![]() |
Монгол Ардын Намын 95 жилийн ойг МАХН хамтран тэмдэглэх өдөр

Өдрөөс өдөрт рейтинг нь унаж буй МАХН, намын дарга Н.Энхбаярын хамгийн зөв сонголт нь МАН-ыгаа түших гэж улс төр судлаачид дүгнэж буй. Учир нь АН-ын рейтинг ч мөн адил ард түмэн дунд унасаар байгаа нь МАХН-ыг ийм сонголт хийхэд түлхэц болсон байх магадлалтай. Нөгөөтэйгүүр Шадар сайдын суудлаар Н.Энхбаярыг хэдэн сар "хошгируулсан" эрх баригчдын "муриач" занд залхсан МАХН-ынхан хэлснээ хийдэг, хийснээ дуусгадаг төрөлх намаа түших нь ч аргагүй.
Угтаа 2012 оны сонгуулийн өмнөхөн эрх баригчид МАН-ын саналыг хуваалгах зорилготой хууль зөрчин байж Н.Энхбаяртай үгсэж МАХН нэрийг бүртгэж авсан цаг саяхан. Ингэж хууль зөрчөөд ч эрх баригчид дийлэнх олонхи болж чадаагүй нь МАН-ын зангаргийг харуулж буй хэрэг. Өнөөдрийн үйл явдал ч үүнийг тод гэрчилнэ.
Нарийндаа бол одоогийн МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболдыг Ерөнхий сайдын суудлаас унагаж С.Баяраар сольсон хүн бол МАХН-ын дарга Н.Энхбаяр. АН-ынхан ч үүнийг нь М.Энхболдод ч, Н.Энхбаярт ч байн байн сануулдаг нь хоёр намыг нийлүүлэхгүй гэсэн далд хүслийг илтгэнэ. Харин МАН-ын дарга М.Энхболд "Үндэсний зөвшилцөл"-ийг санаачилж, эв эеийг эрхэмлэх гэж хичээж буй нь "харанхуйлсан" улс төрийн хонгилд гэрэл асааж байх шиг... Эл үйлдэл нь өнөөдрийн хоёр намын хамтран тэмдэглэж буй "Эх орончдын өдөр"-өөр илэрхий болж байна.
Хэрэвзээ МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар намын дарга нь "Хамтарч тэмдэглэхгүй" гэж хэлсэн бол түүнтэй зөрөх хүн үгүй. Энэ байдлаас харвал МАН-ын дарга М.Энхболд "Үндэсний зөвшилцөл"-ийг чухалчилж, эв эеийг эрхэмлэж байгаа нь монголын улс төрд шинэ дэвшлийг авчирч байна. Харин нөгөө талд эрх баригчид хоёр намыг эвсүүлж болохгүй гэсэн хатуу байр суурь баримталж буй. Гэхдээ л "Эх орончдын өдөр" буюу Монгол Ардын Намын баярыг МАХН "Хамтран тэмдэглэе" гэж гуйсан нь "эвсье" гэсэн дохио байж ч болох юм. Бүр цаашилбал Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат "Баярын дараа эвсэх тухай нухацтай ярина" хэмээн нь ч учиртай. Юутай ч МАН, МАХН эвийн цавуу үүсгэвэл өнөөдрийн эрх баригч буюу Ардчилсан намынханд дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгч болох вий дээ...
С.НЭМЭХ
