| |
Хөдөө аж ахуйн салбарынхны “толгойны өвчин” шийдэгдэх үү?
Дэлхий дахинд монголчуудыг газар доорх баялгаасаа өөр барьцаанд тавих хөрөнгөгүй улс мэтээр бичиж, сурталчилсаар удлаа. Гэвч ухдаг, олборлодог бүхэн дундарч, шавхагдахын цагт аяга дүүргэх юм нь юу байх вэ гэдэг сэдэв ч хаалтны гадна үлдээгүй юм.
Үнэн хэрэгтээ Монгол Улс ухдаг ч, ургадаг ч уурхайтай баян булаг болсон нутаг. Оюутолгойгоороо өрнөөс дорно хүртэл гайхуулж, тэнгэр баганадсан үнээр биржүүдийн самбарыг гоёдог бидэн шиг улс цөөхөн. Эрдэнэс агуулсан хэдэн толгойгоо ухаж, металлуудын ханшийг хэд дахин эргүүлсэнтэй адилаар ургадаг уурхайгаа "усалж” дэлхийн зах зээлд хүчтэй тоглогч болох ирээдүй бидэнд бий.
Өөрөөр хэлбэл хөдөө аж ахуйгаараа мандаж явсан өмнөх үеийн амжилтаа эвдэж, тариа будаа экспортлох эдийн засгийн шинэ шатанд хүрэх боломж нээлттэй хэвээр байгаа.
Нэхэн санавал, 1950-аад оны сүүлчээс хөдөө аж
ахуйн салбар хөгжлийнхөө оргилд хүрч, бүтээгдэхүүнээ гадаадад
экспортлон, их хэмжээний валют хэмнэсэн туршлага хуучраагүй байна. Уг нь
үндэсний хэмжээнд энэ салбарыг дэмжээд, түлхээд өгвөл өчигдөр үлдсэн
бүхэн үр шимээ өгч, өгөөж нь хажууханд байгаа нь лавтай.
Гэвч өнөөдрийн байдлаар урд хөршид тарьж ургуулсан үнэтэй ногоо идээд сууж байна.
14 хувь буюу алдагдсан боломжийн өртөг
Монгол
Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 14 хувийг хөдөө аж ахуйн салбар
дангаараа бүрдүүлж байна. Манайх шиг жижиг эдийн засагтай, нэр төрөл
цөөн улсын хувьд энэ бол том тоо. Гэлээ гээд үүнд сэтгэл ханаад зогсох
бус ахиулж хөгжүүлэх боломж бидэнд бий.
Үнэн хэрэгтээ энэ салбарыг босгох гэсэн хэд хэдэн оролдлогыг төр, засаг хийсэн нь бий. Тэдгээрээс дурьдвал 2008 онд Атрын III аян, 2013-2014 онд Монголбанк, ҮХААЯ-наас "Үнэ тогтворжуулах” хөтөлбөр хэрэгжүүлж, 376.7 тэрбум төгрөг, Чингис бонд, Самурай бонд болон Засгийн газрын үнэт цаасны хүрээнд 220 тэрбум төгрөгийн зээлийг олгосон удаатай. Гэвч энэ нь хангалттай төвшинд хүрээгүй юм. ХАА-н салбар улс орны эдийн засгийнхаа 14 хувийг бүрдүүлдэг нэртэй ч цаасан дээрх тоог бодит өгөөж болгох хөрөнгө оруулалт ус агаар шиг хэрэгтэй байна.
Боломж: Санхүүжилт
Энэ
жил манай улс 50 саяд дөхсөн мал тоолуулсан. Хүн амаасаа 16 дахин олон
энэ тооны цаана чанар гэдэг зүйл алга. Гадаадад мах экспортлох хэмжээний
чанар алга. Ийм олон малтай хэр нь сүү, сүүн бүтээгдэхүүний
боловсруулалт хангалтгүй, малчдаас бүтээгдэхүүнийг нь хүлээн авах дэд
бүтэц байхгүй.
Иймд энэ онд төрөөс энэ салбарын санхүүгийн дэд бүтцийг хөгжүүлж, санхүүгийн бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулахаар зорьж байгаа билээ. Үүнд санхүүгийн байгууллагууд, тэр дундаа арилжааны банкуудын оролцоо ихээхэн чухал юм. Мөн хамгийн гол нь ХАА-н салбарынхны өөрсдийнх нь идэвх зүтгэл, санал санаачилга хамгаас чухал.
Тэгвэл төр бодлогоо, банк санхүүгийн салбарынхан санхүүгийн ямар боломж байгааг, ХАА-н салбарынхан салбараа хэрхэн хөгжүүлэх талаар ирэх пүрэв гаригт хэлэлцэх гэж байна.
Энэ үеэр ХАА-н салбарт тулгамдаж байгаа асуудлууд болон үүнийг шийдвэрлэх гарц, санхүүгийн боломжууд, олон улсын туршлага зэргийг хуваалцахаас гадна хэрхэн санхүүжилт татах, үр ашигтай төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, дэлхийд өрсөлдөхүйц бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэрэг асуудлаар ярилцах нь ээ.
Мөн энэ үеэр Монголын томоохон банкуудын нэг Голомт банк Чингис бондын санхүүжилтийг ХАА-н 5 салбарт олгож ирсэн туршлагадаа үндэслэн, ХАА-н салбарынханд төсөл хэрхэн бичих, боловсруулах, судалгаа шинжилгээг хэрхэн хийх, техник технологийн сонголтондоо юуг анхаарах, ажиллах хүчээ хэрхэн бэлдэх зэрэг тулгамдаж байгаа асуудлуудад нь мэдээлэл өгөх нь ээ.
Түүнчлэн санхүүжилт авч үйл ажиллагаа нь жигдэрсэн ХАА-н салбарын аж ахуйн нэгжүүд бусадтайгаа туршлагаа хуваалцах юм байна.
Энэхүү "Хөдөө аж ахуйн төслийн санхүүжилт” зөвлөгөөнд хөдөө аж ахуйн салбарынхан, Засгийн газар, санхүү, хуулийн байгууллага, олон улсын банк, хөгжлийн агентлагийн төлөөллүүд хүрэлцэн ирэх нь.
Тиймээс л энэ удаад хөлс хөдөлмөрөөрөө улс үндэстнээ тэжээдэг энэ салбарынхан өөдлөх гарцаа олно гэдэгт олон хүн итгэж байгаа билээ.
Ухдаг биш ургадаг, үрждэг, арвиждаг уурхайг "услах” мөнгөний чимээ ойртжээ.