| |
Үнэ нь хөөсөрсөн ч үнэлэмж нь доогуур өмчийн газар
Өнгөрсөн хаврын чуулганаар Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулан баталснаар иргэд өмчийн газраа эдийн засгийн эргэлтэд оруулах хууль эрхзүйн орчин шинэ шатаар дээшилсэн. Өнөөдөр иргэд газраа хувьдаа өмчилж авсан хэдий ч банкнаас зээл авахаар барьцаанд тавихад баталгаа болж өгдөггүй. Зээлдэгч гэрээгээ зөрчвөл хохирлоо барагдуулах гэж гурван шатны шүүх дамжиж, цаг хугацаа /120-210 хоног/ их алддаг гээд арилжааны банкууд газрыг барьцаанд авдаггүй байсан. Тиймээс Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулж, газрыг банкуудад барьцаанд тавьж, эдийн засгийн эргэлтэд оруулж болох нөхцөлийг иргэдэд бүрдүүлж өгсөн юм.
Өмчийн газраа банкны барьцаанд тавиад хашаа байшингаа шинэчлэн засварлах, бизнесийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх иргэдэд энэ хуулиар боломж олгосон. Тиймээс шүүхийн шатлалыг бууруулж Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 53 дугаар зүйлд "Газар барьцаалах гэрээнд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 184.1-д заасан журмаар гаргуулахаар талууд харилцан тохиролцож болно. Энэ хуулийн 53.4-т заасан гэрээг нотариатаар гэрчлүүлнэ. Барьцаалагч энэ хуулийн 53.4-т заасан нөхцөлийг гэрээний стандарт нөхцөлөөр санал болгохыг хориглоно” гэсэн өөрчлөлт оруулсан.
Харин энэ хуулийн үйлчлэл түр зогсоод байгаа. Учир нь энэ хуульд иргэдээс ирүүлсэн гомдлыг хэлэлцээд цэцээс Үндсэн хууль зөрчсөн гэсэн шийдвэр гаргажээ. Парламентаар цэцийн дүгнэлтийг хэлэлцэх явцад сөрөг хүчин УИХ дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авсан. Цаашлаад өнгөрсөн долоо хоног УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Д.Оюунхорол нар дээр хуулийн төсөлтэй холбогдуулан "Хуулийг батлагдах үед нь эсэргүүцэж байсан гишүүд бид. Газрыг банкны барьцаанд тавьж, гадаадынхны хөрөнгө болгох гэж байна. Газар бол улсын өмч, гадаадынханд өгч болохгүй. Иргэд зах зээлийн ханшаар 50 сая төгрөгт хүрэх газраа банкинд 5 сая төгрөгийн барьцаанд тавьж алдах гэж байна. Гэрээний үүргээ зөрчвөл иргэн зөвхөн нотариатийн шийдвэр, гэрчтэйгээр газраа алдах нь. Харин Үндсэн хуулийн цэц зөв шийдвэр гаргажээ. Цэцийн дүгнэлтийг дэмжих хэрэгтэй” хэмээн байр сууриа илэрхийллээ.
Банкинд газраа барьцаанд тавиад бусдын болгож алдах вий хэмээн бусдын өмчинд санаа тавьж байгаад дээрх гишүүдэд талархмаар. Цаашлаад банкуудын цаана гадаад эзэд бий. Иргэдийн газар банкных болно гэдэг нь гадаадынхны өмч болно гэсэн үг гэдэг сэрэмжлүүлэг хэн хүний зүрхийг ёг хийлгэж байгаа байх.
Хаврын чуулганаар дээрх хуулийг батлах үед газрын маргааныг шүүхээр шийдвэрлэнэ гэх зарчмын зөрүүтэй санал дэмжигдсэн. УИХ дахь МАН-ын бүлэг тухайн үед мөн л энэ асуудлаар тав хоногийн завсарлага авч байсан бол АН-ын дарга, УИХ-ын дарга З.Энхболд байр сууриа хатуу хамгаалж байгаа. Тэрбээр "Би 1996 онд ТӨХ-ны дарга байхдаа орон сууцны хувьчлалыг эхлүүлж байсан. Өнөөдөр иргэд орон сууцандаа сайхан амьдарч, эдийн засгийн эргэлтэд ч оруулж байна. Яагаад иргэд өмчилсөн газраа эдийн засгийн эргэлтэд оруулж, орчноо сайжруулж болохгүй гэж. Иргэний өмчилсөн газрыг эдийн засгийн эргэлтэд оруулж, үнэд хүргэх ёстой” хэмээн байр сууриа бататган тайлбарлаж байлаа.
Газрын маргааныг Иргэний хуулиар шийдвэрлэнэ. Иргэний хуульд "Хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоног, давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн бол шүүгч хэргийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор тус тус шийдвэрлэнэ” заасан байдаг.
Нөгөө талаас иргэд газраа барьцаанд тавьж, эдийн засгийн эргэлтэд оруулах туйлын хүсэлтэй байгаа. Орон сууцгүй, гэр хорооллын иргэдэд байгаа өмч нь газар. Гэхдээ банкууд газар байтугай хэрэглээний зээл авахад ч орлогын эх үүсвэрийг нэн тэргүүнд шаарддаг. Үнэхээр гишүүдийн жишээлснээр "50 саяын үнэд хүрэх газрыг минь танай өрхийн орлогыг харгалзаад 5 сая хүртэл төгрөгийн зээл өгч болох юм” гээд гэдийчихдэг. Өрхийн ямар ч орлогогүй. НДШ төлдөггүй, олон ам бүлтэй нэгэнд өмчийн газар байгаад ч банкнаас зээл авна гэдэг гонжийнжоо. Зах зээлийн үнэ нь хөөсөрсөн ч банкинд үнэлэмжгүй байгаа үл хөдлөх хөрөнгө бол газар.
Монгол Улсын хуулиар иргэн хүн нэг л удаа газар өмчилж авах эрхтэй. Тиймээс өөрийн өмчөө банкинд тавиад алдах уу, үр хүүхддээ өвлүүлж үлдээх үү гэдгийг наанадаж бодолцдог. Цаашлаад эдийн засгийн ямар ч зээлийн эргэн төлөлт найдвартай байдаг барьцаанд үл хөдлөх хөрөнгө ордог юм билээ. Тиймээс улс орнууд, манайх ч ялгаагүй ипотекийн зээлийг хэрэгжүүлж эхэлсэн. Хүн амьдрах орон сууц, газар, хашаа байшингаа алдахыг хүсдэггүй. Гэр хороллын иргэдэд өөрсдийнх нь амьдрах, үр хүүхдэдээ өвлүүлэх үндэс нь өмчийн газар болж байгаа.
УИХ дахь МАН-ын бүлгийн завсарлагааны хугацаа энэ долоо хоногт дуусч, ҮХЦ-ийн шийдвэрийг хүлээж авах эсэхийг хэлэлцэнэ. Гэтэл хаврын чуулганаар батлаад хэрэгжиж эхлээгүй байхад намрын чуулганаараа хүчингүй болгочихгүй байлгүй, эрх баригчид.
Н.Энхбат