|
Видео

Шинэ мэдээ

Төрийн их баяр наадмын нээлт хаалтыг Н.Наранбаатар ингэж найруулжээ

Төрийн их баяр наадмын нээлт хаалтыг Н.Наранбаатар ингэж найруулжээ

 

Тулгар төрийн 2225 жил, Их Монгол улс байгуулагдсаны 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадам болоход дөрвөн хоног үлдлээ. Монгол түмэн зон олон маань түүхэн тэгш ой давхцсан төрийн их баяр наадмаа үзэх гэж сэтгэл догдолж, хоног тоолон хүлээж сууна. Монгол хүн болж төрсөндөө бахархаж, өнө эртний түүхийн эзэд гэрч гэдгээрээ омогшин наадах гэж байна. Эрийн гурван наадам энэ цагийн үүх түүх, нар аргамжсан гийнгоо, наадам эхлүүлсэн хүчтэй эртэй бөхчүүд, хүлэг морьдын уралдаан хүүхдийн гийнгоогоо сонсч, үзэх гэсэн наадамчид. Жил жилийн наадам өөр өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой болдог. Наадамчин олон маань төрийн их баяр наадмын хүндэтгэлийн тоглолтыг болон хаалтыг нь үзэх гэж Төв цэнгэлдэх рүү зүтгэж, зүглэдэг билээ. Хамгийн гоё нь хамгийн сайхан нь наадмын нээлт буюу хүндэтгэлийн тоглолт, наадмын хаалт байдаг. Энэ жилийн наадмын нээлт хаалтыг Монгол Улсын төрийн шагналт, УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар найруулахаар сонгогдсон билээ. Түүнээс үзэгчид их зүйлийг хүсэж хүлээж байгаа нь үнэн. Яагаад гэвэл нэг тийм уянгалаг, драм тал руугаа найруулах болов уу гэсэн найдлага харж сууна. Тиймдээ ч тэрбээр сарын өмнөө шаргуу бэлтгэл ажилдаа орж, сургуулилтдаа цаг нартай уралдаж, амрах завгүй, амсхийх чөлөөгүй хийж байна. Нийт 1500 орчим хүний бүрэлдэхүүнтэй багт урлаг соёлынхноос гадна цэрэг армийн 600 гаруй ахлах офицер оролцож байна.

 

Уран бүтээлчид, цэрэг эрс энэ сарын хоёрны өдрөөс эхлэн сургуулилтдаа гарч, нээлт, хаалтын тоглолтоо наадамчин олондоо тавихаар бэлтгэж байна. Төрийн наадмыг уламжлалт баяр гэдэг утгаар нь найруулагч харж, наадмын хөтөлбөрөө Хүннү, Ром гүрнээс эхлээд 810 жилийн тэртээх Их эзэн Чингис хааны байлдан дагуулалт, Манжуудыг дарж, тусгаар тогтнолоо бадраасан Богд хаант засаглалын үе гээд түүхийг он жил дараалалаар зангидаж, боловсруулжээ. Өөрөөр хэлбэл, Монголын түүхийн дөрвөн үеийг тов тодорхой харуулахаар зэхжээ. Тиймдээ ч найруулагч Н.Наранбаатар "Наадмын нээлтийг үйл явдалтай болгож, үзэгчдэд нэгийг ойлгуулахыг хүсч хичээж чармайж байгаа” гэж ярьжээ.

 

Наадмын нээлтэд бүжиглэх бүжгийг найруулагч Н.Наранбаатартай, найруулагч Г.Ган-Очир хамтран дэглэж байгаа юм. Харин эгшиглэх хөгжмийг хөгжмийн зохиолч, МУСТА Б.Чинбат хариуцан бичиж эхэлжээ.

 

Дашрамд сонирхуулахад, өмнөх төрийн их баяр наадмын нээлт хаалтыг Төрийн соёрхолт Д.Сосорбарам найруулан тавьдаг байсан билээ. Тэгвэл өнөө жил теартын найруулагч өөр өнгө аяс, өөр өнцөг, өвөрмөц онцлогийг үзэгчид харуулах байх хэмээн наадамчин олон нь хүлээж суугаа юм шүү.

 

 

О.Сайхан /ZALUU.COM/


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler