|
Видео

Шинэ мэдээ

Бөө нар жагсаад сүйдэлчих шахав

Бөө нар жагсаад сүйдэлчих шахавАрдчилал, хүний эрх ээ гэж мөн ч цадиггүй сайхан зүйл юм. Монголчууд үндсэндээ 1989 оны 12 дугаар сараас хойш л дургүйгээ хүрэхээр жагсаж, цагаан хоолой барин хашхичиж сурсан улс. Гэхдээ урьд нь жагсаалаар алхаж огт үзээгүй хэрэг биш л дээ. Тавдугаар сарын 1-ний хуйсагнуур салхитай өглөөгүүр, зуны найртай долдугаар сарын 11-нд, мөн өвлийн эхэн сарын жавар чих часхийлгэсэн 11 дүгээр сарын 7-нд ажлын газрынхан, дүүрэг, хороогоороо нийлээд жагсаалаар бишгүй л алхаж байсан.
 
Тэр үед гартаа цэцэг, улаан туг барьж, тухайн үедээ 5-6 настай байсан /одоо зарим нэг нь 30-40 нас зэрэгцэж яваа/ бал­чирхан үрсээ нуруундаа суулган "Майн 1 мандтугай, манай орон хөгжтүгэй. Социализм, коммунизм мандтугай ура, Марксизм, Ленинизмын бүрэн төгч ялалтын төлөө урагшаа, Октябрийн агуу их хувьсгал мандтугай ура” хэмээн хоолойгоо цахирттал хашхиралдаж явсан түүхтэй. 
 
 
Үүнийг тэрлэгч л ухаан гүйцэд суугаагүй, улаан бүчтэй пионер байхдаа сургууль дээрээ бөөн цагаан тоос босгон пижигнэлдэж, бас болоогүй гартаа урт хамартай хүний хошин зураг барьчихаад "Вьетнамаас савраа тат, Америкийн имперлизм сөнөтүгэй” хэмээн багшынхаа зааж өгсөн уриаг буруу, зөв хашхиран тэрүүхэндээ хөөрхөн улстөржиж явсан наргиантай түүх бий. 
 
Харин дараа нь 1990 онд жинхэнэ утгаараа цөс зориг нь бадарсан, юуны төлөө, яах гэж өвлийн тасхийм хүйтэнд толгойноосоо уур савсуулан жагсаж, хоолойгоо цахирттал хашхирч байгаа хүмүүсийг харж, дунд нь орчихоод пижигнэж л явлаа. Нэгэн удаа бүр тэр үедээ "том дарга” гэж ойлгосон нэгний тушаалаар цугласан олонд туг дарцаг, эсэргүүцлийн уриа лоозон тараагаад гүйж л явлаа. Тэр үед үзэж харж дунд нь хутгалдаж явсан жагсаал бол одоо бодоход жинхэнэ сэтгэлийнхээ дуудлагаар түрхрэлдсэн, уурлаж бухимдсан, уурсаж хорссон олны хилэнт жагсаал байж. 
 
Өчигдөрхөн Чингисийн талбайд бөө, удган, бас бус тэмцэгчид нийлж аваад ямар учиртай нь сайн мэдэгдэхгүй жагсаал ч юм шиг, бөөгийн дуудлага ч юм шиг, удгануудын цугларалт ч юм шиг жигтэй сонин үзэгдэл үзүүлээтэхэв. Бөө, удгануудын хэл ярианы байдлаас анзаарвал Хөвсгөл, Увс, Сэлэнгэ, Булган за тэгээд ойр орчмын бөө, удганууд харамгүй цугларсан бололтой. 
 
Тэдний дунд сэтгүүлч, тэмцэгч нэрээр олонд танигдсан Ч.Мөнхбаяр "Ноён уулаа аваръя” гэсэн пайз зүүчихсэн алхаж явсан бол Босоо хөх Монгол, Гал үндэстэн зэрэг холбооны залуучууд хас тэмдэгтэй туг далбаагаа намируулан Бөөгийн холбооны нөхөдтэйгөө тун чухал асуудал хэлэлцэж байгаа бололтой бөөгнөрч харагдсан. Хоёр эгнээ болон гудамлан зогссон ажиглагчид яг үнэндээ бөө, удганууд ямар зорилготой, хэнд хандаж бөөгийн цугларалт хийгээд байгааг ойлгосон юмгүй нэг нэгнээсээ " Энд юу болж байгаа юм. Н.Батбаяр, Д.Арвин гишүүн нар гарч ирж эдэнтэй нэгдэнэ гэсэн үү” гэлцэж байсан бол зарим нь бүр төөрөлдөж "Богд ууланд гарсан түймрийг унтраах гэж бөөлж байгаа юм уу” гэж байв. 
 
Эхэндээ би ч учрыг сайн ойлгоогүй гайхаад зогсож байтал Гал үндэстэн холбооны нэгэн чухал нөхөр "Сэлэнгэ аймгийн Мандал суманд орших Ноён уулын бүс дэх Гацууртын алтны ордыг стратегийн орд газар болгохыг эсэргүүцэж, бөөгийн зан үйл үйлдэж байна. Бөө нар сайн дураараа оролцож байгаа бөгөөд "Ноён” уулыг хөндвөл энгийн ардад гай зовлон нүүрлэж, 100 гаруй хүний амийг авч одсон гэнэтийн осол болно гэж хэлүүлснийг зарим удганы онгод сахиус нь сануулсан” гэлээ шүү. 
 
Удган, бөө нар ээлжлэн гарч ирж тэнгэр хангайг аргадах хэрнээ "Ноён уулаар оролдвол тэнгэр эцэг гэсгээнэ. Эцэг өвгөдийн онгод сахиусыг хилэгнүүлвэл засаг төр сайнаа үзэхгүй” хэмээн улстөржихийг нь ихэд аялгатай буултаас нь арайхийж л нэг юм ойлгоод "Өө хөөрхий одоогийн бөө, удган ч тун сүрхий улстөрждөг улс юм. Арайхийж нэг юм хамтарч аваад ганц нэг асуудлаа шийдэх гэж мунгинаж байгаа засаг төрөө тургиад бөөлчих вий дээ” гэж айх ч шиг болж байгаа юм. Тэгтэл Бөөгийн холбооны бас нэгэн бүдүүн дарга "Бид ирэх гуравдугаар сард Ноён ууланд очиж бөөлнө. Ам бүрийг нь онгод сахиустай болгоно. Ухаж төнхөж хөндсөн хүмүүсийг эцэг дээдсийн онгод сахиусууд гэсгээх болно” гэж хэлчихээд яваад өгөв. 
 
Тэгтэл тэрүүхэн зуур тэнгэр бүүдийгээтэхсэн чинь хажууд уухайлж зогссон нэгэн "За энэ олон бөө, удганы ид шид гарч эхэлж байна. Одоо удахгүй цас хялмаалах байх” гэлээ шүү. Нээрээ л цас хялмаалж сүйд болох юм болов уу гэсэн чинь тун удалгүй сааралтаж байсан тэнгэр цэлмээд явчихдаг юм байна. Харин нөгөө сүрхий уухайлагч бараа сураггүй болсон байв. 
 
Тэгтэл бөө, удгануудын энэ удаагийн жагсаал дуусч байгааг зарлаж "Байгаль дэлхий, эцэг өвгөдийн сүнс амгалан байх болтугай. Засаг төрийн шийдвэр мэргэн байх болтугай” гэснээр туг далбаагаа намируулан, унжлага сагсуургаа харшилдуулсаар бөө, удганууд цувралдан одов. Зарим бөө хувцас хэрэглэлээ тайлж дотуур нь өмссөн биеийн тамирын хувцасан дээрээ өдөн хүрмээ давхарлан өмсөж харагдав. 
 
Ер нь ингэхэд ямар учиртай, хэнд хандсан, ямар зорилготой бөөгийн жагсаал үзчихэв дээ, би. 
 
Эх сурвалж:

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler