| |
Видео
Шинэ мэдээ
Шинэ Ерөнхий сайд хэн байх вэ
2016 оны УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан МАН шинэ Засгийн газраа хэрхэн бүрдүүлэх вэ гэдэг олон нийтийн анхааралд байна. МАН мэргэжлийн Засгийн газар байгуулна хэмээсэн учир олон нийтээс хүлээлт дагуулаад байгаа юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шинэ парламентын анхны чуулганы товыг зарлаж, энэ сарын 5-нд анхдугаар чуулган хуралдахаар болоод байгаа юм.
Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт бууснаар УИХ-ын анхдугаар чуулган маргааш буюу энэ сарын 5-ны 11:00 цагт товлогдсон.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж СЕХ-ноос сонгуулийн дунг хүлээж авах үеэрээ "Наадмаас өмнө, ирэх долоо хоногтоо багтаад УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарыг томилох ажлыг шийдэх хэрэгтэй. Одоо бид ажилдаа хурдан орж, төр засгийн ажилд хийдэл гаргахгүй ажиллах ёстой. Мөн энэ долоодугаар сардаа багтаад УИХ-ын болон Засгийн газрын зохион байгуулалтын ажил дуусах ёстой. Тэгээд наймдугаар сарын 1-н гэхэд УИХ, Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ үйл ажиллагаандаа орсон байх хэрэгтэй. Энэ чиглэлээр Ерөнхийлөгчийн зүгээс онцгой анхаарч ажиллах болно. Одоо сонгууль дууссан, ажлаа хийх цаг болсон" хэмээн тодотгосон юм.
Ингэснээр МАН энэ долоо хоногтоо багтаж Засгийн газраа бүрдүүлэх шаардлагатай болж байгаа юм.
Тэгвэл МАН өнөөдөр Удирдах зөвлөлөө хуралдуулж, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын нэрийг хэлэлцэхээр болсон бөгөөд Бага хурлаа энэ сарын 6-ны лхагва гарагт зарласан байна.Тэгвэл Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд хэн байх вэ гэдэг асуудал анхаарал татаж байна. Сонгуульд ялсан намын дарга нь Засгийн газраа тэргүүлдэг өмнөх уламжлалаа МАН дагана гэсэн хүлээлт гишүүд дунд нь байсан ч өөрчлөгдөж болзошгүй байгаа юм. Учир нь шинэ парламентыг МАН-ын дарга М.Энхболд удирдаж, УИХ-ын гишүүн Н.Энхболдыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх сунгаа нам дотор эхэлсэн яриа байна. Түүнчлэн У.Хүрэлсүх ч Ерөнхий сайдад яригдах болов. Нэг жилийн дараа Ерөнхийлөгчийн сонгууль болох учраас МАН-ын дарга М.Энхболд түүнд өрсөлдөхөөр эртнээс бэлдэж байгаа гэх бор шувуу ч нисэх болсон.
Мэргэжлийн Засгийн газрыг байгуулах амлалтыг ард түмэнд өгсөн МАН 11-12 яамтай Засгийн газрыг байгуулж ажиллах урьдчилсан төлөвлөгөө гаргажээ. Ингэхдээ үндсэн чиглэлийн яамдын сайд нарыг УИХ-аас, бусад яамдын сайдыг гаднаас томилох чиглэл барьж буй аж.Ямартай ч наадмаас өмнө УИХ-ын дарга, Ерөнхий сайд томилогдох юм байна.
Г.НАРАН
Эх сурвалж http://www.info.mn