|
Видео

Шинэ мэдээ

Туул голоос 60 компани “хооллодог” ч хариу барьдаггүй

Хатан Туулаа хамгаалъя. Арай эрт гэж үү. Үгүй ээ. Сар гаруйхны дараагаас барилгын сезон эхэлж Туул гол "хайлж” эхэлнэ. Хайрга, дайрга, элс, шороо нийслэлд аль ойрхон Туул голоос "ургадаг” юм хойно манай карьерын компаниуд шанага, бутлуур, өрөмдөгчөө зэхэж суугаа. Уг нь манай улс байгалийн ямар нэгэн баялгийг ашигласан бол нөхөн сэргээх ажил тэргүүн эгнээнд байхыг заасан олон хуультай. Гэвч компаниуд авах ёстой юмаа авчихаад байгаль орчинд нөхөн сэргээлт хийдэггүйгээс Туул гол орчмын байгаль орчин сүйдэж дууслаа.

Карьерын компаниуд голдуу Хан-Уул дүүр­гийн 12 дугаар хороо Биокомбинат, 13 дугаар хороо Шувуун фабрик, 14 дүгээр хороо Өлзийт хороолол орчимд хайрга, дайрга олборлодог.

Дээрх гурван хорооны нутаг дэвсгэр дамнан 60 гаруй компани Туул голыг эзэгнэдэг гээд бод доо. Энэ зөвхөн Ашигт малтмалын газ­раас лиценз авсан компанийн гарсан тоо. Зөвшөөрөлгүй, хууль бусаар олборлодог олон аж ахуйн нэгж бий. Тэд жил бүр хавар, зун, намрыг дамжин Туул голыг мөлжсөөр байна. Хатан Туулаа хамгаалах үндэсний хөдөлгөөний залуус дээрх компаниудын хэчнээн нь нөхөн сэргээлт хийдгийг иргэдтэй хамтран судалж үзжээ. Гэвч нийт компанийн таван хувь нь нөхөн сэргээлт хийдэг, үлдсэн 95 хувь нь хайрга, дайргаа олборлоод ашгаа хүртсээр байгааг тогтоосон байна. 60 компаниас гурав нь л нөхөн сэргээлт хийдэг гэсэн үг.

Уг нь ийм талбайд тех­никийн болон байгалийн нөхөн сэргээлт хийх ёстой. Аль аль нь хийгддэггүйгээс одоо Туул голын дагуу ухсан нүх, үргэлжилсэн уул нурууд үүсчээ. Байгаль орчин ингэж сүйдээд зогсохгүй Биокомбинат, Шувуун фабрик, Өлзийт хороололд амьдардаг иргэд эрүүл мэндээрээ ноцтой хохирч байгаа юм. Карьерын бүсэд нийт 18 мянган өрх амьдарч байна. Дунджаар 60 гаруй мянган иргэн гурван улирлын турш тоосон дунд амьдардаг тухай Хатан Туулаа хам­гаа­лах үндэсний хөдөл­гөөний ерөнхий зохицуулагч Б.Жагар ярьсан. Тэдний холбоо өнгөрсөн хугацаанд Туул гол орчимд томоохон судалгаа, шалгалтын аж­лыг хийжээ. Тэр талаар нь зарим зүйлийг тодруулсан юм.

Б.Жагар: ТУУЛ ГОЛЫН ОРЧИМД 70 ГА ГАЗРЫГ ХАМГААЛСАН

-Биокомбинат, Шувуун фабрик, Өлзийт орчимд амьдардаг иргэд байнгын агаарын бохирдол дунд амьдарч байгаа. Энэ талаар та бүхэнд ямар мэдээлэл байна вэ?

-Тэнд амьдарч бай­гаа хүмүүсийн 70 хувь нь харшилтай болсон байдаг. Олонх нь тоосны харшилтай. Иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хам­руулах үеэр ийм судалгааны дүн гарсан. Биокомбинат, Шувуун фабрик, Өлзийт хороол­лын иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх нь маш ноцтой зөрчигдөж байгаа. Тиймээс Элс, хайрга, дайр­га үйлдвэрлэгч компаниудын хол­боог татан буулгах талаар Төрийн гурван өндөрлөгт хандана.

-Элс, хайрга, дайрга  үйлдвэрлэгч компаниудын холбоог яагаад татан буулгах шаардлагатай гэж үзэх болов?

-Тус холбоо өөрөө ашиг сонирхлын зөрчилтэй.

Туул голын орчимд карьерын үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд өөрсдөө холбоо байгуулчихсан. Тэдэнд хөндлөнгийн хяналт байх ёстой. Тийм хяналт байхгүйгээс холбоо худлаа тайлан мэдээг салбарын яамандаа явуулдаг.

-Компаниуд Туул гол орчмоос хэчнээн тонны элс, хайрга олборлодог юм бэ. Энэ  талаар судалсан уу?

-Энэ бол хамгийн чухал асуудал. Компа­ниудын олборлолтын мэдээлэл нууц байдаг. Үүнийг ил болгохын тулд нөхөн сэргээлт хийгээч. Ингэхдээ иргэдийг татан оролцуулж хөндлөнгийн хяналтыг бий болгохын төлөө ажиллаж байна. Өнгөрсөн онд гэхэд бид Туул голын эрэг дээр 70 га газарт ашигт малтмал олборлохыг завдсаныг нутгийн иргэдтэй хамтраад зогсоосон. Компаниуд байгаль орчин төдийгүй иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа явуулж байгаа талаар УМБГ-ын Байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст гомдол гаргаж, цуглуулсан баримт материалаа өгч хамтарсан ажлын хэсгийн шалгалтыг энэ жил эхлүүлсэн. Шалгалтаар байгаль экологийн тэнцвэрт байдал хэрхэн алдагдаж байгаа, иргэдийн эрүүл мэндэд учирсан хохирлыг нэхэмжлэх ажлыг хийж байна гэв.

Иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл ийнхүү ярьж байна. Туул голоо хамгаалах талаар нийслэлчүүд төдийгүй Монгол Улсын хэмжээнд бид өнгөрсөн жилүүдэд хангалттай ярьж ирсэн. Төсөл хөтөлбөрүүд ч хэрэгжүүлж байлаа. Гэсэн ч жилийн жилд асуудал дахин боссоор л байдаг. Улаанбаатар хотод эрчээ авч байгаа барилгажилтын сүүлийн хэдэн жилд Туул голыг ухаж сэндийчсэн нь замаа алдсан. Голын эрэгт 100-200 метрт эрүүл ахуйн бүс тогтоосон байдаг. Энэ бүсэд ямар нэгэн үйл ажиллагаа явуулахыг хориглосон хуультай. Гэвч эрүүл ахуйн бүсээ алдаж голоос хэдхэн алхмын зайд хайрга, дайрга олборлоод зогсохгүй барилга, байшин хүртэл барьчихсан байна. Үүний цаана улс төр, бизнесийн томоохон хүмүүс байдгийг хүн бүр ярина. Карьерын компаниудын цаана ч нөлөө бүхий хүмүүс байдаг гэлцэх.

Өнгөрсөн жил гэхэд арьс, ширний үйлд­вэрүүд Туул голыг бохирдуулснаас онц аюултай зэрэгт шилжиж мэргэжлийн хяналтаас эхлээд Хотын захиргааныхан хүртэл сандарцгааж байв. Цэвэрлэх байгууламжийн хүчин чадал муудсанаас арьс ширний үйлдвэрүүдийн бохир тэр чигээрээ Туул гол руу цутгаж байв. Үүнээс болж Туул гол тавдугаар зэрэгт хүртлээ бохирдсон.

Барилгын ажил удахгүй эхэлнэ. Хайрга, дайрга, элс, шороо нийслэлд аль ойрхон Туул голоос "ургадаг” юм хойно нөгөө 60 компани шанага, бутлуур, өрөмдөгчөө зэхээд дайрна. Ядаж нөхөн сэргээлтээ хийдэг болчихоосой.

Б.Заяа

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler