| |
Бандида ламтан Энэтхэгийн арслант ширээнд заларна
Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумаас төрсөн Бандида ламтны 6 дугаар дүрийн хувилгаан буюу Данзанжамьяанлодой ламтныг энэ сарын 14-нд Энэтхэгийн арслант ширээнд залах гэж байна.
Энэ нь шашны хувьд ховор тохиолдол бөгөөд энэ үеэр дөрвөн хийдийн 5000 гаруй лам хуврагууд ном хурж, цав, гүнцэг барьж, зэд өргөх аж.
Уг үйл ажиллагаанд "Бандида ламтан сан” болон Улаанбаатар хот дахь Өвөрхангай аймгийн Нутгийн зөвлөл, "Гэгээн хангай” клуб, Уянга сум, сүсэгтэн олны өргөл хандивын дээр аймгийн Ганданпунцоглин хийд 80 гаруй сая төгрөгийг арилжааны банкнаас зээлж, нийтдээ 160 гаруй сая төгрөгийн өргөл өгөхөөр болоод байгаа гэнэ.
Мөн арга хэмжээнд аймгийн удирдлагуудын төлөөлөл, Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн төлөөлөл, ламтны аав, өглөгийн эздийн төлөөлөл, Ганданпунцоглин хийдээс 10 лам явж оролцохоор визээ гаргуулаад байна. Арслант ширээнд залах ёслол Гоман дацанд болно.
Данзанжамьяанлодой ламтныг өнгөрсөн 8 сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн Ганданпунцоглин хийдийн арслант ширээнд залж, "Бат оршил” өргөх ёслол хийж байсан юм.
Б.Батчимэг
"Монцамэ" агентлаг