| |
Хятадуудад виз дамлан худалдсан А.Мурат гэр бүлээрээ Казахстан руу зугатаажээ
Монгол Улсаас БНХАУ-ын Бээжин хотод суугаа ЭСЯ-ны консулын газрын ажилтнууд Монгол улсад нэвтрэх визийг дамлан худалддаг тухай яриа байдаг. Гэтэл энэ хэргийн гардан гүйцэтгэгч, зохион байгуулагчаар УИХ-ын гишүүн асан А.Мурат ажилладаг байсан мэдээллийг иргэд хууль хяналтын байгууллагад мэдээлжээ.
А.Мурат нь 2014 оны зургадугаар сард Монгол Улсаас Эрээн хотод суух консулаар томилогдсон даруйдаа манай улсад нэвтрэх визийг дамлан худалдах, хууль бусаар их хэмжээний орлого олох ажлыг зохион байгуулах болсон байна. Тэрбээр өөрийн эхнэр С.Кулзада хүргэн дүү С.Сапарбек нарыг виз олгох ажилд томилжээ. Харин ГХЯ-аас томилсон ажилтнуудыг үйлчилгээний ажилд томилсон байна.
Иргэдийн гомдлын дагуу А.Муратыг хууль хяналтын байгууллагаас шалгахаар болж ажлын өрөөнд нь ороход нь виз дамлах ажлыг эхнэрийн хамт хийж байсан байна. Үйлдэл дээрээ баригдсан тэрбээр шалгалтын явцад захиа үлдээгээд эхнэр С.Кулзада хүргэн дүү С.Сапарбек нарыг дагуулан Казахстан руу зугтаажээ. Тэрбээр захидалдаа "Би сарын дараа эргэж ирнэ" гэж бичсэн байна. Түүний хувьд ирэх 2016 оны сонгуульд Баян-Өлгий аймгаас бие дааж нэр дэвшихээр төлөвлөж байжээ.
Уг нь ГХЯ-ын сайд Л.Пүрэвсүрэн виз олгох журмыг шинэчлэн тогтоох 01 албан тоот гаргасан. Мөн Бээжинд суугаа ЭСЯ-ны консулын газрын дарга, ажилтнуудыг хүртэл эргүүлэн, татсан нь тусыг эс олж, виз дамлан худалддаг явдал улам нэмэгдсэн нэг жишээ энэ болж байна. Ерөнхий консул нь хүртэл хууль бус ажиллагаанд оролцож улмаар зугтаж алга болсон уг хэргийн талаар бид эргэн мэдээлэх болно.
Ер нь Баян-Өлгий аймгаас сонгогдсон гишүүд ямар нэгэн хэрэгт холбогдохоороо Казахстан руу зугатаж алга болдог жишиг тогтжээ.
Баян-Өлгий аймгаас сонгогдон УИХ-д сууж байсан К.Сайраныг Казахстаны нууц албаны ажилтан байж болзошгүй гэх мэдээллийг өмнө нь ТЕГ-аас олон нийтэд өгч байсан. К.Сайраны хувьд төрийн өндөр албан тушаалыг хашиж байснаас гадна Монголыг төлөөлөн харийн улсад элчин сайдаар хоёр ч удаа сууж байсан нэгэн юм.
Тухайн үед гарсан мэдээллийг эргэн санавал 2012 онд Орос хэл дээрх нэгэн сайтад "Казахстаны тагнуулын "Барлау” албаны "В” газрын туршуулуудын талаархи нууц мэдээлэл” гэсэн нэртэй материал тавигдсан. Өөрөөр хэлбэл, тэрхүү материалд Казахстанаас гадны улс орнуудад байх нууц албаны ажилтнуудын овог нэр, аль улсын иргэн болох, ямар чиглэлд ажилладаг гэхчлэн товч анкет нь бичигдсэн байсан юм. Нууц ажилтнуудын тухай тодорхойлолтыг Бүгд найрамдах Казахстан улсын КНБ-ийн "Барлау” албаны "В” газрын орлогч дарга, дэд хурандаа Е.Тастанбеков гэгч гаргаж, гарын үсэг зурсан байжээ. Тэрхүү материалд дурдагдсан дөрвөн туршуулын нэгнийг нь овог нэр, төрсөн газар усаар нь хөөж үзвэл Монголын Элчин сайд К.Сайран болж таарч байлаа. Уг тодорхойлолтод "Нууц нэр нь Алтай. Жинхэнэ нэр нь Сайраан Кадыр. 1955 онд төрсөн, Монгол Улсын иргэн, Казак. Кувейт Улсад суух Элчин сайд” хэмээн бичсэн байв. Тус мэдээлэл гарсан даруйд манай улсын ТЕГ-ынхан түүнийг шалгаж эхэлсэн.
Энэ мэт К.Сайрантай холбогдсон хэрэг явдал намжаагүй байтал Баян-Өлгий аймгаас хоёр ч удаа УИХ-д сонгогдож байсан Х.Жекейг Казахстанд урвасан гэх мэдээлэл гарсан. Түүний хувьд казак түмнээс төрсөн цорын ганц бригадын генерал хүн юм. Хил хамгаалах албатай амьдралаа холбож, ХХЕГ-ын дэд дарга болтлоо дэвшин, бригадын генерал цол хүртсэн энэ эрхэм УИХ-ын гишүүний суудлаасаа буугаад нэг их удаагүй байгаа. Х.Жекейгийн хувьд УИХ-д сууж байхдаа Хууль зүйн байнгын хорооны даргаар хүртэл ажиллаж байсан нэгэн. Гэтэл тэрбээр хэнд мэдэгдэлгүйгээр нэг л өдөр Баян-Монгол хороолол дахь байраа зараад Казахстаны иргэн болсон юм. Хамгийн ноцтой нь тэр Монголын хилийн нууцтай холбоотой бүх мэдээллийг мэддэг хүн юм. Тэгэхээр манай улс хилийн мэдээллээ энэ хүнтэй хамт Казакстанд алдаж байж ч болох.
Гэтэл дахин Баян-Өлгий аймгаас сонгогдсон гишүүн асан хууль бус хэрэгт холбогдсон даруйдаа оргож зугтсан байна. Тэд Монголд хийдгээ хийж дуусчихаад хамгийн сүүлд нь Казахстан руу зугатдаг боллоо. Баян-Өлгий аймгаас сонгогдож байгаа гишүүдийн асуудалд нухацтай хандах цаг нь болжээ. Учир нь тэдэнтэй холбоотой асуудлын цаана улс орны аюулгүй байдал, цаашлаад Монгол дахь үндэстэн ястнуудын асуудал хөндөгдөнө шүү дээ.
Т.Хулан