![]() |
Энэ оны эхний улирлын дуулиант үйл явдлууд
2016 он айлчлан ирсэн цаг саяхан мэт санагдавч хэдийн нэг улирал өнгөрчээ. Амьдрал жамаараа үргэлжилж, адал явдлууд ч урссаар л... Гэвч тэдгээр адал явдлууд дундаас олны анхаарлыг эрхгүй татаж, сошиал ертөнцөд давалгаа үүсгэсэн цөөн хэдэн "халуун” сэдвийг онцолж байна. Ингээд 2016 оны эхний улирлын дуулиант үйл явдлуудтай танилцацгаая.
Леонардо ДиКаприо "Оскар” авлаа
Энэ жилийн хамгийн халуун, дуулиант сэдвүүдийн нэг бол Леонардо ДиКаприо Оскарын шагнал авч чадах уу гэдэг хүлээлт байлаа. Леонардо 19 настайгаасаа эхлэн "What’s eating Gilbert Grape”, "The Aviator”, The Wolf of Wall Street” зэрэг шилдэг бүтээлүүдээрээ Оскарт нийт 5 удаа нэр дэвшсэн ч бүтэлгүйтэж байсан юм. Харин 2016 онд "The Revenant” кино нь түүнд "Алтан Хүн” атгуулж, олон мянган фэнүүдийг нь баярлууллаа. Ямартай л нэгэн Монгол фэн нь Оскарын шагнал гардуулах ёслолын өдөр Гандан орж, Леонардо ДиКаприод "Хийморийн сан” тавиулсан баримтаа өөрийн фэйсбүүктээ хийсэн нь хилийн чанад хүртэл шэйрлэгдсэн билээ.
Дуучин Нара улс төрч болно гэв
Дуучин Нара ирэх зургаадугаар сард болох УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ гэдгээ албан ёсоор дуулгаад байгаа. Түүний энэхүү шийдвэрийн талаар цахим сүлжээнд халуухан яриа өрнөөд бүтэн сарын хугацаа өнгөрчээ. Тухайлбал, Нара энэ шийдвэрээсээ болж жүжигчин Б.Цэцэгээтэй твиттерээр бие, биесээ муу муухайгаараа дуудалцсан. Мөн өчигдөрхөн нэгэн телевизийн шууд нэвтрүүлгийг орхин гарч, бүдүүлэг зан гаргасан сэтгүүлчийг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн нь дахин шуугиан дуулиан дэгдээгээд байна.

Жавхлан, Баясгалан хоёр дахин хамтдаа
Нэгэн үе зохиолын дууны ханхүү, гүнж гэгдэж явсан дуучин С.Жавхлан, Т.Баясгалан нар 13 жилийн ахин хамтын уран бүтээлээ сонсогч олондоо толилуулж, ард түмнээ баярлуулсан билээ. Тэд зөвхөн "Хаврын найраг" дуугаа хүргээд зогсохгүй "Илгээлтийн эзэд" нэртэй тоглолтыг зохион байгуулж, олсон орлогоо зудын хүнд нөхцөлд байгаа малчдад эд материал болон бэлэн мөнгө хэлбэрээр хүргэж, тус болж байгаа юм. С.Жавхлан, Т.Баясгалан хоёр хамтран дуулаад 15 жил болсон ч анх удаагаа хамтарсан тоглолтоо хийж байгаа нь энэ ажээ.
Мүүн
Сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээгээр дуулиан болж буй сэдэв бол яах аргагүй Мүүнийн шашны тухай мэдээлэл. Монголын бүхий л салбарт хүрээгээ тэлсэн гэх Мүүнийн шашинтангууд манай охид бүсгүйчүүдийг Өмнөд Солонгост олноор нь аваачин бараг танихгүй шахуу хүнтэй гэрлүүлсэн , мөн 10 жилийн сурагчдыг Баянгол зусланд амраах нэрийдлээр хичээл орж, дахин төрөлт хийнэ хэмээн харанхуй шөнөөр ухсан нүхэнд хэвтэж булаад, буцаад гаргаж ирдэг зэрэг баримтууд дэлгэгдээд байгаа юм.
Л.Гүндалай клиптэй боллоо
"Ард түмнээ хайрлая” намын дарга Л.Гүндалай, Өвөрмонголын хөгжмийн зохиолч Баянтай хамтран "Монголоороо байгаасай” дууг бүтээж, клипжүүлсэн нь 2016 оны эхний улирлын дуулиант сэвдүүдийн нэг яахын аргагүй мөн. Түүнчлэн тус дууныхаа клипэнд өөрөө тоглож, чамгүй сайн жүжигчин гэдгээ ч батлаад авчээ.
