![]() |
Л.Оюун-Эрдэнэ: Бид "Зоригтойгоор өөрчлөх үү, хувьсгал хийх үү" гэдэг хоёр сонголттой туллаа
Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр боллоо. Хуралдааны дараа ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нар мэдээлэл хийлээ.
Сайд нарын байр суурийг хүргэе.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал: “Орано”-гийн хөрөнгө оруулалтын гэрээгээр 51 хувийн өгөөжийг шууд хүртэнэ
-Стратегийн ордод төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох ажлын хэсгийг шинэчлэн байгуулсан. 2007 оны УИХ-ын тогтоолоор 16 стратегийн орд, мөн нэмэлтээр 50 орчим нөөц нь тогтоосон орд дээр төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоогоод иргэний хуримтлалын данс, хадгаламжийг нэмэгдүүлэх ажлыг шат дараатайгаар хийх ажлыг үргэлжлүүлнэ. Санхүүгийн хөндлөнгийн шинжээч, хуулийн хөндлөнгийн шинжээч авч ажиллуулаад төр талдаа ч хувийн хэвшил талдаа ч хож, хож гэсэн зарчим дээр суурилж хийнэ.
Ажлын хэсгийнхэн хэлэлцээрийн ширээний ард суугаад санхүүгийн моделио тавьж байгаад газрын хэвлийн баялгийн 51 хувь нь хэрхэн иргэдэд ирэх вэ гэдэг суурь зарчмаа л хангана.
“Орано”-гийн хөрөнгө оруулалтын гэрээний үеэр байгалийн баялгийнхаа 51 хувийн өгөөжийг шууд хүртэхээр гэрээгээр хангуулсан. Байгалийн баялаг ашигласны төлбөр авч л байгаа бол орлуулсан хэсэг нь иргэн таны И Монголиа дээр харагдаж байгаа хадгаламж дээр харагдах эрх зүйн орчин бүрдүүлсэн тул стратегийн орд дээр хийгдэх хэлэлцээрт төр хувийн хэвшлийн менежмент рүү оролцоод байх биш шууд байгалийн баялгийг ашигласны төлбөрөө аваад тэр нь иргэний хуримтлалын данс руу шилждэг ийм л нөхцөл байдлыг бүрдүүлэх гэж ажиллаж байгаа. Тийм болохоор энэ хадгаламж олон мега төсөл хэрэгжсэнээр нэмэгдэх орчныг бүрдүүлсэн.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан: “Монголросцветмет” ТӨҮГ чухал ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулна
-“Эрдэнэс Монгол” -ийн харьяанд байдаг “Монголросцветмет” ТӨҮГ-ын нэр болон үйл ажиллагааны чиглэлийг өөрчиллөө. Чиглэлийг нь орчин үеийн уул уурхай, тэр дундаа критикал минерал буюу чухал ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах болгож өөрчилж, нэрийг нь "Эрдэнэс критикал минерал" болгох шийдвэрийг гаргалаа. Сүүлийн үед уурхайн салбарын хөрөнгө оруулалт, чуулга уулзалтын үеэр яригдаж байгаа асуудлын 60 гаруй хувь нь критикал минерал сэдвээр яригддаг болсон. Энэ хөгжлийн чиг хандлагатай хөл нийлүүлэх үндсэн дээр уг шийдвэрийг гаргаж байна. Манай яам мөн критикал минералын хэлтэстэй, миний бие газрын ховор элементийн чиглэлд зөвлөх ажиллуулж, төрийн бодлогын хүрээнд энэ асуудлыг ярина. Мөн ойрын үед критикал минерал, түүний дотор газрын ховор элементтэй холбоотой асуудлыг дахин Засгийн газарт танилцуулга хийнэ. Хоёрдугаарт, Монгол Улсын нутаг дэвсгэрт хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох сонгон шалгаруулалтын асуудлыг оруулсан. 2024 оны дөрөвдүгээр сараас хойш Монгол Улс хайгуулын тусгай зөвшөөрөл олгоогүй. Энэ өөрөө хөрөнгө оруулалтыг хааж, дотоодын аж ахуйн нэгжүүдэд ч саад болж байгааг байнга ярих болсон. Одоогийн байдлаар 2700 орчим лиценз олгосноос 900 орчим нь хайгуулын лиценз байна. Олон улсад хайгуулын лиценз нь ашиглалтын лицензээсээ 5-6 дахин их байж шинэ ордууд үүсдэг. Манайд энэ харьцаа урвуу хамааралтай болсон. Мөн улс төрийн болон янз бүрийн шалтгаантай хайгуулын ажил зогсонги байж ирсэн. Манай яам хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмыг баталж, Хууль зүй дотоод хэргийн яаманд хүргүүлсэн. Нийтээр дагаж мөрдөх журамд бүртгүүлснээр хайгуулын тусгай зөвшөөрлийг олгож эхэлнэ. Дэлхийн уул уурхайн хөрөнгө оруулалтын PDAC-ын чуулга уулзалтаас өмнө хайгуулаа нээж байгаагаа зарлана. Гуравдугаарт, алтны худалдан авалтын нэмэгдүүлэх, эрчимжүүлэхээр боллоо.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл: Том компани байлаа гээд хууль бус гүйцэтгэх ажиллагаа явуулж болохгүй
-"MCS" группын ажилтныг баривчилсан асуудал манай ажлын хэсгийн үйл ажиллагаатай ямар ч хамааралгүй. Нэр бүхий хүмүүс саатуулагдсан нь үнэн. Монгол Улсын хууль, хяналтын дагуу хууль хүчнийхэн гүйцэтгэх ажиллагаа явуулдаг. Энэ нь Монгол төрийн үндэсний аюулгүй байдлыг хамгаалах зорилготой. Гэтэл хувийн аж ахуйн нэгж хууль бусаар гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Төрийн нууцыг хууль бусаар олж авсан. Дэргэдээ тусгай байгууллагатай байсан гэсэн үг. Тиймээс энэ талаар шалгаж байгаа. Ямар ч том компани байлаа гээд хууль бусаар гүйцэтгэх ажиллагаа явуулж болохгүй. Төрийн нууц хуулиар хамгаалагдана. Хэн ч монгол төрийн нууц, хуулийн дээгүүр гарч гүйцэтгэх ажиллагаа явуулж болохгүй. Ер нь манай Ажлын хэсгийн үйл ажиллагаа тов тодорхой. Ухаахудагийг 2007 онд УИХ-ын тогтоолоор "MCS" группт өгөхдөө хууль зөрчсөн асуудал байна уу, ямар эрх мэдэлтнүүд оролцсон бэ гэдгийг шалгана. Хууль зөрчигдсөн нь тогтоогдвол тусгай зөвшөөрлийг нь цуцална. Стратегийн орд газар учраас хэнд эзэмшүүлэх вэ гэдгийг Монголын Улсын Засгийн газар, УИХ шийднэ.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн: Эрчим хүчний хөнгөлөлтийг 43 орчим тэрбум төгрөгийг сайдын багцаас гаргана
-Эрчим хүчний үнийг өртөгт нь ойртуулах шийдвэрийг Эрчим хүчний зохицуулах хороо гаргаж, 2024 оны арваннэгдүгээр сарын 16-наас мөрдсөн. Энэ асуудалтай холбоотойгоор иргэдээс Засгийн газрын 11-11 төвд 390 орчим гомдол ирүүлсэн. Гомдол ирүүлсэн хэрэглэгч нарын 90 орчим хувьтай нь уулзсан. Гомдол саналыг нэгтгэж, Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцууллаа. Засгийн газрын хуралдаанаас нэгэнт ийм шийдвэр гаргасан, шүүмжлэл гарсан учраас дараах өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ. Эхнийх нь уул уурхайн тарифыг 340 төгрөг буюу 16 хувиар нэмэгдүүлснээ хэвээр үлдээнэ. Аж ахуй нэгжийн тариф 222 төгрөг байсныг 291 төгрөгөөр хэвээр үлдээсэн. Ахуйн хэрэглэгчийн тухайд шөнийн цахилгааны хэрэглээг төрөөс дэмжлэг болгож өгдөг байсан. Хуучин 21:00 цагаас 06:00 цаг хүртэл 220 вольтын хэлхээгээр холбогдсон 700 кВт-аас дээш хэрэглээг 50 хувиар бууруулж байсан хязгаарыг 1500 кВт цаг болгон нэмэгдүүлсэн. Мөн өглөөний 06:00 цагт дуусдаг байсныг 09:00 цаг хүртэл сунгалаа. 380 вольтын сүлжээгээр холбогддог айлын тухайд шөнийн хэрэглээ нь 1500 кВт цагаас дээш гарвал 50 хувир хөнгөлдөг байсныг 3000 кВт цаг болгож, мөн өглөөний 09:00 цаг хүртэлх 3000 кВт- аас дээш гарсан шөнийн хэрэглээг 50 хувиар бууруулах өөрчлөлт оруулсан. Урьдчилсан байдлаар шөнийн хэрэглээ 33 орчим хувиар нэмэгдэх тооцоолол хийж байгаа. Энэ шийдвэрийг 2025 оны хоёрдугаар сарын 1-нээс нөхөн тооцож эхэлнэ. Гуравдугаар сард мөн энэ хөнгөлөлтийг үзүүлнэ. Ирэх өвөл буюу арваннэг, арванхоёрдугаар сард мөн энэ хөнгөлөлтийг үзүүлэхээр тооцсон. Дээрх хөнгөлөлтийг үзүүлэхэд 43 орчим тэрбум төгрөг шаардлагатай, энэ татаасыг Эрчим хүчний сайдын багцаас гаргана.
Л.Оюун-Эрдэнэ: Бид хоёр сонголттой туллаа
Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сайд нарт хандаж баялгийн сангийн хуультай холбоотойгоор байр сууриа илэрхийлжээ. Тэрээр “Баялаг бүтээх, баялаг ашиглах ялгаатай. Байгалийн баялаг ард түмнийх байх ёстой. Энэ бол баялгийн үр ашиг иргэдийн амьдралд хүртээмжтэй байхыг хэлнэ. Тиймээс Үндэсний баялгийн сан чухал байгаа юм. Та бид, манай Засгийн газар хоёр сонголтын өмнө ирлээ. Бид ард түмний хүсэл эрмэлзлийг ойлгож зоригтойгоор өөрчлөлтийг хийх, эсвэл ард түмэнтэйгээ хамт хувьсгал хийх хоёр сонголттой туллаа” гэжээ. Eрөнхий сайдын энэ үгнээс харахад Ухаахудаг тойрсон улс төр хөшигний ард ширүүн үргэлжилж байгаа бололтой.
Т.БАТСАЙХАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
