүүхээр хамгаалуулах эрхээр хангах асуудалд хариуцлагатай хандах талаар боломжтой бүхнээ хийхийг шаарджээ.

Үзэл бодлоо илэрхийлэх эрх, ялангуяа хэвлэлийн эрх чөлөөг боогдуулснаар мэдээлэлтэй, идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгэм бүрэлдэн тогтнох боломжгүй. Сэтгүүлчид ард түмний элч. Ард түмний хүсэл зорилгыг төрд дамжуулж төр засгийн үйл ажиллагааг зөв замд чиглүүлэх гол хэрэгсэл нь хэвлэл мэдээлэл. Тийм учраас дөрөвдэх засаглал, хоточ банхар мэтээр нэрлэдэг. Гэтэл өнөөдөр хэвлэлийнхнийг худалдагдсан, ёсзүйгүй, эх хэлний мэдлэггүй гэх мэтээр гоочлох хүн цөөнгүй болж. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдэг. Алдаа, оноотой нэгнийг бусдад нь нялзаавал эсрэгээрээ та үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, мэдээлэл олж авах эрхээ өөрөө хааж байгаагаас өөрцгүй. Үүний үрээр бид ардчилсан Монгол Улс ч гэлээ алагчилсан нийгэмд амьдарч байна. Гэвч өглөө бүр зуу, зуун сэтгүүлч дөрөвдэх засаглал, хоточ банхрынхаа үүргийг гүйцэтгэхээр таны төлөө, эрүүл нийгмийн төлөө үзгээ шүүрэн сонины редакци, телевизийн эфирээсээ гардаг юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

 
Б.Заяа

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler