|
Видео

Шинэ мэдээ

Б.Саранчимэг: Мод тарьж ургуулна гэдэг маш их хөдөлмөр, арчилгаа шаарддаг ажил

Б.Саранчимэг: Мод тарьж ургуулна гэдэг маш их хөдөлмөр, арчилгаа шаарддаг ажилҮндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал Б.Саранчимэгтэй ярилцлаа

– Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нийт хэдэн га газрыг хамран үйл ажиллагаагаа явуулж байна  вэ?

– Үндэсний цэцэрлэгт хүрээлэн маань 975 га газрыг хамардаг, энэ нь нийслэл хотын нийт ногоон байгууламжийн 23 хувийг эзэлдэг гэдгээрээ онцлогтой. Манай байгууллага байгуулагдаад 5 жил болж байна. Бид 9 сард 5 жилийн ойгоо тэмдэглэх гэж байна. Анх байгуулагдаж байхад  дэд бүтэцгүй, худаг усгүй зэлүүд газар төсөл хэрэгжүүлэн цэцэрлэгт хүрээлэн байгуулна гэж юу байх билээ гэсэн шүүмжлэлийг араасаа дагуулж байсан. Гэсэн ч бид 185 га газрынхаа ерөнхий төлөвлөгөөг батлуулаад, эхний хэсэгчилсэн бүтээн байгуулалтаа хийж, цэцэрлэгт хүрээлэнгээ  2012 онд хэсэгчлэн  нээж  байсан түүхтэй. Тэр үеийг өнөөдрөөс эргээд харахад чамгүй олон ажлууд хийгдсэн байна. Цэцэрлэгт хүрээлэнгийн гол ажил бол ногоон байгууламжийг бий болгох явдал байдаг. Манай хүрээлэнгийн хувьд ногоон байгууламжийг  90-иэс доошгүй хувьд хийхээр төлөвлөсөн.

– Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ямар ямар бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна вэ?

– Аливаа ажил хийгдэхдээ урьдчилан батлагдсан зураг төслийнхөө дагуу хийгдэж байж ажил зөв явах ёстой. Үүний дагуу бид цэцэрлэгт хүрээлэнгийнхээ   байгаль орчны нарийвчилсан судалгаа болон  хөрсний,  техник эдийн  засгийн  гэх зэрэг олон  судалгааг мэргэжлийн  байгууллагуудаар  гаргуулсан. Энэ судалгаануудад үндэслэгдсэн  ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөө батлагдаж, түүнд тулгуурласан  бүтээн байгуулалтын ажлууд хийгдээд явж байна.

Төлөвлөлт гэдэг хамгийн чухал зүйл. Зөв төлөвлөөд, түүнийхээ дагуу ажлууд хийгдээд явахад ажил урагштай байдаг. Бид Үндэсний цэцэрлэгт хүрээлэндээ нийслэл хотдоо анхны гэсэн тодотголтой хэд хэдэн ажлуудыг хийсэн. Тухайлбал, нийслэл хотын хамгийн анхны усан фантани, газрын усан фантани зэргийг дурьдаж болно. Мөн спортын талбай, хөл бөмбөгийн стандартыг хангасан талбай, 5.3 км дугуйн зам, явган зам  болон анхны томоохон  модлог ургамлын  төглүүдийг тарьж бий болголоо.

Бүтээн байгуулалт гэхээс гадна иргэдэд байгаль орчноо хайрлах сэдэл төрүүлэх, тэдэнд  экологийн боловсрол  олгоход чиглэгдсэн хэд хэдэн төслүүд хэрэгжүүлж, иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудыг  мод тарих үйл ажиллагаанд татан оролцуулж байна. Үүнтэй холбогдуулан бид "Нэг гэр бүл-Нэг мод” хөтөлбөрийг  хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хөтөлбөртэй уялдуулан хэд хэдэн төслийг хэрэгжүүлж байна.

Энэ хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байгаа "Ногоон хашаа” төслийн хувьд хүрээлэн буй орчноо сайжруулах зорилгоор ганцхан цэцэрлэгт хүрээлэнд биш,  амьдарч буй газрынхаа эргэн тойрны орчноо  моджуулах, зүлэгжүүлэх, ногоон хашааг бий болгох, төмөр модоор биш, ногоон байгууламжаар хашаа бий болгоё гэдэг уриалгыг дэвшүүлээд ажиллаж байна.

Халдвартын эмнэлэг,  97-р сургууль, III төрөх эмнэлэг зэрэг байгууллагуудад 7000  гаруй модыг "Чинагийн Галсан” сан, "Mika Mongolia” ТББ-тай  хамтран тарьж ургуулах ажил хийлээ. Цаашдаа ч гэсэн олон байгууллагууд  "Ногоон хашаа” төслийн хүрээнд хамтран ажиллахаар санал хүсэлтээ бидэнд ирүүлсэн.

Нөгөөтэйгүүр  нийслэл хотын ногоон байгууламжийг өргөжүүлэх, эзлэх талбайг нэмэгдүүлэх, иргэдийн оролцоог хангах зорилгоор "Итгэлийн төгөл”-ийг бий болгосон. Гол зорилго нь өмнө нь бид жилд 2 удаа мод тарьдаг байсныг нэмэгдүүлж жилийн 4 улиралд мод тарих бололцоотой болгож байгаагаараа онцлогтой. Ингээд зуны турш мод тарих үйл ажиллагаа үргэлжилж байна. Таныг сая цэцэрлэгт хүрээлэнд очиход иргэд гэр бүл, үр хүүхэдтэйгээ ирж мод тарих арга хэмжээнд оролцож байсан нь ийм учиртай юм. 8

Мөн бид иргэдийнхээ экологийн боловсролыг дээшлүүлэх, экологийн судалгааны суурь баазыг цэцэрлэгт хүрээлэнгийнхээ дэргэд бий болгох  зорилгоор Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн оффисийн нэг давхарт "Эко танхим-сургалт мэдээллийн төв”-ийг байгуулж 90 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Шинээр байгуулж байгаа  "Эко танхим-сургалт мэдээллийн төв”-ийн хувьд иргэдэд  экологийн чиглэлийн бүхий л мэдээллийг нэг дороос авах  боломжтой болгохыг бид зорьж ажиллаж байна.

– Иргэд жилийн дөрвөн улиралд Үндэсний цэцэрлэгт хүрээлэндээ очиж "Итгэлийн төгөл” төсөлд оролцон мод тарих боломжтой гэж ойлгож болох уу?

– Тэгэлгүй яахав, гэхдээ бидэнд маш олон иргэд, аж ахуйн нэгж хандаж мод тарих хүсэлтээ илэрхийлдэг. Бид иргэдийн санал хүсэлтийг нь ирүүлсэн  дарааллаар нь дугаарлаад, тухайн иргэний ээлж болоход утсаар ярьж, та ирж модоо тарих боломжтой гэдгийг мэдэгдэн мод тарих боломжийг нь олгож байгаа. Мөн бид иргэдийг мод тариад орхичихгүйгээр тухайн иргэний тарьсан  модыг кодолж паспортжуулаад, иргэд өөрсдийн тарьсан модоо эргэж арчлах, улмаар цэцэрлэгт хүрээлэнтэйгээ эргэх холбоотой ажиллах боломжийг бүрдүүлсэн.

"Итгэлийн төгөл” 4,3 га газрыг хамарч  байгаа.  Бид  мод тарих иргэдийг ирэхэд өөрсдийн ажилтнуудаар зааварчилгаа өгч тарихад нь тус нэмэр болж байгаа.

– Мод тарих нэг хэрэг. Харин тарьсан модоо ургуулах, арчлах, суулгац бэлтгэх гээд олон ажлууд та бүхний нуруун дээр ирдэг байх?

– Аливаа  ажил шинжлэх ухааны үндэслэлтэй явагдах ёстой. Мод тарьж ургуулна гэдэг маш их   хөдөлмөр, арчилгаа шаарддаг ажил.  Тарьсан модыг ургуулна гэдэг бол "хүүхэд арчилж өсгөхтэй” адил арчилгаа шаарддаг ажил. Манай хүрээлэнгийн хувьд шинжлэх ухааны судалгаанд үндэслэн  мод тарих үйл ажиллагааг явуулж, дээр нь жилийн 4 улиралд тарьсан модоо арчилж хамгаалсны үр дүнд тарьсан  модны ургах байдал 95 хувийн амжилттай байгаа. Бид модны суулгацынхаа тодорхой хувийг цэцэрлэгт хүрээлэндээ мөчрөөр, үрээр ургуулж бэлтгэдэг бол нөгөө хэсгийг нь зохих хэмжээний үнээр худалдаж авдаг. Эдгээр  модны суулгацаа бортогондоо суулгаад энэ зунжин мод тарих нөхцлийг бүрдүүлээд ажиллаж байна.

5 жилийн өмнө 27 ажилтантай, 5 бээлий, 5 хүрзтэй ажлаа эхлэж байсан бол одоо 100 орчим ажилтантайгаар үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна. Манай нэг ажилтанд 5 га газрын арчилгаа тордлого оногдох жишээтэй. Гэсэн хэдий ч манай ажилтнууд эрхэлж байгаа ажилдаа сэтгэл гаргаж ажиллаж чаддаг учраас цэцэрлэгийн маань ногоон байгууламжийн ажил урагштай байгаа юм.

– 5 жилийн өмнөхийг бодвол энд олон ажлууд хийгдэж, нийслэлийн  иргэдийн маань очих дуртай газруудын нэг болж чаджээ. Энэ бүхэн таны  удирдлага болон  танай  байгууллагын хамт олны хөдөлмөрийн үр дүн гэж ойлгож байна.

– Баярлалаа, аливаа ажил бол баг хамт олны хөдөлмөрийн үр дүн байдаг. Манай хамт олны хувьд залуучууд голдуу ажилладаг төдийгүй  90 орчим хувь нь ногоон байгууламжийн мэргэжилтнүүд.  Анх ажилд ирсэн залуучууд  1-2 жил болоод ажилдаа дур сонирхолтой, ажлаа мэддэг болж байгааг харахад урамтай байдаг. Төрийн ажил цалин бага ч гэлээ халуунд халж, хүйтэнд хөрж цэцэрлэгт хүрээлэнгээ ногооруулахад  зүтгэл гарган ажилладаг ажилчиддаа талархаж явдаг.

Энэ зуны хувьд  хаа сайгүй гантай байхад манай залуус л өдөр алгасалгүй  цэцэрлэгт хүрээлэнгийхээ зүлэг ногоог услаж, тордосны үр дүнд хотын хамгийн том  ногоон байгууламж  болсон. Биднийг ажил хийхэд та бүхний ингэж хэлж урамшуулж байгаа  урмын үг бидэнд их эрч хүчийг өгч байдаг.

Цэцэрлэгт хүрээлэнгээр үйлчлүүлж байгаа иргэд ч нэг үеэ бодвол соёлтой болсон байна. Элдэв хогоо ил задгай хаялгүй хогийн саванд хийдэг соёлыг  иргэдэд бүрдүүлэхийг бид  хичээн ажиллаж байгаа.

– Өнөөдөр Монголын сайтын холбоотой хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж байгаа юм байна. Гэрээний дагуу  ямар ажил хийгдэх  вэ?

– Өнөөгийн мэдээллийн эрэн зуунд  хамгийн хүчтэй мэдээллийн хэрэгсэл болсон цахим сэтгүүлзүйн төлөөлөл болох Монголын сайтын холбоо манай хүрээлэнд төгөл байгуулахаар санаачилга гаргасанд бид  баяртай байна. 10982882_957029924340769_6963375051704623574_nХамтын ажиллагааны хүрээнд Монголын сайтын холбоо "Гэр бүлийн төгөл” төслийг хэрэгжүүлэх юм. Энд гэр бүлийн хосуудын зургаа авахуулдаг тайзтай,  дүүжин сандалтай, олуулаа тойрч суух сүүдрэвчтэй төглийг Монголын сайтын холбоо барьж байгуулахаар болж төлөвлөж байга аюм билээ.  Нөгөөтэйгүүр  олон нийтийн эко боловсролыг дээшлүүлэх, байгаль орчноо хамгаалах, хүүхэд залуучуудад ногоон хөгжлийн  мэдлэг олгоход цахим мэдээллийг хэрэгслийн үүрэг оролцоог нэмэгдүүлэхэд л энэхүү гэрээний  гол зорилго орших учиртай.

– Танд баярлалаа, цаашдын ажилд амжилт хүсье

– Та бүхэнд ч гэсэн баярлалаа.

Ц.Мөнх

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler