|
Видео

Шинэ мэдээ

Филиппиний ерөнхийлөгч Дутерте АНУ-аас “салж” байгаагаа зарлалаа

Филиппиний ерөнхийлөгч Дутерте АНУ-аас “салж” байгаагаа зарлалаа

 

Олон улсын анхаарлыг татаж байгаа Филиппиний ерөнхийлөгч Родриго Дутертегийн Хятад улсад хийж байгаа айчлал үргэлжилж байна.

Бээжин тэр болгон гадаад орнуудын удирдагч нарт үзүүлээд байдаггүй хүндэтгэлийг Дутертед үзүүлж, улаан хивс дэвсэн, марш хөгжим эгшиглүүлж, Ардын Их Хурлын ордны гадаа хүндэтгэлийн угталт хийжээ.

Үүний хариуд Филиппиний ерөнхийлөгч өчигдөр Хятадын албаныхны өмнө чухал мэдэгдэл хийлээ.

Тэрээр "Энэ танхимд би өнөөдөр АНУ-аас харилцаагаа тасалж байгаагаа зарлаж байна. Цэргийн болон эдийн засгийн аль аль харилцааг үүнд оруулж байна. Америк биднийг алдлаа” гэж хэлжээ. Дутерте цааш нь мөн ОХУ-д айлчилж Путинтай уулзан Хятад, Филиппин, Орос гурвуул холбоотон болж ажиллах сонирхлоо илэрхийлнэ гэсэн юм.

"Би дахиж Америк руу явахгүй. Тэнд биднийг үргэлж доромжилдог, тиймээс одоо баяртай гэж хэлэх цаг нь болсон” гэж хэлсэн байна.

Дутерте Бээжинд дөрөв хоног айлчлахдаа 200 гаруй бизнесмэнээ дагуулж яваа юм. Тэрээр маргаантай байгаа Өмнөд Хятадын тэнгисийн газар нутгийн асуудлыг ярилгүйгээр дэд бүтэц, худалдаа, аялал жуулчлалын салбарт Хятадын дэмжлэгийг авах сонирхолтой байгаа. Айлчлалын өмнө Синьхуа агентлагт ярихдаа тэр "Бидэнд зөвхөн Хятад л тусалж чадна” гэж хэлж байв.

Үүний хариуд Ши Жиньпин Филиппинд туслах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. Өчигдөр Ши Жиньпин хоёр улс Өмнөд Хятадын тэнгис дэх маргаанаа түр хойш нь тавьж, хамтын ажиллагаагаа хөгжүүлэхээр шийдсэн тухай зарласан байна.

Ши Дутертед "Хятад, Филиппин улсууд бол далайгаар тусгаарлагдсан хөршүүд, цусан төрлийн ах дүүс” гэж хэлсэн нь анхаарал татаж байгаа юм.

Дутерте хариуд нь "Хэдийгээр бид Бээжинд өвөл болох гэж байхад ирсэн ч манай харилцаанд хавар ирж байна” гэжээ.

Хамтын ажиллагааны эхлэл болгож тэд нийт 13 гэрээнд гарын үсэг зурсан нь дэд бүтэц, худалдаа, тэнгисийн аюулгүй байдал, хар тамхины хяналт зэрэг салбарыг хамарсан байна. Гэрээний эхний үр дүнд Филиппинчүүд гадил жимсээ Хятад руу чөлөөтэй экспортлож, Хятадууд Филиппинд төмөр зам байгуулахад туслахаар болжээ.

Өнөөдөр Дутерте Бээжингээс явах хүртэл нийт $13.5 тэрбумын худалдааны гэрээ байгуулагдах тухай Ройтерс мэдээлсэн байна.

Дутертегийн эхлүүлсэн хар тамхины эсрэг тэмцлийг АНУ, Европ хатуу шүүмжилдэг. Харин Хятад улс үүнийг нь дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.

Энэ тухай өмнө нь Дутерте ярихдаа "Биднийг мөнгөөр дутагдаж байгааг мэдсэн хэрнээ туслахын оронд зарим орнууд зүгээр л шүүмжилдэг” гээд "Харин Хятад хэзээ ч шүүмжилж байгаагүй. Тэд зүгээр л бидэнд тусалдаг юм” гэж байв.

Хэдийгээр Хятад, Филиппиний төрийн тэргүүд ийнхүү халуун дулаан үгсийг харилцан хэлэлцэж байгаа ч Өмнөд Хятадын тэнгисийн газар нутгийн маргаантай нүүр тулах үед харилцаанд ямар өөрчлөлт орох бол гэсэн эргэлзээ ажиглагчдын дунд хэвээр байна.

 

Эх сурвалж: South China Morning Post

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler