| |
Э.Бат-Үүл тэргүүтэй нийслэлийнхэнд "банга" хүртээнэ
Сүүлийн үед АН-ынхан бужигнаантай байгаа. Суудал нь эзгүйрсэн сайд нарын оронд хэнийг тавих вэ гэсэн асуудлаас болоод нам дотроо жийлцээд эхэлсэн нь олонд ил болоод байна. Саяхан тус намын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, нам дотроо үүсээд буй зарим асуудлын талаар хэлэлцжээ. Ингэхдээ сайд нарын асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэж, Ерөнхийлөгчийн Өршөөлийн хуульд тавьсан хоригтой хамт Ээлжит бус чуулган хуралдуулж хэлэлцэх ёстой гэж үзсэн гэнэ. Тийм ч учраас УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хуулиа биелүүлэхийг шаардсан албан тоот илгээсэн гэдэг нь ч тодорхой боллоо.
Үүнээс гадна Гүйцэтгэх зөвлөл нэн яаралтай хуралдах болсон бас нэг давхар шалтгаан байсан талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, Гүйцэтгэх зөвлөлийн хурлын үеэр зарим гишүүндээ хариуцлага тооцох асуудлыг ч хөндсөн ажээ. Тухайлбал, Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүлийг намынхаа Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаа удаа дараа суугаагүй, үл хүндэтгэсэн хэмээн шүүмжилжээ. Түүнийг нийслэлийн Засаг даргын, хотын ажилдаа хэт анхаарч намын ажлаа орхигдуулж буй учир арга хэмжээ авах, хариуцлага тооцох асуудлыг ч зарим гишүүн нь хөндсөн гэдгийг эх сурвалж хэллээ. Мөн хотын Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл хэд хоногийн өмнө батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хэсэгт орохгүй хэмээн мэдэгдэж, том толгойлсон. Тэрбээр Нийслэлийн АН-ын дэд даргын сонгуульт албыг давхар хашдаг нэгэн. Энэ мэт үйлдэлүүдээсээ болж Нийслэлийн АН-ын удирдлагууд Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдээсээ нэлээн банга сонссон бололтой.
Нийслэлийнхэн сүүлийн үед хотдоо доривтой ажил хийж чадахгүй байгаа нь үнэн. Өнгөрч буй зун гэхэд л хэд хэдэн асуудалд орооцолдоод амжсан.
Эхнийх нь мэдээж усан хөшгийн асуудал. 70 сая төгрөгийн өртөгтэй хийгдсэн уг ажлыг маш муу болсон гэсэн дүнг ард иргэд хангалттай тавьсан. Уг нь хотынхон Сөүлээс "будаа” идсэн. Гэвч тэр нь ойртож очих нь байтугай дөхөж ч очоогүй нь харамсалтай. Дараа нь даншиг наадам хийж төсвийн зардлыг баахан үргүй зарцуулсан. Яг үнэндээ наадам нь л сайхан байснаа биш өнөөдрийнх шиг хүндхэн байдалтай байгаа улс орны төсвөөс 560 сая төгрөг гаргаад салхинд хийсгэчихнэ гэхээр үнэхээр харамсалтай. Хотын дарга өөрөө тайлбарлахдаа "Даншиг үзэхээр 1 сая жуулчин ирнэ. Тэндээс зардлаа нөхнө” гэсэн. Нэг сая байтугай 100 жуулчин ирсэн бол их юм. Хэрвээ нэг сая жуулчин Улаанбаатарт ирвэл багтаж шингэхгүй асуудал үүсгэх байлаа.
Үүний дараа автобусны шинэ систем. Хотын даргын энэ зун хийсэн хамгийн хортой ажил.Иргэд бүгд л "хуучин шиг ээ явдаг бол” гэж байр сууриа илэрхийлж байгаа. Энэ мэтээр хотын ч ажил урагшлахаа больлоо. Үүнийг нь харсан намынхан нь хотын ажлаа хийж чадахгүй байна. Намынхаа үйл хэрэгт ч оролцохгүй байна. Тиймээс нийслэлийнхэнтэй хатуухан хариуцлага тооцох хэрэгтэй. Тэр тусмаа хотын дарга Б.Бат-Үүлтэй хариуцлагын асуудал ярьж, магадгүй үүрэгт ажлаас нь ч чөлөөлөх тухай яригдах гэнэ.
Г.Ган