| |
2.0-ООС ДЭЭШ ГОЛЧТОЙ ОЮУТНУУД СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ЗЭЭЛД ХАМРАГДАНА
Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар "Боловсролын зээлийн сан байгуулж”, Оюутны хөгжлийн зээлийн журмыг баталсан. Үүнтэй холбогдуулж БСШУС-ын сайд Ж.Батсуурь нэмэлт тодруулга өглөө.
Оюутны хөгжлийн зээл нь бакалаврын ангийн оюутнуудыг сургалтын төлбөрийн дарамтгүй суралцуулах, магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулиудын чанар, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилготой юм.
Тухайн оюутан 2.0-оос дээш голч дүнтэй суралцдаг бол барьцаагүй зээлийг урт, богино, хүүг бууруулах гэсэн гурван хэлбэрээр авах боломжтой. Зээл жилийн 5 хувийн хүүтэй бөгөөд оюутнууд сургуулиа төгссөнөөс хойш 10 жилийн дотор эргүүлж төлөх болзолтой юм.
Зээлийг улсын төсвөөс эргэн төлөгдөх хэлбэрээр олгож байгаа учир 4-5 жлийн дараа гэхэд Оюутны хөгжлийн зээлийн сан бүрдэх боломжтой. Иймээс ирэх оны төсөвт 100 тэрбум төгрөг тусгасан гэж сайд Ж.Батсуурь хэллээ.
2016-2017 оны хичээлийн жилд сургалтын төлбөрөө төлөх боломжгүй 74 мянган суралцагч, хоёр болон түүнээс дээш хүүхэд нь зэрэг суралцаж байгаа өрхийн нэг хүүхдэд олгох сургалтын төлбөрийн буцалтгүй тусламжийг 1500 орчим оюутанд олгох тооцоо гарчээ.
Улсын хэмжээнд 164 мянган оюутан төрийн болон төрийн бус өмчийн их, дээд сургуульд суралцдагийн 125 мянга нь бакалаврын өдрийн ангид суралцаж байна.
Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба