| |
Хаан хорны гамшиг хаяанд чинь ирчихлээ, Хүмүүсээ
2010 онд олон нийтийг сэрэмжлүүлэх үүднээс "Хаан хор” хэмээх
энэхүү нийтлэлийг бичин хэвлэлүүдэд тараасан юм. Зарим тоо баримтыг нь
шинэчлэн дахин нийтлүүлж байна.
Эртний Египетийн хатан хаан Клеопатра дайнд ялагдан аргагүй байдалд орж
амиа хорлохдоо саванд тусгайлан бэлдсэн наж могойгоор өөрийгөө
хатгуулсан байдаг. Македеоны Александрын үеэс эхлэн хаад, ноёд, дээдсүүд
бие биеийгээ сэмхэн хөнөөх хэрэг гарвал хортой мөөг, замаг мэтийн олон
төрлийн ургамлын гаралтай хор хэрэглэдэг байсан талаар судар бичигт
өгүүлдэг.
Гэтэл таалагдахгүй нэгийгээ цааш нь харуулахын тулд хүн төрөлхтний
түүхэнд анх ашигласан онцгой нэгэн хор буй. Үүнийг хүмүүс эртнээс нааш
"Хаан хор” гэж нэрлэсэн ба монголоор хүнцэл, оросоор мышьяк, англиар
arsenic гэж уншина. Хулганыг оросоор мышь гэдэг биз дээ. Оросууд энэ
хорыг анхнаасаа хулгана, хархыг устгахад өргөн ашигладаг байсан учир
мышьяк гэж нэрлэсэн ч байж болох. Харин "Арсен” гэдэг нь грек хэлэнд
хүчтэй гэсэн санааг агуулдаг болохоор энэ бодис ямар ч гэсэн чамгүй л эд
болж таарч байна.
Хүнцэл бол онц аюултай химийн хорт бодис. Огт амт, үнэргүй хоёр
гуравхан дусал /60мг/ ийм бодисыг ус юм уу, дарсанд холиод уулгахад ямар
ч амьтныг хоромхон зуур цааш нь харуулах хүчтэй хэрнээ, бага тунгаар
байнга хэрэглүүлэх юм бол хэдэн сарын дараа чимээгүйхэн нүд аниулдаг ийм
хорыг алхимичид дундад зууны үед гаргаж авсан нь дээдсийн
хүрээллийнхний дунд бие биеэсээ чимээгүй өшөө авах боломжийг бий
болгосон гэдэг юм билээ.
Хүнцэлд хордсон хүн бөөлжих, гэдсээр нь хатгах, гүйлгэх зэрэг хоолны
хордлогын маягийн шинж тэмдгүүд илэрч байгаад нүд анина, гол нь
хохирогчийн биед хор уусан гэх ямар нэг шинж тэмдэг дараа нь илэрдэггүй
учир үйлдсэн этгээд гэм зэмгүй өнгөрдөг байж л дээ. 18-р зуунд Францын
Людовик хааны хайртай Маркизыг 25-хан насанд нь ордныхон хуйвалдан
хүнцлээр хордуулж алсан боловч, тэр үеийн тэргүүлэх бүх эмч нар төрөл
бүрийн задлан шинжилгээ хийсний дүнд үхлийн шалтгааныг тодорхойлохдоо
"бие нь ямар нэг бодисд хордоогүй” гэсэн дүгнэлтийг хаандаа итгэлтэйгээр
гаргаж өгч байжээ. Хүнцэл химийн бодисынхоо хувьд Менделевийн үелэх
системийн 33-т жагсдаг жирийн л нэг өргөн тархмал металлоид гэхдээ зарим
бодистой урвалд орохоороо заналт зэвсэг болж хувирна. Хүнцэл бусад
бодистой амархан урвалд ордог. Гурван валенттай хүнцэл нь таван
валенттайгаасаа 50-60 дахин их хортой. Хүнцлийн хамгийн хортой нэгдэл
нь арсин буюу хүнцэлт ус төрөгчийн хий / AsH3/. Агаарт ердөө 0.05мг/л
байхад л амьсгалаар дамжин биед оронгуутаа цусны улаан бөөмийг
устгаснаар халуун цустай ямар ч амьтныг хагас цагийн дотор
чадхийлгэнэ. Агаарт байх хэмжээ нь 5мг/л хүрэх юм бол хүнийг хоромхон
зуурын хугацаанд цааш нь харуулдаг бузрын шидтэй эд.
Хүнцлийн исэл гэх /As2O3/ үхлийн цагаан нунтгийг XIY зуунаас эхлэн
Европын хаад хатад, ордныхны хүрээнд эхлээд нууцаар ашиглаж эхэлсэн ба
энэ нь цаашдаа хүрээгээ тэлсээр баян эцэг эхийнхээ өв хөрөнгийг
булаацалдсан ах дүүс, амраг садангууд, бие биенийгээ үзэн ядсан нууц
амрагууд, сүүлдээ бүр хоорондоо дайсагналцдаг шашны урсгалын лам
хуврагууд ч өшөө авалтынхаа гол зэвсэг болж хувиргасан байдаг. Хаадын
хор гэх энэ хороор Александр IV, Александр VI хаад, Екатерина хатан,
Чезар гэх мэт дээдсийн хүрээлэнгийн 600 гаруй нэр нөлөө бүхий хүмүүсийг
хордуулан хойтохыг нь уншсан гэдэг юм билээ, ум базарваань. Үүний зарим
тохиолдлууд нь бидний сайн мэдэх Александр Дюмагийн зохиолуудад ч
гардаг. Дээр дурьдсанаар дундад зууны үед хүнцэлд хордож үхжээ гэдгийг
Европод тогтоох арга байгаагүй бол Xятадын химичид үүнийг тогтоож чаддаг
байжээ. Харамсалтай нь шинжилгээний арга нь өнөө хүртэл нууцлагдмал
хэвээрээ.
1804 онд Францын эзэн хаан Наполеон 1821 онд ертөнцийн мөнх бусыг
үзүүлсэн ч үхлийнх нь шалтгаан бараг хоёр зууны турш таавар хэвээр,
эрдэмтдийн анхаарлыг татсан асуудлын нэг байсаар ирсэн билээ. "Би
удахгүй үхнэ гэдгээ мэдэж байна. Таалал төгссөний дараа миний биед
задлан хийж ходоодыг минь анхааралтай шинжлэхийг хүсч байна. Задлан
шинжилгээний үр дүнг хүүд минь илгээхийг хичээнгүйлэн хүсье” гэсэн
захиаг Наполеон нас барахынхаа өмнөхөн өөрийн хувийн эмчдээ хандан бичиж
байжээ. 51-хэн насандаа хорвоог орхисон тэрээр амьдралынхаа сүүлчийн
өдрүүдэд улам бүдүүрсээр байсан гэдэг. Илүүдэл жин нь хүнцлээр хордсоны
гол шинж тэмдэг болдог байна. Нас барснаас нь хойш гучин жилийн дараа
түүний шарилыг Ариун Елений арлаас Парисд авчирч дахин оршуулахад шарил
нь огт муудаагүй байгааг үр хүүхэд нь хараад цочин хөшиж орхисны учир
мөн л нөгөө хүнцэл гайхалд байж. Хүнцэл амьд амьтныг хөнөөдөг хэрнээ
цогцсыг нь муутгадаггүй шидтэй эд юмсанж. Хорны ертөнцөд циан гэгч бодис
гарч ирэхээс өмнө хүнцэл ийнхүү дэлхийг эзэгнэж байлаа. Ойрын ганц
жишээ дурьдахад, хүнцэлтэй хуурай сүү байнга хэрэглэсний улмаас 1955
онд Японд 12000 гаруй хүүхэд хордож, 120 нь нас барсан харамсалтай
тохиолдол гарч байв.
Манайд энэ бодисын тархалт ямар хэмжээнд байгааг авч үзье. Жилдээ
зургаан сая гаран нүүрс шатаадаг нийслэлийн маань хөрс ус цаашлаад Туул
гол, Мэнэнгийн талаас авахуулаад говийн зэрэглээт хөндий хааяагүй энэ
хор тархсан байна. Үүнээс би "урт нэртэй” хуулийн хүрээнд буюу гол
мөрний эх, ойн сан бүхий газар бүр тодруулбал бидний өдөр тутмын хоол
хүнсэндээ хэрэглэдэг тариа, ногоогоо ургуулдаг тариалангийн гол бүс
нутаг Сэлэнгэ аймагт байдал ямар байгааг та бүхэнд товчхон танилцуулъя.
Баримт 1. Монгол улсын стандартаар 1кг хөрс, 1 л усанд хүнцэл 6мг-аас
илүү байвал хүний эрүүл мэндэд аюултай гэж үздэг. ДЭМБ-ынхаар бол 10,
ОХУ-ын стандарт бол бүр хатуу, ердөө 2мг/л байхад л хортой гэж тогтоосон
байдаг. Судалгаанаас үзэхэд Гацууртын ордны алтны хүдэрт агуулагдах
хүнцлийн хэмжээ 46986мг/кг байна. Өөрөөр хэлбэл манай стандартаас даруй
8000 дахин их гэсэн үг. Энэ бол бид мэтийн мунхагуудад зориулан
булшилсан байгаль эхийн тэсрэх бөмбөг мина биш гэж үү. Одоо ашиглалт нь
дуусах шатандаа орсон Бороо Гоулдын уурхайн хаягдлын далангийн усан
дахь хүнцэл 2820мг/л, далангийн шаварт агуулагдах хэмжээ нь 4419мг/кг-д
хүрч байгаа нь маш өндөр агууламжтайд тооцогдоно. Мөн Гацууртын голын
дунд хэсгийн шавраас авсан дээжинд хүнцлийн хэмжээ 136мг/кг байна. Ноён
уулнаас эх авдаг Гацууртын голын дагуух шороон ордыг "Гацуурт” компани
анх 1990-ээд оны үед ашиглаж ихээхэн алт угааж авах үед голын ёроолын
лаг шавраас их хэмжээний хүнцэл ялгаран голын ус хордсоныг дээрх баримт
өгүүлдэг. Хүнцэл ихтэй учир уг голын дагуу амьдардаг айлуудыг "Бороо
Гоулд” компанийхан зөөврийн усаар хангаж байгаа талаар "Сентерра Гоулд”
компаний захирал ноён Казаков өөрөө ам алдсан удаатай. Өнгөцхөн шороон
ордыг нь ашиглахад ийм их хүнцэл ялгарч байгаа юм чинь хэдэн зуун метр
ухаж, үндсэн ордыг нь дэлбэлэн хүнцэлтэй хүдрийг нь ил гаргаад эхэлбэл
юу болох бол оо?
Баримт 2. Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дахь Бороо Гоулдын алтны
уурхайн хаягдлын далангийн доох нь орших Бороо голын ойролцоох худгийн
усанд хүнцлийн агууламж өндөр байгаа нь далангийн ус газрын гүн рүү
нэвчсэн байх магадлалтай. Хэрэв Сентера Гоулд компани Гацууртын ордыг
ухаад эхлэх юм бол алттай хүдрийг ийш нь зөөн үйлдвэрдээ тээрэмдэж
угаахаар бэлтгэлээ хангаад байгаа. Тэр үед уурхайн хаягдлын далангийн
бохир ус хэд дахин нэмэгдэнэ. Монгол орон бол газар хөдлөлийн идэвхтэй
бүсд багтдаг. Сүүлийн үед газар хөдлөлийн давтамж ойрхон болж, жилд
200-300 чичирхийлэл бүртгэгдэж байна. "Бороо Гоулдынхны” Таширын нуруунд
хийж буй асар хүчтэй тэсэлгээнүүд ч нөлөөлнө. Байгалийн давагдашгүй
хүчин зүйлийн нөлөөгөөр уурхайн хаягдлын далан сэтэрч нуурын хэдэн сая
тонн бохирдсон ус доошоогоо алдагдвал Бороо, Хараа гол, Сэлэнгэ мөрөн
цаашлаад Байгаль далай хордож, байгаль орчинд онц ноцтой хор нөлөө
үзүүлэх нь дамжиггүй. Хоёр жишээ дурьдъя. 1992 онд АНУ-ын Коларадо мужид
алт угааж байсан "Галактик Ресорс” компаний уурхайн хаягдлын далан
сэтэрч, хорт хаягдал Аламос голд алдагдсанаас энэ голын амьд амьтан бүгд
устаж үгүй болсон. Энэ бол Америкийн түүхэнд болсон экологийн хамгийн
том сүйрэлд тооцогддог. Хорыг саармагжуулах ажилд АНУ-ын засгийн газар
160 сая ам. доллар зарсан бол тухайн үед энэ компанийг эзэмшиж байсан,
Монголчууд бидний эртний танил "Айванху Майнзын” Роберт Фридланд ноён
шүүхийн шийдвэрээр нутгийн иргэдэд 30 сая доллар нөхөн төлбөрт өгснөөр
компани нь дампуурч байсан баримт бий. Мөн Канадын хөрөнгө оруулалтай
"Габриел Ресорс" компани нь 2000 онд Румын улсад алт олборлож байх
явцдаа ийм сүйрэл гаргасны улмаас их хэмжээний хорт хаягдал Дунай мөрөн
рүү орж, голын дагуу амьдардаг хоёр сая хүний ундны усыг нилд нь
бохирдуулсан юм. Бохирдлын онцгой бүсэд байсан бүх айл өрхийг нүүлгэн
шилжүүлж голыг цэвэршүүлэхэд Европын холбооноос 15 жилийн хугацаанд
гурван тэрбум гаруй доллар зарцуулах тооцоо гарч байлаа. Сүүлийн хорин
жилд ийм маягийн сүйрэл дэлхийн улс орнуудад 30 гаруй удаа тохиогоод
байна. Өвөг дээдсийн сануулснаар "Ниргэсэн хойно нь хашгирахгүйн” тулд
муугаар бодоход байдал нэг иймэрхүү.
Баримт 3. ОХУ-ын эрдэмтэн С.Чалов нарын 2012 онд хийсэн судалгаагаар
Заамарын уурхайгаас жилд 30 тонн хүртэл хүнцэл Туул гол руу орж, Сэлэнгэ
мөрний сав газрыг бохирдуулж байна гэсэн бол Германы эрдэмтэн Хофман
нарын 2013 онд хийсэн судалгаагаар Хараа гол руу ордог хүнцлийн хэмжээ
жилээс жилд ихэсч, 3.3 тоннд хүрсэн гэж дүгнэжээ.
Бид 50 тн алтаа угаалгасныхаа шанд ирэх арван жилд 200 сая долларын
ашиг олно гээд алгаа ташаад дэвхцээд байгаа бил үү. Тэгвэл Ноён уулыг
дэлбэлэн үндсэн чулуулгийг ухаж ил гарган олборлолт явуулснаар газрын
гүнд мөрөөрөө хэвтэж байсан арсенопирит мэтийн хүнцэлтэй эрдсүүд наранд
ил гарч, бороо цасны устай холилдон исэлдэн хүнцлийн усанд уусамтгай
нэгдлүүд үүснэ. Үүгээр бохирдсон жижиг гол горхиор дамжин Гацуурт,
Бороо, Хараагийн гол, Сэлэнгэ мөрөн хүнцлээр цалгилж эхэлбэл зөвхөн
нутгийн иргэд мал амьтнаар тогтохгүй, тэнд ургасан тариа ногоо, малынх
нь мах сүүг хэрэглэдэг хэнбугайд ч энэ асуудал хамаатай болно. Энэ бол
цөөхөн Монголчууд бидний ч асуудал биш. Яагаад гэвэл Байгаль далайн 50
хувь нь Сэлэнгэ мөрнөөр тэжээгддэг. Цаашлаад Байгаль далайн ус Ангар,
Енисей мөрнөөр дамжин Хойд мөсөн далай хүрснээр дэлхий нийтийн байгаль
орчны асуудал хөндөгдөх нь гарцаагүй.
Сүүлийн үед Байгаль нуурын ус эрчимтэй дундарч, бохирдож байгаа талаар
Оросын хэвлэл мэдээллүүдэд их бичих боллоо. Уг нуурын усны 50% нь
Сэлэнгэ мөрнөөр тэжээгддэг. Сэлэнгэ мөрөн дээр Шүрэнгийн УЦС барих ажлыг
ОХУ-ын байгалийн нөөцийн сайд С.Донской эрс эсэргүүцэн өнгөрсөн жил
Монголын ЗГ-т албан тоот ирүүлж байсныг санаж байна.
ЮНЕСКО-д бүртгэлтэй, дэлхийн цэвэр усны 20%-ийг агуулдаг Байгаль далай
бидний буруутай үйл ажиллагааны улмаас хүнцлээр бохирдож эхэлбэл
хариуцлагыг нь хэн үүрэхэв? Ноён уулын онгон дагшин байгалийг нь
сүйдлэн 50 тонн алтыг нь авч, 2 тэрбум долларын ашиг олно хэмээн тооцоод
их хурлын нэр бүхий гишүүдийг лоббидсон Канадын "Сентерра Гоулд”
компани уу? Монгол улсынхаа хуулийг уландаа гишгэн тэдэнд Ноён уулыг
дэлбэлж ухах зөвшөөрөл олгох гэж буй Улсын их хурал уу? Засгийн газар
уу? Ноён Ерөнхийлөгч үү? Эсвэл ийм явдал болж буйг харсаар дуугүй
толгой дохин сууж буй Монголчууд бид бүгдээрээ юу? Бодох асуудлууд олон
бий. Өнөөдрийн талхаа биш үр хүүхдийнхээ хойч ирээдүйг бодож алсын
хараатай байцгаая. Тавин тонн алт эндээс зөөлгүйгээсээ болж бид өлсөж
үхэхдээ тулаагүй, "Таван толгойн” тэрбум тэрбум тонн нүүрс, талаар
дүүрэн мал маань бэлчиж байна.
sonin.mn
доктор Ш.Пүрэвсүрэн