| |
Дарга нар орлогчгүй, зөвлөхгүй ажиллаж жижиг оврын машин унана
Тухайлбал, яамдын газар хэлтсүүд орлогч даргагүй ажиллахаас гадна Засгийн газрын агентлагийн албандаа жижиг оврын автомашин хэрэглэх аж.
Ингээд Шинэ Засгийн газрын хуралдааны анхны зоримог шийдвэрүүдийг тоймлон хүргэе.
-Яамдын газар хэлтсүүд орлогч даргагүй ажиллана-
УИХ-аас Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг шинэчлэн баталж, 13 яамтай ажиллуулахаар шийдвэрлэсний дагуу яамдын зохион байгуулалтын бүтэц болон орон тооны хязгаарыг шинэчлэн баталжээ.
Шийдлийн Засгийн газрын үед 15 яаманд 1490 ажилтан ажиллаж байсан бол шинэ бүтцээр 13 яаманд 1381 ажилтан ажиллахаар болж, орон тоог 109-өөр хэмнэхээр болжээ.
Түүнчлэн яамны газар, хэлтэс нь орлогч даргагүй байх, татан буугдсан болон өөрчлөн зохион байгуулагдсан яамдын алба хаагчдыг чиг үүрэг нь хууль тогтоомжийн дагуу шилжиж байгаа яам, агентлагт шилжүүлэх, шилжин ирсэн алба хаагчдыг мэргэжил, мэргэшлийн дагуу байршуулж ажиллуулахаар тогтжээ.
-Зөвлөхгүй ажиллаж, албандаа жижиг оврын машин хэрэглэнэ-
УИХ-ын 2016 оны 12 дугаар тогтоолоор баталсан "Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-ийн дагуу Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагуудыг байгуулж, орон тооны хязгаарыг баталжээ. Засгийн газар 10 тохируулагч агентлаг, 17 хэрэгжүүлэгч агентлагтайгаар ажиллахаар болоод буй.
Энэ хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Тахарын ерөнхий газрыг татан буулгахаар шийдвэрлэсэн байна. Тахарын ерөнхий газрын чиг үүргийг холбогдох агентлагуудад шилжүүлэхээр болжээ.
Мөн төрийн захиргааны байгууллагуудын чиг үүргийн давхардал, хүнд суртлыг багасгах зорилгоор яамдын орон тооноос хамаараад бүтцийг өөрчлөхөөр болсон аж. Тухайлбал, Засгийн газрын агентлаг нь 100-аас дээш ажилтантай бол дэд дарга эсвэл орлогч дарга нэг байхаар зохицуулжээ. Харин 100-аас цөөн ажилтантай бол дэд дарга буюу орлогч даргагүй байх чиглэл баримтлахаар болсон байна.
Агентлагийн нэгжийг орлогч даргагүй, газар нь дотроо хэлтэсгүй, хэлтэс нь дотроо тасаг, албагүй болно.
Түүнчлэн Засгийн газрын агентлагийн үйл ажиллагааг илүү шат дамжлагагүй болгож, агентлагийн нэгжийг орлогч даргагүй, газар нь дотроо хэлтэсгүй, хэлтэс нь дотроо тасаг, албагүй болгохоор зохицуулжээ. Мөн орон тоог долоогоос доошгүй байх чиглэл баримталж байгаа аж.
Үүнээс гадна Засгийн газрын агентлагийн зохион байгуулалтын бүтцийн нэгжийн оноосон нэр нь яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжийн нэртэй давхардалгүй байхаар өөрчлөх юм байна.
Бас МАН-ын Шинэ Засгийн газрын гаргасан нэг чухал шийдвэр нь Засгийн газрын агентлагийн дарга нь төсөвт зардлыг хэмнэж зөвлөхгүй байх, албан ажилдаа жижиг оврын автомашин хэрэглэхээр болжээ.
-Баян-Өлгийд болсон гамшгийг арилгахад 329 сая төгрөг зарцуулна-
Баян-Өлгий аймгийн Өлгий суманд 2016 оны долоодугаар сарын 10-ны өдөр орсон хүчтэй аадар бороо, мөндрийн улмаас учирсан хохирлыг цаг алдалгүй даван туулах ажлын хүрээнд Улсын онцгой комиссын ажлын хэсгийн томилолт, нислэгийн зардалд шаардах хөрөнгийн асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэжээ.
Баян-Өлгий аймгийн гамшигт өртсөн иргэдэд шаардлагатай нийт 329 сая 512 мянган төгрөгийн санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхийг Сангийн сайд Б.Чойжилсүрэнд даалгасан байна. Харин Улсын нөөц сангаас олгосон иж бүрэн 70 гэр, хүнсний бараа, материал, ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодисыг 2016 оны IV улиралд багтаан нөхөн бүрдүүлэхийг Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхэд даалгажээ.
Гамшгийн улмаас 160 гаруй өрхийн 700 орчим хүн гамшигт нэрвэгдэж, 100 гаруй орон байр, эд хөрөнгө усанд автсан билээ. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Улсын онцгой комиссын даргын тушаалаар шуурхай ажлын хэсгийг долоодугаар сарын 14-16-ны өдрүүдэд Баян-Өлгий аймагт томилон ажиллуулжээ.
Засгийн газраас үеийн улмаас орон гэргүй болсон иргэдэд улсын нөөцөөс нийт 126.2 тонн бараа, материалыг Баян-Өлгий аймаг руу тээвэрлэн хүргэж, иргэдэд хуваарилан олгоод байгаа аж.
-Эрдэнэтийн 49 хувийг шалгаж, Эрдэнэс Тавантолгойн 1072 хувьцааны асуудлыг цэгцэлнэ-
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засгийн газрын хуралдааны үеэр анхны арван даалгаваар салбарын сайдуудад өгсөн. Тэрээр "Эрдэнэс-Тавантолгой”-н 1072 ширхэг хувьцаа тойрсон асуудлыг эдийн засгийн агуулгаар нь цэгцлэх, "Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдсантай холбоотой асуудлыг судалж танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг холбогдох сайд нарын бүрэлдэхүүнтэй байгуулж, үр дүнгээ Засгийн газарт танилцуулахыг холбогдох албаныханд даалгасан юм.
Мөн ахмадын тэтгэврийн зээлийн хүүг бууруулах болон жилийн 1.5 тэрбум төгрөгөөс бага орлоготой аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг нэг хувь болгохыг судлах үүрэг өгөөд байна.
Малчдын тэтгэврийн насыг таван жилээр наашлуулах, Нийгмийн даатгалын шимтгэлээ нэг удаа төлөөд ажилласан жилээ тооцож, бодуулж болох эсэхийг судалж танилцуулахыг үүрэгдсэн билээ.
-Киргиз Улсын Бишкек хотод суух Ерөнхий консул Б.Энх-Амгаланг эгүүлэн татлаа-
Засгийн газрын анхны хуралдааны үеэр мөн хэд хэдэн асуудлыг шийдвэрлэжээ. Тухайлбал, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгдсөнтэй холбоотойгоор Улсын онцгой комиссын бүрэлдэхүүнийг өөрчлөн баталсан байна.
Комиссын даргаар Монгол Улсын Шадар сайд, орлогч даргаар Батлан хамгаалахын сайд, Онцгой байдлын Ерөнхий газрын дарга, гишүүдээр Засгийн газрын зарим гишүүн, агентлагийн дарга, Төрийн нарийн бичгийн дарга нар ажиллах аж.
Мөн Монгол Улсын Шадар сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны даргаар томилогдох болсонтой нь холбогдуулан Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотод суух Ерөнхий консул Б.Энх-Амгаланг эгүүлэн татжээ.