| |
Банк дампууруулдаг “Монроуд”, компаниа хамгаалдаг Б.Гарамгайбаатар
Б.Гарамгайбаатар гишүүн ууртай байна. Учир нь Хөгжлийн банкыг шалгасан Ажлын хэсгийн тайланд эрхэм гишүүний "Монроуд” компанийн зөрчил дурдагдав. Улмаар энэ асуудлыг Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хурлаар хэлэлцэх болоход "Ирц хүрээгүй” хэмээн тараалгаж амжив.
Уг нь ирц хүрээгүйдээ биш АН-ын гишүүд картаа сугалаад гараад явчихсантай холбоотой. Дээр нь Б.Гарамгайбаатар гишүүн Ардын намын генсек Ж.Мөнхбатын хэвлэлээр хэлсэнчлэн улс төрийн хэрүүл хийхдээ гарамгай гэдгээ харуулж, МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогттой амаараа "алалцаж” хурал ч тэгсхийгээд хойшилсон.
Учир юунд байна гэвэл, "Монроуд” компани гүйцэтгэл нь 38 хувьтай явж байсан "Халзанбүргэдэй-Солонготын давааны 100 км замын төсөл дээр шинээр зам тавих ойлголт төрүүлж тогтоол батлуулан 43.6 тэрбум төгрөг авчихсанд байгаа юм. Тухайн үед эрхэм гишүүн УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог ахалж, Эдийн засгийн яамнаас оруулж ирсэн замын төсөл, хөтөлбөр хэмээн хэрүүл уруул хийж байгаад санал хураалгаж байв.
Тэгвэл энэ нь ямар нэгэн үнийн өсөлт, инфляцтай огт холбоогүй. Анх 37.2 тэрбумаар гүйцэтгэх боломжтой гэчихээд, хэдхэн сарын дотор төсөвт өртгөө 5-10 саяар ийнхүү нэмүүлсэн нь мөнгө угаах, завших гэсэн санаачилга, далд оролдлого болохыг 2014 оны зургадугаар сарын 24-нд "Их Монгол” тэргүүтэй ТББ-ууд мэдэгдэж байв. Гэвч асуудал эрчээрээ явж, АН-ынхан хүч түрээд баталчихсан. Одоо энэ асуудлыг АТГ шалгаж байгаа юм байна.
Их хурлаас томилогдсон Ажлын хэсэг ч "но”той, ноцтой гэдгийг нь давхар баталчихлаа. Ер нь бол "Монроуд” компани "Анод” банкыг дампууруулахад ихээхэн үүрэг гүйцэтгэсэн түүхтэй. Одоо Хөгжлийн банкин дээр асуудал яригдаж байна. Цаашид хэрхэхийг харах л үлдлээ.
Ч.Зотол
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин