| |
Хавсран гүйцэтгэгчид халаа, сэлгээ хийгээд эхэллээ
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ сарын 7-нд МАН-ын сайд нарын орыг үлдсэн хэдээр нь хавсран орлуулах захирамж гаргасан.
Уг захирамжаар Шадар сайдыг Хууль зүйн сайд Д.Дорлигжав, БОНХАЖ-ын сайдыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Сангийн сайдыг ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, Барилга, хот байгуулалтын сайдыг Уул уурхайн сайд Р.Жигжид, Зам, тээврийн сайдын үүргийг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Хөдөлмөрийн сайдыг ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ хавсран гүйцэтгэхээр болсон юм.
Ингэхдээ "...дараагийн сайд томилогдох хүртэл түүний үүргийг хууль тогтоомжийн хүрээнд зохих журмын дагуу хариуцан гүйцэтгэж байх” үүргийг давхар өгсөн. Тэгвэл хавсран гүйцэтгэгч сайд нар өчигдрөөс хөдөлгөөнд ороод эхэлжээ.
Хөдөлмөрийн сайдын үүргийг хавсран гүйцэтгэж буй ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ өчигдөр Хөдөлмөрийн яаман дээр өнжсөн байна. Тэрээр тушаал гаргаж С.Чинзоригийн ажилд авсан 20-иод хүнийг ажлаас чөлөөлжээ. Оронд нь АН-ын Я.Санжмятав сайдын үед ажиллаж байсан албан тушаалтнуудыг томилсон байна. Тухайлбал, Хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төвийн даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн асан Д.Очирбат, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний төвийн дарга, Гадаад харилцааны сайд асан Ц.Гомбосүрэнгийн хүү Г.Билигсайхан нарын хүмүүс халагджээ.
Гурван сарын өмнө АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр "...МАН-аас томилогдсон Засгийн газрын гишүүд нийт 500 гаруй төрийн албан хаагчийг хоморголон халж байгаагийн дотор Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам нийт төрийн албан хаагчдынхаа 50 гаруй хувь, Хөдөлмөрийн яам яамныхаа удирдлагын 100 хувийг халсан.
Мөн 21 аймаг, есөн дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргыг 100 хувь ажлаас нь халаад байна. МСҮТ-үүдийн дарга нарыг бүгдийг халсан” хэмээж байсан юм. Хамтарч байхдаа ингэж мэдэгдэж байв. Харин одоо хоёр нам засгаас өрх тусгаарласан. Тиймээс АН өмнөх сайдын хүмүүсийг ийн "чөлөөлж” эхэлжээ гэсэн үг. Хөдөлмөрийн яаман дээр энэхүү халаа сэлгээ өнөөдөр ч үргэлжилж магадгүй. Мөн Зам тээврийн яам, Сангийн яам, БОНХАЖЯ-нд иймэрхүү бэлтгэл хангагдаад байгааг эх сурвалж хэлж байна.
Шинэ сайд нар хэзээ тодрох нь тодорхойгүй байгаа. Өнөөдөр нэр нь тодроогүй болохоор хэд хононо гэсэн үг. Харин энэ хооронд хавсран гүйцэтгэгчид өмнө нь "хоморголуулан халагдсан” албан хаагчдаа буцаан томилохоор шийдсэн байж мэдэхээр байна. Ингэсэн тохиолдолд дараа нь хэрүүл зарга гарвал хэн ч хариуцахгүй гэсэн үг. Хэн нэгэн сайдаар томилогдож таарна. Ямар ч хууль бус зүйл хийхгүйгээр сонгуультай золгоно. Харин хэргийн эзэн нь шал өөр салбар хариуцаж байгаа болохоор шийтгэл хүлээлгэх хуулийн гарц байхгүй гэсэн үг. ХАХНХ-ын сайдад Хөдөлмөрийн яамны халагдсан ажилтны гомдлоор, Гадаад хэргийн сайдад БОНХАЖЯ-ны асуудлаар хариуцлага хүлээлгэнэ гэвэл түүн шиг худал юм байхгүй. Тиймээс түр зуур хавсран гүйцэтгэж буй сайд нараар "их цэвэрлэгээ” хийлгэх намын даалгавар ч байж мэдэх нь. Сонгууль дөхсөн энэ үед ийм олноор нь халж, сэлгэх нь ичиж, нэрэлхээд байх асуудал биш болсон бололтой.
Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин