| |
Мориноос унасан хүүхдийн даатгалд 2.5 сая төгрөг олгожээ
Өнгөрсөн жилийн наадмаар Ховд аймгийн Дуут суманд болсон хурдан морины уралдааны үеэр 14 настай хүү мориноос унаж, толгойдоо хүнд бэртэл авсан. Ухаан алдсан хүүг яаралтай сумын эмнэлэгт хүргэсэн ч аймгийн эмнэлэгт хүргэх шаардлагатай болж, аймгийн эмнэлэгт хүргэх гэтэл "сумын түргэний тэрэг шатахуунгүй, танай хүүхэд баашилж байна, энэ байтугай унасан хүүхдүүд зүгээр байдаг" хэмээн загнаж, хугацаа алдсаар маргааш нь үдээс хойш аймгийн эмнэлэгт хүргэсэн билээ.
Харин өдийг хүртэл эрүүл мэндээрээ хохирсон хүүд хэн ч, ямар ч байгууллага эмчилгээний мөнгө төгрөгөөр туслаагүй. Харин "Монгол даатгал” компанийн Ховд аймаг дахь салбараас өнгөрсөн долоо хоногийн сүүлээр хүүд 2,5 сая төгрөгийн даатгалийн мөнгө олгожээ.
Хүү мориноос унасаныхаа дараа Улаанбаатарт ирэн эмчилгээ хийлгэсэн ч бие нь төдийлөн сайжраагүй нутаг буцсан юм байна. Одоо хүү орон нутагтаа байгаа бөгөөд хичээлдээ явж байгаа аж. Түүний толгой байнга хатгаж өвддөг, хааяа ухаан алдаж унадаг болсон тул хоёр ч төрлийн эм тогтмол уудаг болжээ.
Аав ээж нь хууль хяналтын байгууллагаар явж хөөцөлдсөн, мөн морь унуулсан уяачаас эмчилгээний зардал нэхэмжилсэн боловч ямар ч амжилтад хүрээгүй бөгөөд шүүхийн шийдвэр нөгөө талд гарсан хэмээн эх сурвалж хэлж байна.
mongolcom.mn