| |
Видео
Шинэ мэдээ
Хүүхдээр хүнд хөдөлмөр хийлгэвэл торгоод зогсохгүй хорино
Энэ сарын 12-нд болох "Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр”-ийг угтан Хүүхдийн хөгжлийн үндэсний төв, МХЕГ, Нийслэлийн хүүхэд, Гэр бүлийн хөгжлийн газар, Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийн эсрэг үндэсний сүлжээ, МҮЭХ, МАОЭНХолбооны төлөөллүүдийн оролцсон хэвлэлийн бага хурлын үеэр Хүүхдийг тэвчишгүй, хүнд хөдөлмөр эрхлүүлсэн тохиолдолд торгууль оногдуулахаас гадна хорьж саатуулах арга хэмжээ авна хэмээн мэдэгдлээ.
Дэлхий нийтийн хэмжээнд газар тариалан, уул уурхай, барилга, загасчлал, үйлдвэрлэл, үйлчилгээ, гэх мэт бүс нутаг, улс орон, салбаруудыг хэрсэн нарийн төвөгтэй сүлжээнд 168 сая хүүхэд хөдөлмөр эрхэлсээр байна.
Монгол улсад хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийг бууруулах, устгах чиглэлд тодорхой алхмууд хийж, тэр дундаа хууль эрх зүйн шинэчлэлүүд хийсэн. 2016 онд Монгол улс Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хоёр хуулийг УИХ-аар баталснаар Хүүхдийн эрхийг хамгаалах, гэр бүлд суурилсан хүүхэд хамгааллын тогтолцоог бүрдүүлж, бэхжүүлэх хууль эрх зүйн орчин бүрдлээ. Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт”-ыг ч шинэчлэн баталсан бөгөөд Хуулийн хэрэгжилт энэ оны 9 дүгээр сарын 1-нээс мөрдөгдөнө.
Манай улсад ямар нэгэн байдлаар хөдөлмөр эрхэлж байгаа 94000 орчим хүүхэд бий. 2025 он гэхэд хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийг таслан зогсоох зорилготой ажиллаж байна. Ажил олгогчдын хандлагыг өөрчилснөөр энэ биелэх боломжтой юм хэмээн Хүүхдийн төлөө үндэсний газрын олон нийт түншлэл хамтын ажиллагааны албаны дарга Ж.Азжаргал хэлэв.
Хүүхдийн төлөө үндэсний газрын орлогч дарга Т.Түвшин, Ажил олгогч хүүхдийн нас, хүйсэнд тохироогүй хүнд хүчир ажил хийлгэсэн тохиолдолд тооцох хуулийн хариуцлага өндөрссөн. Энэ бол зөвхөн хүүхдийн эрхийг хамгаалах байгууллага мянга ажиллаад цэгцрэх асуудал биш. Бараа нийлүүлэлтийн сүлжээнд байгаа хүүхдийн хөдөлмөрийг устгах нь хүн бүрийн санаа тавих хэрэг бөгөөд Засгийн газар, ажил олгогч эздийн өөрдийнх нь хүчин чармайлт шаардсан асуудал гэв.
Эх сурвалж www.wikimon.mn