| |
Нью-Йорк пост: Монголын дасгалжуулагч нар удаан хугацаанд “тайчиж” чадахгүй болов
"Рио 2016” олимпийн наадмын бөхийн чөлөөт барилдаан тэмцээнд Г.Мандахнарангийн дасгалжуулагч нар шүүгчдийн шийдвэрийг эсэргүүцэж талбай дээр хувцсаа тайлсан билээ. Гэвч хоёр дасгалжуулагч энэ үйлдлийнхээ төлөө олон улсын тэмцээнд оролцох эрхээ гурван жилээр хасуулав.
Энэ тухай олон улсын хэвлэлүүд мэдээлснийг тоймлон орчуулан хүргэж байна.
NEW YORK POST:
"Нью-Йорк пост” сонины вэб сайтад манай хоёр дасгалжуулагчийн тухай "Монголын дасгалжуулагч нар удаан хугацаанд "тайчиж” чадахгүй болов” хэмээх гарчигтай мэдээ нийтлэгдсэн байна.
Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо энэ сарын 13-нд шийдвэр гаргаж дасгалжуулагч Монголын шигшээ багийн дасгалжуулагч Ц.Цогтбаатар, Б.Баяраа нарыг олон улсын бүх тэмцээнд оролцох эрхийг 2019 оны наймдугаар сар хүртэл цуцлав. Мөн Монголын чөлөөт бөхийн холбоог 50 мянган швейцарь франкаар (51 мянган ам.доллар) торголоо.
ESPN:
Өнгөрсөн олимпийн наадмын төгсгөлд хувцсаа тайлан эсэргүүцлээ илэрхийлж сенсааци тарьж чадсан Монголын хоёр дасгалжуулагчийг гурван жилийн хугацаанд тэмцээнд оролцох эрхийг нь түтгэлзүүллээ. Энэ шийдвэр нэг талаасаа бөхийн чөлөөт барилдааны дүрэм журмыг чандлан сахиж даруулгатай байх ёстойг сануулсан явдал. Харин нөгөө талаас дасгалжуулагч шударга шүүлтийг шаардсан үйлдэл. Энэ хоёр асуудал харьцангуй. Гэвч Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо Монголын дасгалжуулагч нарт ийм хариуцлага оногдууллаа.
BBС:
Олимпийн наадмын хамгийн их дуулиан дагуулсан эсэргүүцлийн хэлбэрийг үзүүлсэн Монголын хоёр дасгалжуулагчийн тэмцээнд оролцох эрхийг гурван жилийн хугацаанд түтгэлзүүлэв. Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо мөн Монголын чөлөөт бөхийн холбоонд мөнгөн торгууль оногдуулсан юм.
USTODAY:
...Дасгалжуулагч Б.Баяраа "Рио”-гийн дэвжээнд нүцгэн эсэргүүцлээ үзүүлснийхээ дараа "Та нар шүүгчдийг ямар бүдүүлэг, шударга бус шийдвэр гаргасныг харсан биз дээ. Монголын гурван сая иргэн хүрэл медалиа сэтгэл догдлон хүлээж байлаа. Харин юу болов. Медальгүй хоцорлоо. Энд Монголын хэдхэн тамирчин ирсэн шүү дээ” хэмээсэн юм. Дасгалжуулагч Ц.Цогтбаатар, Б.Баяраа нар гурван жилийн хугацаанд олон улсын ямар ч тэмцээнд оролцох эрхгүй болсон нь "Рио 2016”-гийн дэвжээнд эсэргүүцлээ харуулсан тэдний үйлдлийн хариу байлаа.
THE GUARDIAN:
...Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны шүүгчдийг шударга бус шүүлт явуулсанд буруутгаж, нүцгэлэн эсэргүүцлээ илэрхийлсэн Монголын хоёр дасгажуулагч тэмцээнд оролцох эрхээ гурван жилийн хугацаагаар хориглуулав. Хэрэв Г.Мандахнаран барилдааныхаа төгсгөлд баярлан хөөрөхгүй, хэдхэн секунд хамгаалалтаа ягштал баримталсан бол тэрбээр хүрэл медальтай, Ц.Цогтбаатар, Б.Баяраа нар ч баатарлагаар нутаг буцах байлаа.
Орчуулсан Т.Мунаа