| |
Ургац хураалтад оюутан залуус ажиллаж болно
Манай улсад өмнөх жилүүдтэй харьцуулахад энэ жил ургац арвин ургасан байна. Гэвч ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс есдүгээр сард хөрсөн дээр цочир хүйтэрнэ гэдгийг тариаланчдад анхааруулж байгаа юм. Тэгэхээр энэ их ургасан ургац, ногоогоо хурдан хугацаанд яаралтай хурааж авах шаардлага бидэнд тулгарч байгаа. Мэдээж үүнд хүн хүч хэрэг болно. Тиймээс Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн оюутан залуус болон дайчдад зориулж уриалга гаргасан юм. Энэхүү уриалгад нэгдсэн залуусыг мэдээж цалин хөлс, хөдөлмөрийн аюулгүй байдал, орон байр, хоол хүнсээр хангах хэрэгтэй. Гэхдээ эдгээр асуудлыг зөвхөн аж ахуйн нэгж, оюутан, залуусын хоорондын гэрээгээр зохицуулах юм. Мөн хэдэн оюутан авч, ямар хугацаанд ажиллуулах вэ гэдгийг зөвхөн ААН шийдэх аж. Оюутнууд уг ажилд Монголын оюутны холбоо, их, дээд сургуулийн сургалтын албаар дамжин ажиллах юм байна. Одоогоор ургацын ажил эхэлсэн ба цэргүүдийг гэрээгээр ажиллуулж байгаа гэнэ.
Ц.Соёл-Эрдэнэ Fact.mn